2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Засгийн газрын 212 дугаар тогтоолоор үндэсний хэмжээнд “Мах, сүүний анхдугаар аян”-ыг өрнүүлэхээр шийдвэрлэсэн. 2020 он хүртэл хэрэгжих, 5 зорилт бүхий уг аяныг хэрэгжүүлэхээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам төлөвлөгөө гаргаж, тодорхой 50 ажил, арга хэмжээг улс орон даяар өрнүүлж байгаа юм. Тухайлбал “Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд сүүний боловсруулах үйлдвэрүүдийг түүхий эдээр тогтвортой хангах, сүүний чиглэлийн эрчимжсэн аж ахуйг дэмжих зорилгоор сүүний хөргөлтийн танк 10, цахилгаан хөдөлгөөнт саалтуур 144 нийт 154 ширхэг төхөөрөмжийг сүүний чиглэлийн эрчимжсэн үхрийн аж ахуй эрхлэгчдэд 30 хувийн урьдчилгаа төлбөртэй, урт хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлөөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Мал хамгаалах сангаар дамжуулан олгох ажлыг зохион байгуулж байна.