Санхүүгийн зохицуулах хороо хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хянан барагдуулж, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгчийн хооронд гарсан маргааныг урьдчилан шийдвэрлэж ажилладаг. Энэ оны хоёрдугаар улиралд Хороо санхүүгийн хэрэглэгчийн хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн асуудлаар нийт 172 өргөдөл, гомдол хүлээн авсны 57 нь үнэт цаасны зах зээлийн байгууллагуудтай холбоотой байлаа. Эдгээр өргөдөл, гомдлын 41 нь хуулийн хугацаанд хянан шийдвэрлэгдэж, 16 нь хянагдах шатанд байна.
Сүүлийн үед “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааг эзэмшүүлэхтэй холбоотойгоор иргэд үнэт цаасны дансаа нээж, энэ явцад өмч хувьчлалаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эзэмшсэн хувьцааны талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй болцгоож байна. Үүнтэй холбоотойгоор иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын тоо өнгөрөгч улиралд өмнөх оны мөн үеийнхээс 62.8 хувиар өслөө. Үнэт цаасны салбарын байгууллагуудтай холбоотой өргөдлийн 85 хувийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хувьцааг нь арилжаалсан гэх тохиолдлууд эзэлж байгаа бөгөөд эдгээр өргөдөлд дурдсан тохиолдлуудын дийлэнхийг тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон брокер, дилерийн компаниуд үйлдсэн байна. Эдгээр тохиолдлуудад зөрчил үүссэн үед тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан хуулийн этгээд, иргэн, хүмүүсийг холбогдуулан хууль, шүүхийн байгууллагад хандахыг өргөдөл гаргагч нарт зөвлөж, холбогдох мэдээллийг гарган өгч үйлчилжээ.