Афины олимпод оролцох шигшээ багийн тамирчид бэлтгэлд гарахад өнөөдрийн ховор амжилтын эзэн, ховор тохиолдлын баатарууд гэлцдэг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, Х.Цагаанбаатар нар бие биеэндээ татагдсан гэдэг. Тэр цагаас хойш алдарт тамирчдын хайрын түүх эхэлж нэг гэр бүл болон одоо Ховор-Эрдэнэ хэмээх хөөрхөн хүүхдийн эцэг, эх болсон. Энэ түүхийг ярих болсон минь учиртай. Лондонгийн олимпын наадамд манай дөрвөн хос оролцож, бие биенээ хурцалж байна. Өчигдөрхөн /уржигдар/ жүдо бөхийн 73 кг-ийн жинд зодоглон монголчуудын медалийн салхийг хагалсан ОУХМ Г.Ням-Очирын найз бүсгүй маргааш эмэгтэйчүүдийн -78 кг-д өрсөлдөх ОУХМ П.Лхамдэгд гэдгийг уншигчид төдийлөн мэдэхгүй байх. Хаа явсан газартаа цуг явдаг хосууд маань энэ олимпод нэгэн зорилготой явсан. Тэр нь мэдээж, олимпоос медаль авах. Бүр цаашилбал олимпын аварга хэмээх эрхэм хүндтэй алдар. Г.Ням-Очирын хувьд хэдий нь зорилгоо биелүүлсэн учраас одоо найз бүсгүйнхээ тэмцээн уралдаанд анхаарлаа хандуулж байгаа нь дамжиггүй. Хосууд маань хоёулаа олимпын медалийг хүртээд хөтлөлцөөд ирэхийг үгүйсгэх аргагүй. Мөн жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-д ОУХМ Ц.Мөнхзаяа өөрийн нөхөр, шигшээ багийн дасгалжуулагч Х.Болдбаатарын хамтаар оролцож байна. Эхнэр нь ясны сайн, тамирчин нөхөр нь чамбай дасгалжуулагч. Тэд амжилт гаргана аа. Мөн дээр жишээ болгон дурдсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, О.Гүндэгмаа нар. Тэмцээний эхний өдрүүдэд Х.Цагаанбаатар жаахан азгүйтэж тэмцээнийг өндөрлүүлсэн бол эхнэр О.Гүндэгмаа нь хийн гар бууны 10 метрийн дасгалд оролцож амжилт тааруухан тэмцээнээ өндөрлүүлсэн. Түүний хувьд нөгөөдөр өөрийн үндсэн төрөл болох спорт гар бууны 25 метрийн дасгалд онч мэргэнээ сорих юм. Хүсч тэмүүлсэн олимпын наадмаа сэтгэл гундуухан орхисон Цагаанаа маань сэтгэл санаа өөдрөг байж, эхнэрээ хурцлах биз ээ. Хамгийн туршлагатай хосууд шүү дээ. Мөн хөнгөн атлетикийн марафон гүйлтийн төрөлд оролцох Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од өөрийн дасгалжуулагч, эхнэр О.Оюунтуяагийн хамтаар оролцоно. Тэдний хувьд олон ч тэмцээн уралдаанд хамтдаа оролцсон. Гавьяат маань амжилт бүрээ эхнэртэйгээ холбон тайлбарладаг юм билээ. Түүнчлэн чөлөөт бөхийн шигшээ багаас олимпын эрхээ хүртэн Лондонгийн олимпод оролцох гэж буй ОУХМ П.Өнөрбат, Монгол Улсын гавьяат тамирчин О.Насанбурмаа нар мөн л хосууд. Хэрвээ О.Насанбурмаа маань сонгон шалгаруултад тэнцээд Лондонгийн олимпод оролцох байсан бол манай таван хос гэж хэлүүлэх байлаа. Гэхдээ л сайхан юм. Тамирчдын зорилгоо тодорхойлдог, хүн төрөлхтний хүсч хүлээдэг олимпын наадамд хосоороо оролцоод л, бие биенээ хурцлаад амьдрал, амжилтын төлөө хамтдаа зүтгээд л...