Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Түрүүлж, айрагдсан морьдын цолыг дуудаж, бай шагналыг нь гардууллаа


Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс  байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд түрүүлж, айрагдсан морьдын цолыг дуудаж, бай шагналыг нь гардуулан өглөө.

ИХ НАСНЫ МОРЬДЫН УРАЛДААНД "ЗАЛУУ ЗЭЭРД" ТҮРҮҮЛЛЭЭ
Түрүү магнайд Төв аймгийн Дэлгэрхангай сумын уугуул, уяач Шаравын Мөнгөншагайн "Залуу зээрд" хурдаллаа. 11 настай Буян-Арвижихын Буянтөгс унаж уралдуулсан.

Аман хүзүүнд Төв аймгийн Батсүмбэр сумын Батсайханы Саянсанаагийн хээр давхилаа. 13 настай Баянмөнхийн Мөнх-Эрдэнэ унаж хурдлууллаа.

Айргийн гуравт Дундговь аймгийн Хулд сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяч Баярсайханы Лхагва-Очирын хонгор халзан давхилаа. 10 настай Алтангэрэлийн Батцэнгэл хурдлуулав.

Айргийн дөрөвт Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Дайдийхүүгийн Баяраагийн хүрэн давхилаа. 11 настай Бэгзжавын Батболд унаж уралдууллаа.

Айргийн тавд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Монгол Улсын Тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын хүрэн давхив. 11 настай Хишигдэмбэрэлийн Одбаяр унаж хурдлууллаа.

Б.БАТТӨРИЙН БИДЭРТ ХАЛИУН АЗАРГА ТҮРҮҮ МАГНАЙ БОЛОВ
Түрүү магнайд Төв аймгийн Угтаалцайдам сумын уугуул, сумын Алдарт уяач Баянжаргалын Баттөрийн Бидэрт халиун азарга хурдлав. Найман настай Атарбаярын Буянжаргал унаж хурдлуулав.

Аман хүзүүнд Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат, Монгол Улсын Тод манлай уяач Ононгийн Батбилэгийн зээрд халзан азарга давхилаа. Есөн настай Батболдын Амартүвшин унаж хурдлууллаа.

Айргийн гуравт Төв аймгийн  Баянцагаан сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Д.Баянбатын "Наран хонгор" хурдаллаа. 10 настай Галсандоржийн Түвшинбаяр унаж уралдав.

Айргийн дөрөвт Хэнтий аймгийн Баян-Овоо сумын харьяат сумын Алдарт уяач Нэргүйн Атарбаярын зээрд азарга давхилаа. 10 настай Ууганбаатарын Цэрэнбаяр унаж хурдлууллаа.

Айргийн тавд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат, аймгийн Алдарт уяач Доржпүрэвийн Ганхуягийн хүрэн азарга давхилаа. 11 настай Угтахбаярын Отгонбаяр унаж уралдав.

ХОНГОР ХАЛЗАН СОЁОЛОН ТҮРҮҮЛЛЭЭ
Түрүү магнайд Хөвсгөл аймгийн Рашаант сумын уугуул Амарсанаагийн Билгүүдэйн хонгор халзан соёолон түрүүллээ. Найман настай Пүрэвсүрэнгийн Пүрэвбат унаж хурдлуулав.

Аман хүзүүнд Завхан аймгийн Завханмандал аймгийн харьяат, уяач Цэрэндоржийн Мөнххуягийн цавьдар соёолон давхилаа. Есөн настай Орхончимэгийн Энхбаяр унаж уралдуулав.

Айргийн гуравт Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Доржпүрэвийн Ганхуягийн хээр соёолон хурдаллаа. 12 настай Даваадоржийн Пүрэв унаж уралдав.

Айргийн дөрөвт Ховд аймгийн Мянгад сумын уугуул, аймгийн Алдарт уяач Загджавын Мэндсайханы хонгор соёолон давхив. 12 настай Б.Бат-Эрдэнэ унаж уралдлаа.

Айргийн тавд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул, уяач Гончигийн Хадхүүгийн хар соёолон хурдаллаа. 10 настай Лхагвасүрэнгийн Ариунболд унаж уралдав.

Х.БОЛОРЧУЛУУНЫ ХҮРЭН ХЯЗААЛАН ТҮРҮҮ МАГНАЙ БОЛОВ
Түрүү магнайд УИХ-ын гишүүн Х.Болорчулууны хүрэн  хязаалан хурдаллаа. Аман хүзүүнд Монгол Улсын Тод манлай уяач Д.Хишигжаргалын зээрд, айргийн гуравт Увс аймгийн Тэс сумын уяач Ц.Дамдин-Ядамын цоохор хязаалан давхилаа. Айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уяач З.Шижирбатын бор халзан,  айргийн тавд Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын халтар  хязаалан хурдаллаа.

Х.ГАРЬДМАГНАЙН БОР ШҮДЛЭН ТҮРҮҮ МАГНАЙД ХУРДАЛЛАА
Түрүү магнайд Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Х.Гарьдмагнайн бор шүдлэн хурдаллаа. Аман хүзүүнд Увс аймгийн Зүүнговь сумын уяач Б.Норовсамбуугийн халиун давхилаа. Айргийн гуравт Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уяач С.Гантөмөр хул, айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уяач Д.Очирсүрэнгийн хул, айргийн тавд Төв аймгийн Сэргэлэн сумын уяач О.Батболдын хээр шүдлэн давхилаа.

Н.БАЯРХҮҮГИЙН ХҮРЭН ДААГА ТҮРҮҮЛЭВ
Түрүү магнайд Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Нэргүйн Баярхүүгийн хүрэн даага хурдаллаа. 11 настай Энхбаатарын Төгссайхан унаж хурдлуулав.

Аман хүзүүнд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуул Төмөрхүрээгийн Төрмөнхийн хүрэн даага давхилаа.  12 настай Батжаргалын Гантөгс унаж уралдав.

Айргийн гуравт Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул Пэлжээгийн Батбаярын хээр даага давхилаа. Долоон настай Оюуны Тэмүүжин унаж уралдлаа.

Айргийн дөрөвт Ховд аймгийн Мянгад сумын уугуул Батсуурийн Энхбаярын халтар даага хурдлуулав. 10 настай Цэрэндоржийн Эрдэнэбаяр унаж уралдав.

Айргийн тавд Увс аймгийн Зүүнговь сумын уугуул Бадарчийн Норовсамбуугийн хүрэн халзан даага давхилаа. Долоон настай Адъяахүүгийн Ганхүү унаж хурдлуулав.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан