Шүлхий, шувууны томуу зэрэг хил дамжин халдварладаг өвчин. Уг өвчнийг эрт илрүүлэх, шуурхай арга хэмжээ авах, улмаар эдийн засагт шууд болон шууд бус хохирол учрахаас урьдчилан сэргийлэх нь чухал. Мал, амьтны аливаа өвчнийг хугацаа алдалгүй эрт илрүүлэхийн тулд тухайн улсын лабораторийн чадавх, хүчин чадал сайн байх ёстой.
Тиймээс ч Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр Япон Улсын мал, амьтны эрүүл мэндийн хүрээлэн, Хоккайдогийн их сургуультай хамтран 2016 оноос эхлэн хоёр жилийн хугацаанд "Лабораторийн чадавхийг сайжруулах ихэрлүүлэх хөтөлбөр"-ийг хэрэгжүүлжээ. Хөтөлбөрийн үр дүнд Монгол Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн үйл ажиллагаа олон улсын жишигт хүргэсэн гэдгийг энэ сарын 21-нд болсон тус хөтөлбөрийн хаалтын хурлын үеэр Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал эмнэлгийн эрүүл ахуй, баталгаажуулалтын газрын дарга Б.Батсүх онцоллоо.
Мал эмнэлгийн эрүүл ахуй, баталгаажуулалтын газрын дарга Б.Батсүх
Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори нь 70 жилийн түүхтэй. Зургаан тасагтай, 52 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Мал, амьтны гоц халдварт, халдварт, шимэгчтэх өвчнийг оношлох, тандах, экспорт, импортын малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд шинжилгээ хийж, хариу өгөх чиг үүрэгтэй байгууллага юм. Тус лаборатори хөтөлбөр хэрэгжихээс өмнө шүлхий өвчнийг оношлоод, Олон улсын лавлагаа лабораторид хүргүүлж, баталгаажуулсны үндсэн дээр эцсийн хариу гардаг байсан.
Тэгвэл одоо Олон улсын лавлагаа лабораторийн түвшинд, өөрийн лабораторидоо шүлхий өвчнийг цаг алдалгүй, эрт илрүүлж, шуурхай хариу арга хэмжээ авах чадавх, боломжтой болж байна. Үүнээс гадна өвчний голомт, үүсгэгчийг тодорхойлж, үүсгэгчид тохирсон вакцин хэрэглэх, вакцины чанар, үйлчлэлийг шалгах боломжтой боллоо. Мөн дээр дурдсан хөтөлбөрийн хүрээнд 21 аймаг, нийслэлийн 140 гаруй малын эмч, мэргэжлийн хяналтын байцаагч, сум, орон нутгийн мал эмнэлгийн хувийн нэгжийн эмч нарыг шүлхий өвчнийг эрт илрүүлэх, оношлох, дээж авч шинжилгээнд явуулах зэрэг сургалтад хамруулсан гэдгийг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн захирал Б.Ганзориг хэлж байна.
Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн захирал Б.Ганзориг
Монгол Улс Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын гишүүнээр 1989 онд элссэн. Тус байгууллагын экспертийн баг өнгөрсөн хугацаанд дөрвөн удаа Монголд ирж, манай улсын мал эмнэлгийн салбарынн хууль эрх зүйн орчин, бодлого, төлөвлөлт, хүний нөөцийн чадамж, санхүүгийн боломж, мал эмнэлгийн тогтолцоо, лабораторийн чадавх зэрэг чиглэлээр судалгаа хийжээ. Судалгаанаас гарсан зөвлөмжийг удирдлага болгон Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг боловсруулж батлуулсан байдаг. Ийнхүү харилцаа, хамтын ажиллагаа мал эмнэлгийн чадавхийг сайжруулах хүрээнд улам батжин бэхжлээ.
Монгол Улсын мал эмнэлгийн лабораторийн практикт эрт илрүүлэг, шуурхай оношилгооны чиглэлээр мэдээлэл, технологийг нэвтрүүлснээр шүлхий өвчний тархалтыг бууруулах, таслан зогсоох, улмаар өвчнөөр тайван бүс гэдгийг олон улсад зарлах нөхцөл бүрдэж байна. Энэ нь мал, амьтны эрүүл мэндийг хамгаалж, эдийн засагт шууд болон шууд бус учрах хохирлыг бууруулан, мах, махан бүтээгдэхүүний экспорт нэмэгдэх боломжтой гэж Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын зөвлөх, доктор Казүо Ёшида хэллээ.