Европын Холбоог Монгол Улсад төлөөлөх шинэ Элчин сайд Траян Лауренцю Христэаг хүлээж авч уулзлаа. Тэрбээр Монголд ирэхээсээ өмнө Армян, Казахстан зэрэг улсад ЕХ-ны Элчин сайдаар ажилласан туршлагатай, дээр нь Монголд сургууль төгссөн, монгол судлаач нэг үгээр биднийг сайн мэдэх хүн юм байна.
Элчин сайдтай хийсэн уулзалтаар Европын Холбооны дэмжлэгтэйгээр хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар ярилцаж, цаашид хамтран ажиллахдаа юун дээр түлхүү анхаарах талаар санал солилцлоо.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт Европын Холбооны дэмжлэгтэйгээр мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх, хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй, өндөр ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх, ажлын байр бий болгоход чиглэсэн төслүүд хэрэгжиж буй бөгөөд эдгээр төслийг эрчимжүүлэх, энэ чиглэлээр цаашид хамтын ажиллагааг нь үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж, төслүүдийн зарим нь хугацаа дуусч буй тул үргэлжлүүлэх тал дээр анхаарахыг Элчин сайдаас хүслээ. Мөн ЕХ-той байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн дагуу хэрэгжүүлэх бодлогын зээлийг ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд зарцуулах, тухайлбал, хөдөө орон нутагт сумын түвшинд ажлын байр нэмэгдүүлэх боломж хомс учраас манай яамнаас санаачлан хэрэгжүүлэхээр болсон хувь хүний ур чадварт түшиглэсэн ажлын байр, зохион байгуулалттай ажлын байрыг дэмжих, гэрээт малчин өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдэд дэмжлэг хэрэгтэй байгааг хэлсэн. Түүнчлэн мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын чанарыг сайжруулахын тулд багш нарыг чадавхижуулах, давтан сургахад дэмжлэг хүслээ.
Хөнгөлөлтийн ерөнхий систем буюу тогтвортой хөгжил, сайн засаглалыг дэмжих тусгай зохицуулалтын (GSP+) дагуу ЕХ-ны зах зээлд Монголоос 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг татваргүй нэвтрүүлэх боломжтой. Тиймээс Европын Холбооны зах зээлийн шаардлага, чанар, стандартад нийцсэн бараа бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэгдүүлэхийн тулд Монголд хэрэгжүүлж байгаа төслүүдийн уялдаа холбоог сайжруулж, мэдээллээр хангах зайлшгүй шаардлага байгаа юм. Энэ нь өндөр ур чадвартай мэргэжилтэй ажилтан бэлтгэх, ажлын байрыг бодитойгоор нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой тул хамтарч ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ.