МҮЭХ-ноос Засгийн газрын цалин нэмэгдүүлэх чиглэлээр гаргасан, нийгмийн түншлэл, гэрээ хэлэлцээрийн зарчмыг зөрчсөн, ҮЭ, ард иргэдийнхээ саналыг үл тоомсорлосон шийдвэрийг хүлээн авах боломжгүй, ажил хаялтыг эхлүүлэх болсноо өнөөдөр /8.23/-ны 11.00 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат хэлэхдээ,
-Засгийн газрын байр суурийг бид хүлээж авах боломжгүй гэдгээ өмнө нь хэлж байсан. Мөн Засгийн газар хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хэлэлцээр үр дүнд хүрэхгүй байгаад санаачилгатай ажиллахгүй байгааг ч анхааруулсан.
Гэтэл Засгийн газар дангаараа цалин нэмэх шийдвэр гаргалаа. 2018 онд урамшуулал хэлбэрээр олгох байсан 56 тэрбум төгрөгийг төрийн нийт албан хаагч нарт хувааж 8-30 хувийн нэмэгдүүлнэ гэх шийдвэр гаргажээ.
Энэ шийдвэрийг МҮЭ-ийн холбоо хүлээж авах боломжгүй. Боловсрол, эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн гишүүд 9 дүгээр сарын 3-нээс ажил хаях шийдвэртээ хэвээрээ байгаа.
Бид Засгийн газраас Төсвийн тодотголоо хий, ОУВС-гийн зөвлөмжийн дагуу тэвчиж болох зардлаа тана гэдгийг удаа дараа шаардаж байгаа.
Урамшуулал хэлбэрээр олгох ёстой хөрөнгийг ийнхүү хувааж байгаа нь харамсалтай байна.
Цалингийн нэмэгдэл 8 хувь гэдэгт ганц л тоо хэлье. 2018 оны инфляцийг дөнгөж хаах уу үгүй юу гэдэг тоо. Зөвхөн валютын ханш, төгрөгийн худалдан авах чадварыг аваад үзэхээр 2014 оны тавдугаар сарын 1-нээс өнөөдрийг хүртэл төгрөгийн ам/доллартай харьцах ханш 37.5 хувиар унасан.
37.5 хувиар цалин нэмж байж бодит худалдан авах чадварыг хадгалж үлдэнэ гэсэн байр суурьтай. Хэрэглээний үнийн индексийг авч үзэхээр 30 мөн хувиар нэмэх шаардлагатай. Иймд бид гишүүд, идэвхтэн сонгуультнуудынхаа шаардлагаар хамтын маргаанаа үргэлжлүүлэх болно гэв.
МБШУ-ны ҮЭ-ийн холбооны дарга Ж.Батзориг:
-Өнгөрсөн хавар багш нарын тэмцэл эрчимтэй өрнөж байхад Засгийн газраас ҮЭ-д хэд хэдэн санал тавьсныг бид хүлээж авч, тэмцлийн үйл ажиллагаагаа хойшлуулсан. Анги дэвшилт, элсэлтийн шалгалт зэрэг олон ажил давхцдаг учраас хүлээцтэй хандсан. Үүнийг төр засаг хайхарч үзэхгүйгээр ийм шийдвэр гаргасанд боловсрол, шинжлэх ухааны салбарынхан уур бухимдалтай хүлээж авч байна. Иймээс бид 9 дүгээр сарын 3-наас ажил хаяна.
Засгийн газар дангаараа ийм шийдвэр гаргасан нь үнэхээр болчимгүй үйлдэл.
Нэмэлт хэлэлцээрээр гаргасан шийдвэрээ “гал унтраах” байдлаар ашиглаж, 30 хүртэл хувиар цалин нэмсэн мэтээр олон нийтийг төөрөгдүүлж, бидний тэмцлийг зогсооно гэвэл боломжгүй асуудал.
МЭМАҮЭХ-ны дарга Б.Мягмар:
-Сувилагч нарын цалинг 20-30 хувь нэмж байгаа нь чамгүй амжилт. Гэвч болоогүй. Эмч нарын цалинг хэдэн хувиар, хэдийнээс эхэлж нэмэх нь тодорхойгүй байна. Эмэгтэйчүүдийн сувилагч, ахлах сувилагчдын цалинг нэмүүлэх асуудал тусгагдаагүй. Эмч нарын цалинг хэзээнээс шатлал нэмэгдүүлэх нь тодорхойгүй байна. Энэ шийдвэр тодорхой болох асуудлыг харзнаж байж бид ажил хаялтад нэгдэх эсэхээ шийднэ. Хэрвээ тодорхой хариу өгөхгүй бол бид ажил хаяхаар болоход тийм ч их хугацаа орохгүй. Гурав хоногийн өмнө мэдэгдсэн байхад л болно. Бид боловсролын салбарынхны ажил хаялтыг дэмжиж байна.
Цаашдаа монголчууд цалингаараа сайхан амьдардаг болох хүртэл бид тэмцэнэ. Монгол Улсад хөдөлмөрийн мөлжлөгийг зогсоох ёстой.
МААХҮЭ-ийн холбооны дарга М.Алтанцэцэг,
-Үйлдвэрчний эвлэлийг хуурсан шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Соёл урлагийн салбарын үйлдвэрчний эвлэл боловсролын салбарын ажил хаялтад нэгдэх эсэхээ дараа долоо хоногт шийдвэрлэхээр боллоо. Засгийн газар шийдвэрийг дангаар гаргаж байна. Гурван талт хэлэлцээр хийж, тэрний үр дүнд асуудлыг шийдвэрлэдэг байх ёстой.