Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

​Д.Ганмаа: Хүн болгон амьдран сурч байгаа орчноосоо үл хамааран эрүүл амьдрах хэрэгтэй




                                                                
                                                                      Ярилцсан: itoim.mn  Э.МӨНХЦЭЦЭГ


Манай сайт “Дэлхий Монгол” булангийнхаа ээлжит зочноор Харвардын Анагаах Ухааны Их Сургууль, Харвардын Нийгмийн Эрүүл мэндийн Их Сургуулийн багш, дэд профессор Д.Ганмааг урьж ярилцлаа. Бидний яриа монгол хүний эрүүл мэнд, хувь хүний хөгжлийн талаар өрнөлөө.

Нэгдүгээр эмнэлгийн асрагчаас Харвардад хүрсэн түүх

-Юуны өмнө ярилцлагын урилга хүлээн авсан танд талархлаа. Уншигчид маань таныг Харвардад багшилдаг гэдгээр илүү таних болов уу. Таны Харвардын их сургуульд суралцахаас эхлээд багшлах хүртэлх ажил, амьдралын түүхээс ярилцлагаа эхэлье.

-Нийслэлийн 23-р сургуулийг төгсөөд тухайн үеийн АУДС-д элсэн орсон. Тэр үед элссэн эхний жилээ бэлтгэл анги буюу хичээлийн хажуугаар эмнэлэгт асрагчаар ажиллах ёстой байдаг байсан. Энэ утгаараа би Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн 00-ийн өрөөний асрагчаас ажил амьдралын гараагаа эхэлсэн гэж хэлж болно. АУДС дээр хичээлдээ сууна, дээр нь асрахын хичээлийн хүрээнд эмнэлгийнхээ асрагч сувилагч нарт “хүнд өвчтөн асрах, мэс заслын дараах өвчтөний асаргаа сувилгаа” чиглэлээр хичээл ордог байлаа. Одоо бодоод байхад энэ нь онол, практикийг хослуулан  боловсон хүчнээ системтэй бэлдэж, хүмүүст ажлаа ойлгож мэдрэх, цагаа зөв зохицуулах, хүмүүстэй харилцаж сурах гээд олон талын чадвар суулгадаг үр дүнтэй систем байж. Анагаах төгсөөд цэргийн эмнэлэгт эмчээр ажиллаж байгаад Японы засгийн газрын Монбуши тэтгэлгээр Япон улсад суралцаж, анагаах ухааны докторын цол хамгаалаад, АНУ-ын Харвардын Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн докторын дараах сургалт дүүргээд Харвардын анагаах ухааны сургууль, Харвардын Нийгмийн эрүүл мэндийн сургуульд одоо 14 дэх жилдээ ажиллаж байна.

-Монголчуудын хувьд холын мөрөөдөл гэгддэг байсан Харвардад нэг үеэ бодвол олон залуус суралцаж төгсдөг болсон, суралцахыг хүсдэг нь олон бий. Багшилж байгаа хүнээс асуухад Харвардад тэнцэх гол шалгуур нь юу байдаг вэ?

-Харвардад тэнцэх шалгуур нь ерөнхий мэдлэг, хэлний түвшин онц байх нь ойлгомжтой. Гэхдээ миний ажигласнаар тухайн хүн нас залуу боловч нийгэмд хэрэгтэй, жижиг гэлтгүй сайн санааны зөв үйлс бүтээх ажилд өөрийн хувь нэмрээ хэрхэн оруулсан байх нь маш чухал. Жишээ нь, судалгаа шинжилгээний ажилд сайн дураар оролцож байсан, идэвхи санаачилга, туршлагатай, цаашид олон нийтийн тусын тулд сайн дураараа болон мэргэжлийн хувьд хувь нэмэр оруулах тодорхой зорилготой байх нь их чухал байдаг.

-Монгол Улс бусад улстай харьцуулахад хүн амын тоо бага. Гэтэл дэлхийд цусны харвалт, хорт хавдар, халдварын гаралтай өвчлөл, нас баралтын түвшингөөр тэргүүлж байна.  Үүнд юу голлон нөлөөлж байна гэж Та боддог вэ?

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) тооцоогоор 2016 оны байдлаар Монголчуудын амь насанд заналхийлэгч гол өвчнүүд нь (1) Зүрх судас, даралт, цус харвалт; (2) Элэг, ходоод гэдэсний хавдар; (3) Амьсгалын замын халдварт өвчин, сүрьеэ зэрэг оржээ. Эдгээр өвчнүүдэд өртөх болсон шалтгаанууд нь:

1.Зохисгүй хооллолт

2.Цусны өндөр даралт

3.Архи, тамхи, эмийн хэт хэрэглээ

4. Tаргалалт

5.Эрүүл биед шаардлагатай эрдэс бодис, амин дэм, шим тэжээлийн дутагдал

2015 oны ДЭМБ-н судалгаанд Монгол эрчүүдийн 75, эмэгтэйчүүдийн 79 хувь жингийн илүүдэлтэй гэж дурджээ.

-Эдгээр өвчлөлөөс монгол хүн урьдчилан сэргийлж, эрүүл байхын тулд хамгийн түрүүнд юу хийх, хэрхэн амьдрах ёстой гэж боддог вэ?

-Зөвхөн зөв хооллож, биеийн тамираар хичээллэснээр халдварын тохиолдлыг 40 хувь, зүрх судасны өвчин, цус харвалт, чихрийн шижингээс шалтгаалан цаг бусаар нас нөгцөх эрсдэлийг 80 хувь бууруулж болох нь байна.

Хүн ер нь амьдран суугаа газар орон, цаг агаар, зан заншил, эрхэлж буй ажил хөдөлмөрөөсөө шалтгаалан өөрт хэрэгтэй шим тэжээл, уураг, өөх тос, амин дэм агуулсан хоол тэжээлийг хэрэглэх шаардлагатай.  Жилд нэг удаа бие дэх эрдэс бодисын хэмжээг шинжилгээгээр тодорхойлуулах мөн хүнсэндээ хэрэглэж буй бүтээгдэхүүний дээрх бодисын агууламжийг мэдэх нь маш чухал.

Д аминдэмийг мэргэжлийн бус хүнээр өндөр тунгаар тариулж огт болохгүй

-Монголд нийгмийн эрүүл мэндийн боловсрол ямар түвшинд байна гэж хардаг вэ. Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хүн амын эрүүл мэндийн мэдлэг чухал шүү дээ?

-Шуудхан хэлэхэд, хүний эрүүл амьдрах эсэх нь төр засаг ч юм уу хэн нэгэн эмч, эмнэлгээс бус өөрөөс нь голлон шалтгаалдаг гэдгийг бид ухамсарлах хэрэгтэй. Наад зах нь жил болгон шаардлагатай үзлэг шинжилгээг хийлгэх, эрүүл саруул удаан аж төрөхийн тулд өөртөө анхаарч эрүүл амьдралын хэв маягтай болох, эрүүл мэндийн мэдлэг боловсролтой болох нь чухал юм. Гэхдээ мэдээж нийгмийн хүчин зүйл, орчин нөхцөлөөс шалтгаалан төр засгийн бодлого, хууль дүрэм журмаар хамгаалагдсан байх ёстой. Манай сургуулийн гадаа хананд дэлхийн таван гол хэл дээр “Хүн болгон амьдран сурч байгаа орчноос үл хамааран эрүүл амьдрах эрхтэй” гэж хүний үндсэн эрхийг тодорхойлсон байдаг.

Монголдоо арав гаруй жил эрүүл мэндийн чиглэлээр судалгаа хийлээ. Монголчууд бидний эрүүл мэндийн мэдлэг үнэхээр сул байна. Наад зах нь вакцин болон витамин, вирус болон бактери, ашигтай болон ашиггүй бактерийн хоорондын ялгааг ч мэдэхгүй төрийн байгууллагууд байгааг хараад харамсдаг. Энэ бол ерөнхий боловсролын сургуульд зайлшгүй мэдсэн байх ёстой энгийн л мэдлэг. Харин энэ жилээс ЕБС-д эрүүл мэндийн хичээл орох болсонд их олзуурхаж байгаа. Энгийн иргэд эрүүл мэндийн мэдлэг муутай байгааг ойлгож болох ч мэргэжлийн хүмүүс судалгаа шинжилгээг бүрэн ухаж ойлголгүйгээр өөрийн болон бусдын эрүүл мэндийг хохироож байгааг харахад аймшигтай санагддаг. Намайг анх Монголд судалгаагаа эхлүүлж байх үед Д аминдэмийн талаар ярихад хүмүүс нялхсын дунд л Д аминдэмийн дутагдал байдаг гэсэн ойлголттой байсан тул төдийлөн сонирхдоггүй байсан. Харин одоо хүмүүс Д аминдэмийн ач холбогдлыг харьцангуй сайн ойлгодог болжээ. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр мэргэжлийн болон мэргэжлийн бус хүн бүр Д аминдэмийг ярьж зөвлөж, өөртөө болон өвчтөндөө Д аминдэм маш өндөр тунгаар тарьж байгаа эмч нар ч харагдах боллоо. Д аминдэм нь 2-3 долоо хоногт хагас задралын хугацаатай тул өндөр тунгаар тариулах нь нэгдүгээрт ашиггүй, хоёрдугаарт хордлого болох цаашлаад өөр бусад эд эрхтнийг гэмтээх аюултай. Манай хийсэн аль ч судалгаанд өндөр тунтай тариулахыг зөвлөөгүй гэдгийг энэ завшааныг ашиглан анхааруулмаар байна.

-Таны хувьд Харвардад багшлахын зэрэгцээ Монгол улс руугаа чиглэсэн нэлээдгүй олон ажлуудыг хийсэн харагддаг. Хийсэн судалгааны бүтээлүүдээсээ товч дурдвал?

-Харвардад багшлахын зэрэгцээ Монголдоо тодорхой хэмжээнд эрдэм шинжилгээ судалгааны дэд бүтэц бий болгосон тул түүн дээрээ суурилан “Монголын эрүүл мэндийн үүсгэл” НҮТББ (MHI) байгуулж 2015 онд Харвардын албан ёсны судалгааны нэгж гэсэн статустай болсон. MHI байгууллагынхаа эрч хүчтэй хамт олны хүчээр өнгөрсөн 14 жилийн хугацаанд Харвардын эрдэмтдээс гадна Монгол дахь хамтрагч байгууллагууд болох ЭМЯ, БСШУСЯ, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Анагаах ухааны хүрээлэн, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, ХӨСҮТ, Хавдар судлалын төв, АШУҮИС, МУИС, ШУТИС, аймгуудын эрүүл мэндийн газар гэх мэт маш олон байгууллага, эрдэмтэн судлаачдын дэмжлэгтэйгээр нийт 12 эрдэм шинжилгээ судалгааны бүтээлүүдийг гаргаж олон улсад хэвлүүлэн үр дүнтэй хамтран ажиллаж чадсандаа бахархдаг.  

Анх 2004 онд “Сургуулийн насны хүүхдүүдийн өсөлт хөгжилтөд Д аминдэмийн нөлөө” гэсэн судалгааг хийсэн. Судалгааны үр дүнд Д аминдэм уусан хүүхдийн дунд өсөлт хөгжилт сайн байсан тул Сургуулийн насны хүүхдүүдийг Д аминдэмийн дутагдлаас гаргахад Д аминдэмийн бэлдмэлүүд болон баяжуулсан сүү хэрхэн нөлөөлж байгааг харьцуулан судалсан. Улмаар 2008 онд нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дааврын хэмжээ, 2009 онд нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн Д аминдэмийн түвшинг тодорхойлох судалгааг тус тус хийсэн.  Д аминдэмийн дутагдлыг нөхсөнөөр хүний дархлаа сайжирч, хүүхдийн хэвийн өсөлт хөгжиж тогтворжиж байсан. Нэг үгээр хэлэхэд, эдгээр судалгаануудын үр дүнг харахад Их Британи, Испани, Голланд, Швед, Израиль, Итали, Канад, Шинэ Зеланд, Бельги, Финланд, Польш, Япон, АНУ гэх мэт олон улсын эрдэмтэдтэй хамтран хийсэн бидний судалгааны үр дүнгээр Д аминдэм нь ханиад, амьсгалын дээд замын цочмог халдвараас 50 хувь урьдчилан сэргийлдэг гэдэг нь батлагдсан. (BMJ 2016). Мөн сүрьеэ өвчтэй хүмүүст Д аминдэмийг нэмэлтээр өгөхөд эдгэрэлт сайжирч, сүрьеэгийн эмийн хор нөлөөг бууруулсан маш сайхан үр дүн гарч энэ ажил маань AJJJCRM дээр хэвлэгдсэн. Мөн Д аминдэм нь сүрьеэгийн эсрэг чухал нөлөөтэй нь батлагдсан. (Atopic Dermatitis) өвчинд витамин Д хэрхэн нөлөөлдөг талаар мөн судалж үзсэн. Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төвийн өвчтэй 2-17 насны хүүхдүүдэд өвлийн улирал 1,000 олон улсын нэгжээр Д витамин өгөөд судлахад арьс харшлын өвчний идэвхжлийг бууруулаад байх боломжтой гэсэн сайн үр дүн гарсан. 2010 онд Д аминдэм нь сүрьеэгийн эсрэг төрөлхийн дархлаажилтад нөлөөлөх нь тандалт судалгаа, сүрьеэгийн эсрэг эмчилгээнд Д аминдэмийг хавсарч хэрэглэх нь судалгааг хийхэд  Монгол Улсын насанд хүрэгчдийн дунд Д аминдэм болон бусад бичил элементүүдийн түвшинг тодорхойлох судалгааны үр дүн болон өмнө нь хийсэн судалгаануудын үр дүнгээр Монголчуудын дийлэнх нь тэр тусмаа хүүхэд, эмэгтэйчүүд Д аминдэмийн гүн дутагдалтай гэж гарсан. 

-Энэ судалгаанаас үүдэж Монголд Д амин дэмийг  хүнсний бүтээгдэхүүнээс нөхөх баяжуулсан хүнсний тухай хуулийг баталсан байх аа?

-Өндөр хөгжилтэй орнууд хүн амын өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнүүдийг дутагдаж байгаа зайлшгүй шаардлагатай бичил шим тэжээлээр баяжуулдаг туршлага байдаг ба энэ судалгаан дээрээ үндэслэн Харвардын Радклифф институт дээр Хүнс шим тэжээлийн дэлхийн экспертүүд болон Монгол Улсын УИХ, ЭМЯ, ХХААХҮЯ, их дээд сургуулиуд, бизнесийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан сургалт семинар зохион байгуулсан. Энэ ажлын үр дүнд УИХ-н гишүүн А.Ундраа баяжуулсан хүнсний тухай хуулийг санаачлан УИХ-н гишүүн Ц. Гарамжав, УИХ-н гишүүн Б. Батзориг нартай хамтран УИХ-д өргөн барьсан ба 2018 онд тус хууль батлагдаж 2019 оноос хэрэгжихээр болсон. Санхүүгийн чадвартай иргэд өөрт шаардлагатай витаминаа худалдаад авчихдаг бол амьжиргааны доод түвшинд амьдарч байгаа иргэд талх, махаа ч авахад хүндрэлтэй байдаг тул үнэтэй витаминуудыг худалдаж авах боломжгүй байдаг. Харин өргөн хэрэглээний бүтээгдэхүүн нь шаардлагатай аминдэмээр баяжигдсан нөхцөлд нийт иргэд шим тэжээлийн дутагдлаас гарах боломжтой. Энэ нь ирээдүйд зарцуулах эрүүл мэндийн зардлаас иргэдээ хамгаалж байгаа нийгмийн эрүүл мэндийн чухал ажил юм. Судлаач хүний хувьд хийсэн судалгаанууд маань төр засгийн бодлогод суурь судалгаа, баталгаа нотолгоо болж байгаад туйлын их баяртай байдаг.


-MHI байгууллага 2015 оноос эхлэн “Сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэгийн халдвараас урьдчилан сэргийлэхэд Д амин дэмийн нөлөө судалгаа”-г эхлүүлсэн. Уг судалгааны тухай, үр дүн, ажлын явц хэр ахицтай байгаа вэ?

-Судалгааг ярихын өмнө Д аминдэмийн дутагдал болон сүрьеэгийн халдварын хамаарлыг ярих нь зүйтэй байх. Хүний эд эс бүхэнд Д аминдэмийг таних хүлээн авагчууд байдаг ба энэ нь Д аминдэм хүний эд эс эрхтэн болгонд нөлөөлдөг буюу төрөлхийн болон олдмол дархлааг сайжруулдаг гэсэн үг юм. Жишээ нь Д аминдэмийн дутагдлыг нөхөхгүй явснаар бага насны хүүхдүүд сульдаа, насанд хүрсэн хүнд бол ясны сийрэгжилт, яс зөөлрөлт, цаашилбал ясны хугарал гэмтэл гэх мэт хүндрэлүүд гардаг. Мөн Д аминдэмийн дутагдлыг бууруулж нөхөхгүй явснаар ид өсөн бойжиж байгаа хүүхдийн эрүүл мэндийн дархлааны тогтолцоо муудсанаар сүрьеэ болон бусад халдварт өвчнөөр өвдөх магадлал ихсэх, өвдсөн хойно нь эдгэрэлт удаашрах, дахин өвдөх сул дорой болох, бойжилт нь удаашрах, анхаарал сулрах, шүд амны эрүүл мэнд муудах, цаашилбал архаг өвчлөлд өртөмхий болох гээд маш олон эрсдэлүүд байдаг. Нэг үгээр хэлбэл Д аминдэмийн дутагдлыг нөхсөнөөр сүрьеэгийн халдвараас урьдчилан сэргийлэх боломжтой гэсэн үг юм.

Хүн амын дунд Д аминдэмийн дутагдал өндөр буюу энэ нь биднийг сүрьеэгийн халдвар авах, улмаар сүрьеэгээр өвдөх эрсдэлд хүргэж байна. 2012 онд бид 12-15 насны хүүхдүүдэд өдөрт 800 /ОУН-Олон улсын нэгж/ Д аминдэм өгснөөр сүрьеэгийн халдвараас 59 хувь урьдчилан сэргийлэх боломжтой байгааг олж тогтоосон. Д аминдэмийг нөхөн өгснөөр хүүхдийн эрүүл өсөлт болон дархлаанд онцгой сайнаар нөлөөлсөн. Иймээс бид монгол хүүхдүүдийн Д аминдэмийн дутагдлыг нөхөж сүрьеэгийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилготой энэ том ажлыг эхлүүлсэн. 2015 онд эхэлсэн уг судалгааны хүрээнд бид нийслэлийн 6 дүүргийн 18 сургуулийг санамсаргүй түүврийн аргаар сонгож 9481 хүүхдэд сүрьеэгийн халдварыг илрүүлдэг алтан стандарт гэгддэг IGRA шинжилгээ хийхэд 10 хувьд нь сүрьеэгийн халдвар, 129 хүүхэд нь сүрьеэгээр хэдийн өвдсөн гэсэн сэтгэл түгшүүлэм дүн гарсан. Сүрьеэгээр өвдсөн тэдгээр хүүхдүүдийг ХӨСҮТ-ийн эмч нартай хамтран оношилж, эмчилгээнд хамруулсан. Судалгаанд хамрагдаж байгаа хүүхдүүдэд дутагдлыг нөхөх зорилгоор долоо хоног болгон Д аминдэм өгч, судалгааны эмч нар хүүхдүүдийн эрүүл мэндийг хянаад явж байна. Судалгааны хэрэглэж буй Д аминдэм нь АНУ-н FDA-аар хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсын жишиг ном норматуудыг (GMP) хангасан, Монголын МХЕГ болон гадаадын хөндлөнгийн хяналтын лабораториудаар баталгаажсан, Харвардын стандартад бүрэн нийцдэг органик витамин юм. Энэ судалгааны хүрээнд  Д аминдэмийн дутагдлаас үүдэлтэй сүрьеэгийн халдвар төдийгүй амьсгалын замын халдвар, харшил эгзем, ясны хугарал гэмтэл бэртэл, шүдний эрүүл мэнд, хүүхдийн хэвийн өсөлт бойжилт, анхаарал төвлөрөлт гэх мэт маш олон өвчин эмгэгийг хянан судалж байна.

Хүүхдийн дундах сүрьеэгийн халдвар, өвчлөл ийм өндөр байгааг харсан ямар ч монгол хүн зүгээр хараад суухгүй байх. Энэ ч утгаараа бид холбогдох бүх яам, тамгын газар, УИХ, төрийн болоод төрийн бус байгууллага, олон улсын байгууллагууд мөн түүнчлэн Япон, Тайвань, Женев, Дубайд болсон сүрьеэгийн олон улсын хурлуудад судалгааныхаа үр дүнг танилцуулсан. Тухайн үед ДЭМБ-н арга зүйгээр, Глобаль сангийн санхүүжилтээр ХӨСҮТ 15-аас дээш насны бүх иргэдийн төлөөлөл болсон 45,000 хүнийг оролцуулсан сүрьеэгийн тархалтын судалгааг Монгол Улсад анх удаа хийж үр дүнгээ бас танилцуулсан. Судалгаагаар халдвартай хэлбэрийн сүрьеэгээр өвдсөн насанд хүрэгчдийн тоо 100.000 хүн амд 567 гэж гарсан бөгөөд тооцоолж байснаас буюу манай улсын илрүүлж  байгаагаас 3 дахин өндөр гарсан нь сүрьеэгийн өвчлөл өндөр дэлхийн 20 гаран орон дотроо эхний 6 дугаарт орсон. Энэ хоёр судалгаа манай улсын сүрьеэгийн байдал хүүхэд болоод насан хүрэгчдийн дунд аюулын харанга дэгдэхээр болсныг харуулж, шийдвэр гаргагчдад сүрьеэд онцгой анхаарах цаг ирснийг анхааруулж чадсан гэж бодож байна.

Сүрьеэтэй тэмцэх дэд  бүтцээ бий болгоод бараг 100 жил болж байгаа, Сүрьеэгийн үндэсний төв гэсэн бие даасан статустай байгууллага байгуулж бусад улс орнуудтай туршлага солилцдог байсан, 2001 онд ДОТС буюу сүрьеэгийн шууд хяналттай эмчилгээний зарчмыг  амжилттай хэрэгжүүлсэн 10 орны тоонд орж байсан Монгол Улсын сүрьеэ яагаад буурахгүй байна вэ? Манай улсын 500-аад сүрьеэгийн эмч эмнэлгийн ажилтнууд өдөр шөнөгүй бүх хүчээ дайчлан ажилладаг нь сүрьеэгийн диспансер эмнэлгүүдээр явж байхад харагддаг. Харамсалтай нь сүрьеэгийн урьдчилан сэргийлэлт хангалтгүй байна. Сүрьеэг мөсөн уулаар зүйрлэвэл орой буюу харагдах хэсэг нь сүрьеэ өвчин, харагдахгүй ёроолд байгаа хэсэг нь сүрьеэгийн халдвар юм. Сүрьеэгээр өвдсөн хүнд сүрьеэгийн шинж тэмдэг илэрч, бие өвчилдөг ба уушгины сүрьеэтэй хүн бусдад халдвар тараах боломжтой байдаг. Харин мөсөн уулын далд хэсэг буюу сүрьеэгийн халдвар гэдэг нь яадаг вэ? Сүрьеэгийн микорбактер биеийн дархлаа муутай хэсэгт хэдийн байршсан байх боловч идэвхигүй хэлбэрт байдаг тул бусдад халдвар тараадаггүй. Мөн сүрьеэгийн шинж тэмдэг илрэхгүй, бие өвчлөөгүй байдаг тул хүнд мэдрэгддэггүй. Харин хүний дархлаа муудах үед биед орсон бактери идэвхижиж сүрьеэгээр өвдөх эрсдэл үүсдэг. Нэг үгээр хэлбэл сүрьеэгийн халдвартай хүнийг эмчлэхгүй бол хэзээ нэгэн цагт сүрьеэгээр өвдөх эрсдэлтэй гэсэн үг юм. Хамгийн аюултай нь эмэнд тэсвэртэй сүрьеэ буюу 12-24 сарын турш өдөрт хэдэн арван ширхэг антибиотик, тариа тариулж эмчлүүлдэг сүрьеэгээр өвдсөн хүний ар гэр, хавьтлууд нь анхдагч байдлаар яг энэ төрлийн сүрьеэгийн халдвар авах эрсдэлтэй байдаг. Эдгэрдэг, урьдчилан сэргийлж болдог амьсгалын замаар халдварладаг энэ өвчнөөр дэлхийд жил бүр 1.8 сая хүн нас барж байгаа бол Монголд ч гэсэн сүрьеэгээс шалтгаалсан нас баралт буурахгүй байна. Иймд өвдсөн хойно нь биш халдвар авахаас нь өмнө урьдчилан сэргийлж чадвал хувь хүндээ төдийгүй улс оронд чухал ач холбогдолтой юм.

ЭМЯ, БСШУСЯ, АШУҮИС, ДЭМБ, ХӨСҮТ, НЭМГ, Харвардын анагаахын сургууль болон Харвардын нийгмийн эрүүл мэндийн сургууль, судалгааны ЕБС-иудын захирал, эмч, багш, нийгмийн ажилтан, эцэг эх, сурагчид болон маш олон байгууллага хувь хүний дэмжлэг, оролцоотойгоор хийгдэж байгаа энэхүү судалгааны үр дүн ДЭМБ-н 2050 он хүртэл сүрьеэг бууруулах END TB Strategy төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд, мөн Монгол улсын Засгийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн Эрүүл мэндийн салбарын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний 3.1.6-д Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж ... сүрьеэ ... өвчнөөс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг авна гэж заасан зорилтыг хэрэгжүүлэхэд онцгой ач холбогдолтой.

Хэдийгээр судалгаа маань ирэх жилийн 6 сард дуусах боловч хэдийн үр дүнгээ өгч эхэлсэн гэж боддог. Өмнө нь хийгдэж байсан судалгаануудын адилаар зөвхөн энэ судалгаан дээр гэхэд 100 гаруй эмч судлаачдыг Харвардын стандартын дагуу бэлдсэн ба ХӨСҮТ-н тархалтын судалгаа болон манай судалгааны үр дүнд Монгол Улсын засгийн газар сүрьеэг онцгойлон анхаарч бүх төрлийн сүрьеэг зөвхөн эрсдэлт бүлгээр хязгаарлахгүй, ялангуяа оюутан сурагчдын дунд идэвхитэй илрүүлэг, эмчилгээг хийхээр “Сүрьеэгүй Монгол”  үндэсний хөтөлбөрийг эхлүүлсэн. Энэ том ажлыг эхлүүлсэн Монгол Улсын Ерөнхий сайдын эрүүл мэндийн асуудал хариуцсан зөвлөх Н.Хүрэлбаатар болон Сүрьеэгүй Монголын төлөө парламентчдын бүлгэмийг байгуулсан УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг нарт талархаж байгаагаа илэрхийлмээр байна.

Мөн бид Харвардын сүрьеэгүй хотууд санаачилга, НЭМГ-тай хамтран “Сүрьеэгүй Улаанбаатар” хөтөлбөрийг өнгөрсөн оноос эхлүүлэн ажиллаж байна. Дэлхийн сүрьеэгийн бодлогод ч нааштай өөрчлөлтүүд гарч байна. Жишээ нь, ДЭМБ-ын урилгаар  хүүхдийн сүрьеэгээр мэргэшсэн дэлхийн хэмжээний мэргэжилтэн Стивен Грахам 2017 онд Монгол Улсад ирж ажилласан ба сургуулийн насны хүүхдүүдийн дунд хийж буй манай судалгааны ажилтай танилцаж бас олон улсын хурлууд дээр тавигдсан манай илтгэлүүд болон хүүхдүүдийн дунд хийгдэж буй сүрьеэгийн бусад судалгаа шинжилгээг үндэслэн улс орны хөгжлийн түвшин, насны бүлгээс үл хамааран 2018 оноос сүрьеэгийн халдварын оношилгоо, эмчилгээг зөвлөж эхэлсэн. Манай улсын хувьд одоогоор сүрьеэгийн халдварын оношилгоо эмчилгээг зөвхөн 5-аас доош насныханд хийдэг ба цаашид ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу өөрчлөгдөнө гэдэгт итгэж байна.

-Манай улс сүрьеэгийн халдвар тусахад нөлөөлж байгаа гол хүчин зүйл юу вэ?

-Манай судалгааны урьдчилсан үр дүнгээр дам тамхидалт буюу гэртээ тамхи татах нь далд хэлбэрийн сүрьеэ тусах эрсдэлийг 40 хувиар ихэсгэдэг, нас нэмэгдэх тусам сүрьеэгийн халдвар авах магадлал 15 хувь ихэсдэг, гэр бүлийн гишүүдийн аль нэг нь сүрьеэгээр өвдсөн бол халдвар авах магадлал 4 дахин нэмэгддэг гэсэн дүн гарсан. ДЭМБ-ын сүрьеэтэй тэмцэх бодлогод төрийн бус байгууллагуудын оролцоог чухалчилсан байдаг ба манай байгууллага бүх хүч, нөөц бололцоогоо ашиглан сүрьеэтэй тэмцэх үйлсэд хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Жишээ дурдвал, Харвардын эрдэмтэн судлаачидтай хамтран Монгол Улсын сүрьеэгийн чиглэлээр хийгдэж байсан ажлууд, тулгамдсан асуудлуудыг үнэлэн хэрэгцээг тодорхойлох судалгааг хийж, эмэнд тэсвэртэй сүрьеэгээр өвдсөн иргэдийн гэр бүл, ойрын хавьтлуудад үзүүлэх тусламж гэсэн гарын авлага боловсруулж сүрьеэгийн шийдвэр гаргагчид болон 100-аад эмч эмнэлгийн ажилтнуудад сургалт явуулсан. Мөн УИХ-н эмэгтэй гишүүд, Сүрьеэгүй монгол парламентчдын бүлгэм, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, ЭМЯ, БСШУСЯ, ДЭМБ, Үндэсний зохицуулах зөвлөл, ХӨСҮТ зэрэг байгууллагуудад хүүхдийн сүрьеэд онцгойлон анхаарах зөвлөмж, Монгол Улсын сүрьеэгийн урьдчилан сэргийлэлт, идэвхитэй илрүүлгийг шинэ шатанд гаргах зорилготой, Харвардын сүрьеэгүй хотууд санаачилгын гаргасан ИЛРҮҮЛ, ЭМЧИЛ, СЭРГИЙЛ аргачлалын дагуу сүрьеэгийн халдварын оношилгоо, эмчилгээний судалгааг санаачилж ХӨСҮТ-тэй хамтран судалгааны протокол боловсруулсан. Үүнээс гадна “Сүрьеэгүй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд Голомт банкны санхүүжилтээр 2017 онд сүрьеэгээр өвдсөн иргэдийн ойрын хавьтал буюу 320 иргэдэд сүрьеэгийн халдварыг илрүүлэх IGRA шинжилгээг үнэ төлбөргүй хийсэн ба хавьтлын 50 хувь нь сүрьеэгийн халдвартайг баталсан. Мөн мэргэжлийн байгууллагуудын дунд “Сүрьеэгүй Улаанбаатар” олон улсын чуулганыг “Шим тэжээл ба сүрьеэ” сэдвийн дор зохион байгуулсан. Сүрьеэтэй тэмцэх үйлсэд мэргэжлийн байгууллагуудаас гадна иргэний нийгмийн байгуулал, оюутан сурагчид, хувийн хэвшил оролцох шаардлагатай гэдэг үүднээс Дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдрийг 1000-аад сайн дурын оюутан залуусын оролцоотойгоор “тамхи татаж бусдын эрүүл амьдрах эрх чөлөөнд халдахгүй байя” “зөв найтааж сурцгаая” гэх мэт уриа бүхий олон нийтэд зориулсан компанит ажлуудыг хийсэн. Эндээс бид залуу үедээ ойлгуулж чадвал ямар их хүч, нөөц бололцоо байгааг харсан. Сүрьеэ өвчин нийгмийн өвчин тул дан ганц эрүүл мэндийн салбарынхан тэмцээд хүчрэхгүй. Хичээлийн хажуугаар хүмүүстэй ярилцлага хийж, нус цэрээ гудамжинд хаяхгүй байх, найтаахдаа гараа нугалж хамраа дарж найтаах гэх зэргийг сурталчилсан видео хийж байгаа, амралтын цагаа хугаслан талбай дээр цугларан флашмоб хийсэн залуусыг хараад үнэхээр бахархсан. Товчоор хэлэхэд энэхүү судалгаа хараахан дуусаагүй байгаа ч олон ажлын үндэс болж Монгол Улсын сүрьеэтэй тэмцэх үйлсэд чухал алхам болсон гэж үзэж болно.

-Хийсэн ажлуудын далайцыг харахад үнэхээр том судалгаа байна. Манай улсад урьд нь ийм судалгаа хийгдэж байсан уу. Энэ судалгаа Монголд хэрхэн орж ирсэн бэ, яагаад Монгол гэж?

-Мэдээж өмнө нь Монголд сүрьеэгийн чиглэлээр олон судалгаа хийгдэж байсан. Гэхдээ манайх шиг олон хүүхдүүдийг хамруулсан судалгаа хийгдэж байгаагүй болов уу. Нэг танил маань “Сүүлийн 20 жил Монгол Улсад хүүхдийн эрүүл мэндийн төлөө ийм далайцтай том ажил хийгдэж байгаагүй” гэж хэлсэнд их урам авсан. Энэ судалгаа нэг өдөр азаар Монголд ороод ирчихсэн юм биш л дээ. Монголоос судалгааны санхүүжилт авч үзээгүй болохоор сайн мэдэхгүй байна. Харин Америкийн татвар төлөгчдийн мөнгийг Монголдоо татна гэдэг асар их өрсөлдөөнд үнэхээр онцгойрч байж л боломжтой болно. Үнэндээ судалгааны төсөл бичих ажил бараг хоёр жил үргэлжилсэн. АНУ-ын NIH буюу Америкийн анагаах ухааны үндэсний хүрээлэнгийн санхүүжилтийн R01 төрөлд АНУ болон  дэлхийн хөгжингүй орны олон эрдэмтэн судлаачидтай өрсөлдөж шалгарсан энэхүү судалгааг NIH бусдаас ялгарах шинжлэх ухааны үндэслэлтэй өвөрмөц санаа, судалгааны нөлөө, ач холбогдол, инноваци, төсөв, арга аргачлал, орчин гэх мэт маш олон хүчин зүйлүүдийг харгалзан үзэж судалгааны төслийг хөндлөнгийн мэргэжилтнүүдээр нууцлалтайгаар уншуулж 1-9 гэсэн оноо өгч, /1 нь хамгийн сайн, 9-нь  муу/ 1-2 оноо авсан судлаачдад дараагийн шатанд өрсөлдөх боломж олгодог. Шалгаруулалтад тэнцсэн төслийг дахин шүүн хэлэлцэж, National Health, Lung and Blood Institute /NIH/NHLBI/ -ээс тус төслийг шалгаруулсан. Судалгааны төсөл шалгарсан үндэслэл нь судалгааны багийн Д аминдэм болон сүрьеэтэй холбоотой хийсэн 10 гаруй жилийн судалгааны туршлага, олон улсад хэвлүүлсэн өгүүллүүд, хүний нөөц болоод судалгааны дэд бүтэц, судалгааны төслийн бичигдсэн байдал зэрэг гэдгийг /NIH/NHLBI/-ээс тодорхойлсон байдаг. Санхүүжилт авснаараа бүх юм шийдэгдэхгүй. Бидний өмнө нь хийж байсан бусад бүх судалгаануудын адилаар судалгааны протокол буюу судалгааны турш хууль мэт дагах ёстой баримт бичгийг боловсруулан Харвард болон Монголын ёс зүйн хороогоор оруулж энэхүү судалгаа нь Дэлхийн анагаах ухааны холбооноос боловсруулсан судалгааны ёс зүйн хэм хэмжээ буюу  Хельсинкийн тунхаг болон Бельмонтын тайланд тусгагдсан зарчим, Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх дээр эрдэмтэд олон талаас нь шүүн хэлэлцэж баталдаг. Мөн АШУҮИС-ийн Эрдмийн зөвлөлөөр судалгааны арга зүй, ач холбогдол, шинжлэх ухааны үндэслэлүүдийг эрдэмтэн профессорууд хэлэлцэж энэ судалгааг Монгол Улсад хийх нь өндөр ач холбогдолтой хэмээн зөвшөөрөл олгосон. MHI байгууллагын тухайд “Харвардын стандартыг Монголд” гэсэн уриатай ажилладаг ба энэ нь Монголын болоод олон улсын бичигдсэн хууль дүрэм журмаас гадна бичигдээгүй ёс зүйн хэм хэмжээ, зарчмыг мөрдлөг болгон ажилладаг гэсэн үг юм. АНУ-ын татвар төлөгчдийн мөнгийг Монголын ард иргэдэд зарцуулна гэдэг ойлгомжгүй мэт боловч Харвард хүн төрөлхтний сайн сайхан, эрүүл энхийн төлөө мэдэгдэхүйц дэвшил гаргах төсөл, санааг хэн санаачилснаас үл хамааран дэмждэг нь энэ сургуулийн цар хүрээ, үнэ цэнийг харуулдаг гэж боддог.

-Саяхан Харвардын анагаах ухааны сургуулийн  нэг жилийн Т2Т хөтөлбөрт Монголын эмч, багш нар амжилттай хамрагдаж төгслөө. Энэхүү хөтөлбөрийг хэрхэн Монголд оруулж ирсэн, хөтөлбөрийн давуу тал болон цаашид хэрэгжих хөтөлбөрийн талаар мэдээлэл өгнө үү?

-Харвардад очсон жилээ буюу 2004 оноос Харвардын анагаахын хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэхийг хүсэж сонирхож эхэлсэн. Монголчууд чадвартай мундаг ч Харвардын анагаахын сургууль төгссөн нэг ч монгол хүнтэй таараагүй болохоор гайхдаг байсан. Ийм ч учраас Монголоос ирсэн шийдвэр гаргагч нарыг Харвардын дээд удирдлагуудтай уулзуулж энэ талаар хүсэлт гаргадаг байв. Гэвч хүн ам багатай Монгол Улсад Харвардын хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь эрсдэлтэй гэсэн хариу сонсдог байлаа. Харин  удаа дараа хүсэлт гаргасны дүнд 2017 оны 1 сард монгол бичиг, түүх соёлыг маань биднээс сайн  мэддэг, Харвардын гадаад харилцаа хариуцсан захирал, манай MHI байгууллагын ТУЗ-ийн гишүүн Марк Элиотоос Харвардын анагаахын сургуулийн багшийг чадавхжуулах T2T хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлж болно гэсэн хариу авсан юм. 2004 оноос хойш хийсэн судалгаанууд дээр маань Харвардын маш олон нэр хүндтэй эрдэмтэн профессорууд, докторын оюутнууд Монголд ирж ажиллаж байсан нь энэхүү хөтөлбөрийг Монголд орж ирэхэд ихээхэн хувь нэмэр болсон гэдгийг дараа нь сонссон.

2017-2018 оны хичээлийн жилд БСШУСЯ, АХБ-ны дэмжлэгтэйгээр АШУҮИС-тай хамтран MHI байгууллага Харвардын анагаахын сургуулийн T2T хөтөлбөрийг Монгол Улсад анх удаа хэрэгжүүлж 100-аад эрдэмтэн багш судлаачид уг хөтөлбөрт хамрагдан Харвардын анагаахын сургуулийн сертификаттай төгссөн.  Харвардын профессорууд манай төгсөгчдийн талаар эерэг дүгнэлттэй байсанд үнэхээр бахархсан. Мөн төгсөгчдөөс нэлээдгүй олон хүн “Хол гэж бодож байсан Харвард ойрхон санагдах боллоо” гэж хэлснийг сонсоод хамгийн их сэтгэл хөдөлсөн.  

-Харвардын энэ хөтөлбөр бусдаасаа юугаараа онцлог байсан бэ?

-Харвардын Т2Т хөтөлбөр бол Монголд тусгайлан зориулж хийсэн хөтөлбөр гэдгийг онцлон хэлэх нь зүйтэй. Хэдийгээр энэ хөтөлбөр урьд нь дэлхийн цөөн хэдэн хөгжингүй оронд хэрэгжиж байсан ч Харвард дээр ажлын хэсэг байгуулагдаж энэ хөтөлбөрийг Монголын нөхцөлд тохируулж бүх зүйлийг эхнээс нь боловсруулж хийсэн юм. Харвардад багшилдаг монгол хүний хувьд би энэ ажлын хэсэгт орж ажилласан. Тухайн үед Харвардаас Фулбрайт болон бусад тэтгэлгээр Монголын анагаахын сургууль, эмнэлгүүдэд дадлага хийсэн судлаачид, Монголын эрүүл мэндийн салбарыг сайн мэддэг хүмүүс, Харвардын дээд удирдлага болох провост оффис болон хөтөлбөрийн багш, захиргааны ажилтнууд бүгдийг оролцуулан хэлэлцүүлэг хийж хүн нэг бүрийн саналыг сонссон. Мэдээж санаа санаачилгыг гаргасан миний санаа бодол, байр суурийг ажлын хэсэг анхааралтай сонсож дэлгэрэнгүй яриа илтгэл хийлгэж, дурдсан тоо баримт мэдээлэл бүрийг маш нарийн түвшинд тал талаас нь шүүн ярилцаж, хэлэлцэж байж энэхүү хөтөлбөрийн агуулгыг боловсруулсан. Ажлын хэсгийн уулзалтуудын үеэр сайн муу бүх жишээг дурдан ярьдаг байв. Жишээ нь Монголын болoвсрол бол анги танхимын суурьтай, багш лекц уншин, оюутан сурагчид нь сонсон бичиж аван, багшийнхаа ярьсныг эргүүлэн ярьж шалгалтандаа тэнцдэг өмнөх нийгмээс уламжилсан арга барилаар явдаг, нухацтай сэтгэлгээ, багшийн ярьсныг задлан шинжлэх, нэгтгээд өөрийн болгон авч үлдэх, илүү сайжруулах, бие даан ажиллах, өөрийн шүүлтүүрээр шүүн гаргах чадвар учир дутагдалтай, сургасан сурсан зүйлдээ эргээд үнэлэн дүгнэх, эргэх холбоо сайнгүй гэх мэтээр ярилцахад хэдийгээр санал нийлж байвч монгол хунийхээ хувьд нэлээн эмзэг хүлээн авдаг байснаа нуугаад хэрэггүй болов уу. Гэхдээ ингэж өргөн хүрээнд ярилцаж, нарийвчлан задлан шинжилж, хүн бүрийн санал бодлыг тусган бусад хөтөлбөрүүдтэй харьцуулж байж Т2Т хөтөлбөрөө Монголын орчинд тааруулж бэлдсэн юм. Мэдээж ингэж тусгайлан тухайн оронд зориулан боловсруулсан хөтөлбөрүүд өртөг өндөр байдаг. Тэр дундаа дэлхийн хамгийн шилдэг сургуулиудын нэг гэгддэг Харвардын анагаахын сургууль маш өртөг өндөртэй. Ихэвчлэн сурвалжит гаралтай элит хүүхдүүд суралцдаг энэ сургуулийн нэг жилийн анагаахын магистерийн дундаж төлбөр 60,000 доллар ба тэр хөтөлбөрт ордог бүх суурь ойлголтууд манай T2T хөтөлбөрт тусгагдсаныг онцлох нь зүйтэй. Нэг үгээр хэлэхэд энэхүү хөтөлбөрийг боловсруулахад Харвард талаас маш их хүчин зүтгэл гаргасан, мөн монгол талаас ч олон хүний хүч хөдөлмөр шингэж байж Монголд хэрэгжихээр болж байсан. Энэ хөтөлбөр орж ирэх явцад боловсролын сайд дөрвөн удаа солигдсон ч тэр бүрд тэвчээр алдалгүй, илүү цагаар ажиллан,  нэг ч  төгрөгийн ашиг харалгүй тууштай зүтгэсэн MHI-н хамт олон болон хамтран ажилласан АШУҮИС, БСШУСЯ-ны удирдлагуудад талархаж явдаг.

Монголын анагаахын сургалтын хөтөлбөр шинжлэх ухаан талаасаа дэлхийд ч тэргүүлнэ гэдэгт би итгэдэг. Харин судалгаа шинжилгээ, эрүүл мэндийн менежмент, биостатистик, технологи, ёс зүйн сургалт, урьдчилан сэргийлэлт гэх мэт нэлээдгүй олон зүйл дээр хоцрогдож байгаа нь нууц биш. Энэ утгаараа дараагийн хөтөлбөр судалгааны төсөл хэрхэн бичихээс эхлүүлээд, асуумж боловсруулах, ёс зүйн шалгуур, өгөгдөл цуглуулах, түүн дээр анализ хийх, багийн менежмент, судалгааны нийтлэл бичих гээд том хэмжээний судалгааг удирдан явуулахад шаардлагатай бүх чадварыг эзэмшүүлэх цогц хөтөлбөр байх болно. Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй нийтэд мэдээлэх болн

-Харвард дахь таны ажлын өдрүүд хэрхэн өнгөрдөг вэ, тэнд багшлахын давуу тал? Энэ олон ажлыг амжуулахад танаас маш их хөдөлмөр, тэвчээр, цаг зарцуулсан харагдаж байна. 

-Ихэнх хүмүүс АНУ иргэдийг өндөр цалинтай азтай хүмүүс гэж боддог. Гэвч капиталист нийгэмд хүнд зүгээр мөнгө төлдөггүй. Харвард ч мөн адил. Харвардын анагаахын сургууль болон Харвардын нийгмийн эрүүл мэндийн сургуульд үндсэн хичээлүүдээ заахаас гадна жилд дор хаяж 3 идэвхтэй судалгааны ажил дээр ажиллаж, дараагийн судалгаа, эрдэм шинжилгээний ажлуудынхаа төслийг бэлтгэж эрдэмтдийн зөвлөлийн хурлаар оруулах, тухайн чиглэлдээ өрсөлдөхүйц  төсөл боловсруулж санхүүжилтээ олох, хийсэн ажлуудаа нэр хүнд бүхий сэтгүүлд хэвлүүлэх, олон улсын болон үндэсний хэмжээний илтгэлүүд тавих, багшлах, оюутан удирдах, нэг чиглэлээр судалгаа хийж буй профессоруудын ажлыг дүгнэх гэх мэтээр ажлууд ундраад байдаг. Нэг үгээр хэлбэл Харвард тухайн хүний оюуны чадварыг маш сайн ашигладаг төдийгүй шавхаж чаддаг. 24 цаг хангалтгүй санагддаг үе зөндөө. 

Гэхдээ тухайн чиглэлдээ нэрд гарсан шилдэг эрдэмтэн багш нартай ойрхон ажиллах, тэднээс суралцах үнэлж боломгүй том боломжуудаар хангагддаг. Мөн аливаа ажлыг нээлттэй, ил тод, шударга, хүнд сурталгүй, цэвэр шударга өрсөлдөөний дунд явуулдаг тул түүнийгээ дагаад гарч буй үр дүн, ажиллах нөхцөл нь тэнд ажиллах хүсэл эрмэлзлийг төрүүлж, хүнийг татах гол шалтгаан нь болдог юм уу гэж боддог. Мөн Харвардад ажиллахын давуу тал нь MHI байгууллагын энэ том судалгааны ажлын хүрээнд дэлхийн нэр хүндтэй эрдэмтэн судлаачид Монголд тогтмол ирж ажилладаг ба мэргэжилдээ эзэн болсон тийм хүмүүстэй манай байгууллагын залуус өдөр тутам харьцаж тэднээс суралцаж байдаг нь маш том давуу тал гэж бодож байна.

-Танай гэр бүлийнхэн ихэнх нь анагаах ухааны салбартай холбоотой гэж уншиж байсан. Таны аав, ээж хүний их эмч, хань нь Харвардын лабораторид ажилладаг, охин тань бас анагаах ухааны салбарынх. Бүгд нэг салбарт ажиллаж байгаа нь их сайхан санагдаж байна. Гэр бүлийнхнийхээ талаар ярьж болох уу?

Ер нь манай гэрийнхэн бүгд эмч нар. Миний ээж Д. Төмөр насаараа 3-р эмнэлэгт их эмчээр ажилласан, аав Даваасамбуу маань Цэргийн эмнэлэгт олон жил эмч, сэхээн амьдруулах тасгийн дарга, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, даргаар ажиллаж байсан. Манай дүү их эмч, анагаах ухааны доктор, судалгааны талаар туршлагатай, эх нялхаст ажилладаг. охин маань нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр Бостоны их сургуулийг төгсөж мэргэжлээрээ эмнэлэгт ажиллаж байна. Харин манай гэр бүлийн хүн С. Болд хүнсний технологийн мэргэжилтэй. Энэ салбарын онцлог нь байнга шинэ нээлт, инноваци гарч байдаг тул насаараа өөрийгөө боловсруулж тасралтгүй сурах хэрэгтэй болдог, хүний эрүүл мэндтэй холбоотой ажил тул цаг наргүй, өндөр хариуцлагатай ажиллах шаардлагатай болдог. Ийм өвөрмөц байдлыг нэг салбарт ажилладаг хүмүүс л ойлгож чадах байх. Намайг ойлгож эрдмийн ажлаа хийхэд сэтгэл санаа бүх зүйлээр дэмжиж байдаг гэр бүлийнхэндээ их талархдаг.

-Д аминдэмийг ийм олон жил судалсан хүний хувьд манай уншигчдад Д аминдэмээ хэрхэн зөв зохистой авах талаар зөвлөгөө өгч болох уу?

-Бага насны хүүхэд их хэмжээгээр хөлрөхөд рахиттай боллоо гэдэг, бас хүүхдийн үе мөч нь өвдөхөд “өндөр болох гэж байгаа нь тэр” гэдэг. Энэ бүгд  Д-ийн хурц дутагдлын шинж тэмдэг юм шүү дээ. Д аминдэмийн цусан дахь хэвийн хэмжээ нь 20 нг\мл байдаг бол манай судалгаанд оролцогсдын Д-гийн хэмжээ өвлийн улиралд 4-7 нг\мл, хаврын улиралд дөнгөж 9 нг\мл байсан. Иймээс Д аминдэмийн дутагдлаа нөхөх нь чухал юм. Үндсэндээ Д аминдэмийг хоол хүнснээсээ, нарны илчээр эсвэл нэмэлтээр Д аминдэм ууж нөхөх боломжтой.  Гэвч манай орон шиг хүйтэн хатуу улиралтай,  Д гээр баялаг хоол хүнс хэрэглэдэггүй, агаарын бохирдол ихтэй улсад Д-ийн нийлэмж хангалттай түвшинд явагддаггүй. Тиймээс дараах зөвлөмжүүдийг хэлмээр байна.

Зуны дэлгэр цагт аль болох биеэ наранд ил гарган шарах, дор хаяж 30 минут
Хоол хүнсээр байгалиасаа Д аминдэмээр баялаг хүнс хэрэглэх /далайн тослог загас, далайн бүтээгдэхүүнүүд, малын элэг болон бусад дотор эрхтэн/. Гэхдээ энэ нь бидний биед шаардлагатай Д аминдэмийн хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй юм.
Д аминдэмийг нэмэлтээр ууж хэрэглэх шаардлагатай. Гэвч энэ нь бидний хувьд үнэ өртөг өндөртэй. Мөн гадуур худалдаалагдаж буй Д аминдэм болон бусад аминдэмүүдийн гарал үүсэл, тээвэрлэлтийн явц, горим, хадгалалт мөн агуулж буй идэвхитэй бодисын хэмжээ байх ёстой норм хэмжээндээ байгаа эсэхийг сайн нягталж байх шаардлагатай.  
Д аминдэм болон бусад зайлшгүй шаардлагатай аминдэм эрдэм бодисоор хүнсээ баяжуулах нь бидний хувьд бүх хүнд хүртээмжтэй, үнэ өртгийн хямд давуу талтай.


Улс орны хөгжлийг шинжлэх ухаан, судалгаа шинжилгээ урагшлуулна

-Төгсгөлд нь бидний ярилцлагыг уншаад сууж байгаа анагаахын салбарынхан, таны хөдөлмөрч зангаас үлгэр дууриал авч байгаа залууст хандаж юу захиж, зөвлөх вэ?

-Юуны түрүүнд Монголчуудынхаа эрүүл мэндийн төлөө залуу нас, эрч хүч, сэтгэл зүрхээ бүрэн зориулан ажилладаг MHI байгууллагынхаа залуусаар бахархаж байгаагаа хэлмээр байна. Сайн санааны үзүүрт тос гэдэг шиг бидний хийсэн ажлуудын үр дүнд судалгааны оролцогч хүүхдүүд маань эрүүл энх, бусдаасаа өсгөлөн, ээж аав эмээ өвөө нар нь манай хүүхдүүд энэ жил хамрын шуухинаа ч хүрэхгүй, илүү өсгөлөн болж, анхаарлын түвшин сайжирч хичээлдээ ахиц гарч, элдэв харшил нь хөдөлсөнгүй гэдэг урмын үг нь бидний хувьд хамгийн том урам болдог.

Залуустаа хандаж хэлэхэд нэр алдар, эд хөрөнгө хөөхөөс илүүтэй бусдын сайн сайхны төлөө өөрийн чаддаг зүйлийг үнэн сэтгэлээсээ хийгээд үз. Сайн сайхан бүхэн чамд аяндаа өөрөө ирнэ.

Гадаадад байдаг Монголчууд эх орондоо асар их зүйлийг хийх эрмэлзэлтэй байдаг. Гэвч бид нэг л зүйлээс айдаг. Тэр нь төр засгийн тогтворгүй байдал буюу ой санамжаа алдсан төр. Тиймээс төр засаг минь тогтвортой байж, улсын эрх ашиг, ирээдүйг өөрийн эрх ашгаас дээгүүр тавьдаг ухаалаг төрийн албан хаагчид олон болоосой гэж хүсэж байна. Харин салбарынхандаа хандаж хэлэхэд  шинжлэх ухаан, судалгаа шинжилгээг үгүйсгэдэг, гүтгэн доромжилдог, мунхаг хар сэтгэлтэй хүмүүсийн эсрэг зоригтой дуугарч байгаарай гэж хэлмээр байна. Шинжлэх ухаан, судалгаа шинжилгээ энэ улсыг хөгжүүлнэ.   

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан