Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН “НАЙРАМДАЛ” ЦОГЦОЛБОРЫГ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНАВ


 Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор 40 нас хүрлээ. “Хүн бүрт чин сэтгэлээсээ” уриатай тус цогцолборын түүхт ойд зориулсан баярын хурал, хүндэтгэлийн тоглолт өнөөдөр МҮЭСТО-нд болов.
 
Баярын хурлыг нээж тус цогцолборын ерөнхий захирал О.Доржсүрэн үг хэллээ. Тэрбээр,  “Найрамдал” цогцолбор бол улс орны хойчийн ирээдүй болсон хүүхэд багачууддаа зориулж Монгол Улсын төр засаг, монголын ард түмэн үнэхээр сэтгэл зүрх, оюун бодол, хөрөнгө мөнгө, хүсэл тэмүүлэл, оролцоо зүтгэлээ харамгүй шингээж босгосон XX зууны хосгүй гайхамшигтай, дахин давтагдахгүй архитектур бүхий, цорын ганц цогц бүтээн байгуулалт гэдгийг онцлон хэлэхийг хүсч байна. “Найрамдал” цогцолборыг барьж байгуулах түүхэн чухал шийдвэр гаргаж, түүнийг гардан хэрэгжүүлж явсан эрхэм хүмүүсийн ач гавьяаг бид үеийн үедээ дамжуулан таниулж, “мэддэгт нь сануулж, мэддэггүйд нь мэдүүлж” явах ёстой. Тиймээс олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын тэмдэглэлт ой бүхэн зөвхөн дан ганц манай хамт олны төдийгүй нийт монголын ард түмэнд хамаатай онцгой чухал ач холбогдолтой үйл явдлын тоонд зүй ёсоор орсоор байх болно. “Найрамдал”-ын туулсан 40 жил бол нүүдэлчин монголын ирээдүй болсон үр хүүхдүүдийг суурин соёл иргэншлийн цоо шинэ орчинд хамтдаа амьдарч, аж төрж, харилцан бие биеэс суралцах шинэ мэдлэг, соёл, хэв маягт сургаж, дадлагажуулах том зорилгод хүрэхийн төлөө энд ажиллахаар томилолт авсан хүн бүр нэгэн үзүүрт сэтгэлээр гар, сэтгэл нийлж цуцалтгүй хөдөлмөрлөсөн гайхалтай сайхан дурсамжаар дүүрэн он жилүүд байсан. Үйл ажиллагаагаа эхлүүлсэн анхны жилээс эхлээд бидэнтэй хамтарч ажилласан манай орны хот, хөдөөгийн бүх түншлэгч байгууллага, хүмүүст талархал илэрхийлэхийн хамт, ойн баярын мэндчилгээ дэвшүүлье” гэв.
 
Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107, Ардын хувьсгалын 97 жилийн ой, олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын 40 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнасан юм.

Монголын залуу хойч үеийг сурган хүмүүжүүлэх, зөв иргэн болгон төлөвшүүлэх үйлсэд оруулсан тус байгууллагын үе үеийн ажилтан, албан хаагч, багш сурган хүмүүжүүлэгчдийн хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж энэхүү шагналыг олгожээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж, сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Алтан гадас одонг “Найрамдал” цогцолборын туганд хүндэтгэлтэйгээр зүүж өглөө. Мөн Төрийн тэргүүн олон улсын “Найрамдал” цогцолборын 40 жилийн ойн хүндэтгэлийн үйл ажиллагаанд оролцох үеэрээ үг хэлсэн юм.

Тэрбээр хэлэхдээ, “Хүүхдүүд нь жаргалтай өсөж байж улсын хөгжил урагшилдаг. 1960-1980 онд Монголын төрөөс хүн амаа өсгөх, хүүхдүүдээ тэтгэх алсын хараатай бодлого явуулсны үр дүнд 1920-иод онд 600 мянга гэгдэж байсан монголын хүн ам 3 сая гаруй болж 5 дахин өсөх үндсийг тавьсан юм. Тэр цаг үед хүүхдийн гэх тодотголтой олон байгууламж бий болж, хөгжиж цэцэглэж байснаас үлдсэн цөөхөн байгууллагын нэг нь “Найрамдал” цогцолбор болоод байна.
Монгол Улс орлого багатай, боломж хомс байхдаа ч хүүхдүүдээ анхаарлын гадна орхиж байгаагүй юм. “Хүүхэд нэгдүгээрт” гэх бодлогыг бид ямар ч тохиолдолд, хэзээ ч орхиж, гээж болохгүй. Олон хүүхэдтэй гэр бүлд “хүүхдийн мөнгө” олгодог болсноор 1960-1980 онд төрөлтийн тэсрэлт явагдаж, монголын “baby boom” гэх нэр томъёо бий болсон. Монголын төр залгамж чанартай байх ёстой. Бид төр засгийнхаа өмнөх сайн туршлагуудыг үг дуугүй үргэлжлүүлэх учиртай. Тийм ч учраас миний зүгээс ямар нэг ялгаварлан гадуурхалгүйгээр хүүхэд бүрт “Хүүхдийн мөнгө олгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг санаачилсан юм. Хүүхдийн мөнгө бол халамж биш. Цөөн тоотой хүн амаа өсгөх уламжлалт бодлого, баялгийг тэгш хуваарилах арга хэрэгсэл гэдгийг би энд дахин хэлмээр байна. Бидний цөөхөн монголчууд хүүхдүүдээ, ирээдүйгээ хайрлах учиртай. Үүнийг ХХ зууны эхэнд сод найрагч Дашдоржийн Нацагдорж “Монголын үрс маш олон болтугай” хэмээн товч тодорхой илэрхийлсэн байдаг.
Бидний ирээдүй болсон хүүхдийн төлөөх Төрийн бодлого нь хүүхдийн мөнгөөр хязгаарлагдах ёсгүй. Хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн төлөөх шинэ бүтээн байгуулалт, шинэ мэдлэг, технологийг нэвтрүүлэхэд Төр хөрөнгө оруулах үүрэгтэй. Хүүхдийг дээдэлж, хүүхдэд бүхнээ зориулж ирсэн ард түмэн бид, уламжлалаа хадгалж, цаг үргэлж ахиулж байх ёстой юм. Тийм учраас хуучны “Хүүхдийн төлөө фонд” шиг Хүүхэд, залуучуудад зориулсан бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх тусгай сан байгуулах, уг сангийн хөрөнгийг төсвөөс болон гадаад, дотоодын хандив, бусад эх үүсвэрээс бүрдүүлэх боломжтой байхаар бодлого боловсруулах шаардлага тулгарч байгааг Засгийн газар, УИХ соргогоор мэдэрч бодлого гаргаасай, санаачилгатай ажиллаасай гэж хүсэж байна” гэв.

Мөн энэ үеэр түүхт 40 жилийнх нь ойг тохиолдуулан тус цогцолборыг Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын гэргий А.И.Филатовагийн нэрэмжит болгон нийслэлийн дээд шагнал болох Хангарди одонгоор шагнасан юм.

Найрамдал цогцолборын хамт олон ойгоо угтаж олон ажлыг төлөвлөж амжилттай хэрэгжүүлж байгаа аж. Тухайлбал, хэрэглэгчдэд хүргэх үйлчилгээгээ шинэ шатанд гаргах, тэдэнд зориулсан хөтөлбөр, үйл ажиллагааны чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилтын хүрээнд 2010 оноос Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO9001:2015 стандартыг хэрэгжүүлж, 2018 онд 2 дахь удаагийн итгэмжлэлээ авч, өөрийн үйл ажиллагаандаа энэхүү стандартыг нутагшуулсан анхны хүүхдийн байгууллага болсон амжилтаа бататгасан байна.

Баярын хурал "Найрамдал-40" баримтат кино, "Найрамдлаар хөглөгдсөн авьяастнууд" хүндэтгэлийн тоглолтоор үргэлжилсэн бол маргааш тус цогцолборт "Бүхнийг хүүхдийн төлөө" шугам жагсаал, "Найрамдал 40" удирдагчдын хөшөөний нээлт, А.И.Цэдэнбал-Филатовогийн хөшөөнд цэцэг өргөх ёслол болох юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан