Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.НУРГУЛ: ЗЭЭЛ ОЛГОХООС ӨМНӨ ХҮҮГ УРЬДЧИЛАН СУУТГАХЫГ ХОРИГЛОСОН

Энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Төв банкны тухай хуулийн 5.7-д Банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах тухай заалт шинээр орсон. Энэхүү заалттай холбоотойгоор Монголбанк “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-ыг өнгөрсөн 7 сарын 23-нд шинэчлэн батлан мөрдүүлж байгаа юм. Энэ талаар Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн М.Нургултай ярилцлаа. 

-Шинээр мөрдөгдөж эхэлсэн “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам” иргэдэд ямар давуу тал олгож байгаа вэ?

-Журам хэрэгжсэнээр иргэд мэдээллээр хангагдах давуу тал бий болж байгаа. Хэдийгээр өмнө нь уг журмын дагуу мэдээлэл авах эрхтэй байсан ч одоо илүү бодитой хэрэгжих нөхцөл бүрдэж байна. 

Тухайлбал, хадгаламжийн хүүг жилээр зарлаад, зээлийн хүүг сараар зарладаг байсныг жилээр нь зарладаг болгож байгаа. Жишээ нь өрхийн хэрэглээний зээлийн сарын дундаж хүү 2-2.5 хувьтай байдаг. Бага мэт сонсогдож байгаа ч жилээр нь тооцоод үзэхээр 24-30 хувь. Иргэд энэ тоог анзаарахгүйгээр 2.5 гэдгээр нь хардаг. Гэтэл хадгаламжийн хүүг харьцуулаад үзэхээр хамгийн дээд тал нь жилийн 13-15 хувь байх жишээтэй. Хэрэв зээлийн хүүг жилээр нь  мэдээлбэл иргэд илүү анхааралтай хандаж, мөнгө зээлэх үү, мөнгөө хадгалуулах уу гэдэг сонголт хийх боломжтой болно. 

-Тэгвэл банкуудын зүгээс журмыг ямар байдлаар хэрэгжүүлж байгаа вэ?

-Банкууд хүү, шимтгэлийн хэмжээндээ өөрчлөлт хийвэл шууд тухайн өдөртөө цахим хуудсандаа мэдээллээ шинэчилж оруулах юм. Хоёрдугаарт, 100 сая ба түүнээс доош дүнтэй зээл гаргахаасаа өмнө нийт зээл болон хүү, шимтгэлд хэдэн төгрөг төлөх, бодит өртөг ямар байх талаар үйлчлүүлэгчдэд танилцуулж, мэдээлэл өгнө гэсэн үг.

-Бодит өртөг гэдгийг та дэлгэрүүлэхгүй юу. Хэрэглэгчээс зээлтэй холбоотой гарах зардлыг хэлж байна уу, эсвэл зөвхөн хүү, шимтгэлийг тооцсон гэсэн үг үү?

-Бодит өртөг гэдэг нь зээлийн зарласан хүү, шимтгэл, хураамж бусад нэмэлт зардлыг багтаасан дүнг жилийн хувиар илэрхийлсэн үзүүлэлт юм. Жишээ нь, хэрэглээний зээлийн жилийн дундаж хүү нь 30 хувь гэж бодвол бодит өртөг шингэхээр жилийн 31.19 болно. Тиймээс банкууд 100 сая хүртэлх зээл авч байгаа бүх үйлчлүүлэгчиддээ дээрх мэдээллийг танилцуулах үүрэгтэй болж байна.

-Журмаар өөр ямар шинэчлэлүүдийг хийж байна вэ?

-Зээлийн гэрээний үсгийн шрифтийг  “9”-с багагүй хэмжээтэй байлгах  тухай багтаасан. Хэтэрхий жижиг үсгээр бичсэн нь хэрэглэгчдэд тухайн гэрээг уншиж, ойлгоход хүндрэл учруулдаг шүү дээ.  Түүнчлэн гэрээний бүрэлдэхүүнээр зээлийн мэдээллийг зээлдэгчид бүрэн гүйцэд тайлбарлан өгч, хоёр тал гарын үсгээр баталгаажуулж байхаар болсон. 

Эдгээр өөрчлөлт зөвхөн зээл авч байгаа бус, хадгаламж нээлгэж байгаа иргэдэд ч ялгаагүй үйлчилнэ. Жилийн хүү нь ямар байх, хадгалуулсан мөнгөө урьдчилаад авахад хүү нь хэд болон өөрчлөгдөх зэрэг мэдээллийг урьдчилж танилцуулах үүрэгтэй. Ингэснээр иргэд хадгаламжаа хугацаанаасаа өмнө цуцалснаар хүү нь хэд болох талаар эрсдэлээ бодож хадгаламжийн бүтээгдэхүүнээ сонгох нөхцөл бүрдэнэ. 

Мөн банк харилцагчид зээлийн үндсэн төлбөрийг хугацаанаас нь өмнө хэсэгчлэн төлөх тохиолдолд зээлдэгчийн төлөх хүүгийн хэмжээ, зээлийн хугацаанд орох өөрчлөлтийг тайлбарлахаар байгаа.

-Иргэд иймэрхүү мэдээллийг хаанаас авах боломжтой вэ. Заавал банкин дээр очиж, судлах шаардлагатай юу?

-“Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-ын дагуу Монголбанк цахим тооцоолуурыг боловсруулах ажлыг эхлүүлж байгаа. Иргэд Монголбанкны вэб сайт руу ороод өөрийн авч буй зээлийнхээ хүү, бодит өртөг зэргийг тооцоолон үзэх боломжтой болно гэсэн үг. Мөн одоогийн байдлаар  Банкны хүү шимтгэлийн мэдээллийг Монголбанкны цахим хуудасны статистик цэсний банкны хүү, шимтгэл, хураамжийн мэдээлэл хэсэгт байршиж байна.   Дээрх хэсгээс иргэд аль ч банкны хадгаламж, зээлийн хүү, хураамж, шимтгэлийн талаарх мэдээллийг авч болно. Мэдээлэл нь сар болгон шинэчлэгддэг. 

-Иргэдийн санхүүгийн боловсролыг сайжруулах чиглэлээр энэ журамд орсон зүйл бий юү?

-Банкууд жилд хоёроос доошгүй удаа иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, суурь ойлголт өгөх, тухайн бүтээгдэхүүний сул болон давуу тал, хүү тооцоолох аргачлал гэх мэт танин мэдэхүйн чиглэлээр цахим болон биечилсэн сургалтууд явуулах тухай журамд заасан. Төв банк эл журам хэрхэн хэрэгжиж байгаа талаар жилдээ нэгээс доошгүй удаа газар дээрх шалгалт хийнэ. Шалгалтын үндсэн дээр зөвлөмж, үүрэг, даалгавар өгнө. 

-Иргэдээс ирдэг гомдлын нэг нь тэтгэврийн зээл авахад хүүг нь урьдчилаад зээлээс нь суутгаж авдаг тухай. Энэ талаар “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-д ямар нэгэн заалт орсон уу?

-Яг энэ асуудлыг тусгасан. Иргэдэд олгосон зээлийн хүүг олгох зээлийн дүнгээс суутгах эсэхүл ирээдүйд хуримтлуулах хүүг зээл олгохоос өмнө урьдчилж төлүүлэхийг хориглосон байгаа.

-Энэ заалтыг хэзээнээс хэрэгжиж байгаа гэж ойлгох вэ?

-Журам батлагдсанаар буюу 7 сарын 23-наас хэрэгжиж эхэлсэн гэсэн үг. Журмыг Монголбанкны цахим хуудсанд байршуулсан бөгөөд банкуудад албан ёсоор хүргүүлж, хэрэгжүүлж ажиллахыг даалгасан байгаа.

-Хэрэв банкууд энэ заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа бол ямар арга хэмжээ авах вэ?

-Хэрэгжүүлэх тал дээр эрх зүйн зохицуулалтыг мөн хийгдсэн. Банкууд иргэдийн санал, гомдлыг шийдвэрлэх бүтэцтэй байх талаар журамд зааж өгсөн. Тэгэхээр банк журам хэрэгжээгүйтэй холбоотой санал гомдлыг түргэн шуурхай, үр дүнтэй, хянан шийдвэрлэх бүтэцтэй байна гэдэг нь гомдлыг хүлээж аваад шийдвэрлэнэ гэсэн үг.

-Хариуцлагын тухайд?

Дээрх журмын заалттай холбоотой маргааныг талууд харилцан тохиролцож шийдвэрлэх бөгөөд нэгдсэн шийдвэрт хүрээгүй тохиолдолд Монгол улсын шүүхээр шийдвэрлүүлнэ. Хэрвээ зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.

-Иргэдээс ирдэг бас нэг гомдол нь банкууд хүчээр даатгалд хамруулж байна гэдэг яриа. Энэ асуудлыг хэрхэн зохицуулж байна вэ?

-Уг журмаар банкууд даатгалын үйлчилгээ санал болгохдоо зах зээлийн үнэлгээтэй нийцсэн үйлчилгээ санал болгох юм. Нэг бол үйлчлүүлэгчид сонголтоо хийж бас болно.

Бас нэг зүйлийг дурдахад банкууд хүү, шимтгэл, зээлийн тухай мэдээллүүдийг урьдчилж буюу зээлийн судалгаа хийхээс өмнө танилцуулах ёстой. Хэрэв шимтгэлд өөрчлөлт гарвал тайлбарлаж өгөх үүрэгтэй.

-“Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам” том зургаараа ямар давуу талыг бий болгон гэж харж байгаа вэ?

-Эл журам хэрэгжсэнээр иргэдийн зээл, хадгаламжийн хүүний талаарх мэдээлэл нэмэгдэж, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашиг хамгаалагдана. Цаашлаад банкны санал болгож байгаа бүтээгдэхүүний талаар ойлголт сайтай болох юм. Энэ нь бодлого боловсруулагч бидний хувьд хамгийн гол зүйл болох олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх буюу иргэд бодит мэдээлэл дээр суурилан сонголтоо хийх нөхцөлийг бүрдүүлэхэд түлхэц болно гэж харж байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан