Дэлхийн банк Монгол Улсын эдийн засгийн ээлжит тоймоо танилцууллаа. Уг тайланд манай улсын эдийн засгийн өсөлт эерэг байгаа ч хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах талаар онцгой анхаарахыг зөвлөв. Тухайлбал, эдийн засгийн өсөлт хоёр жилийн өмнө 1.2 хувьтай гарч байсан. Тэгвэл өнгөрсөн онд 5.1 хувь болж өсчээ. Харин энэ оны эхний хагас жилд 6.1 хувьд хүрээд байгаа юм. Цаашид богино болон дунд хугацаанд энэ өслтөө хадгалана. Гэвч эдийн засгийн суурь бүтцийн эмзэг байдлаа арилгахад анхаарах шаардлагатай байгааг Дэлхийн банкнаас анхааруулж байна.
Засгийн газраас Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалтын хөтөлбөрүүд хэт өөдрөг, бодит байдалд төдийлөн уялдаагүй байснаас гарсан сөрөг үр дагавруудыг харгалзан үзэж цаашидын ажлаа төлөвлөх зөвлөмж өглөө.
Дэлхийн Банкны Монгол Улсыг хариуцсан ахлах эдийн засагч, доктор Жон-Паскаль Нгану “Түүхий эдийн үнэ өндөр хэвээр байгаа, Засгийн газраас эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаагийн үр дүнд өнгөрсөн жил Монгол улсын хувьд харьцангуй сайн жил байлаа” хэмээв.
Уул уурхайн салбарт их хэмжээний гадаадын шууд хөрөнгө оруулалт орохоор хүлээгдэж байгаа. Иймд эдийн засгийн өсөлт цаашид нэмэгдэж, 2019, 2020 онд дундаж өсөлт 6 хувийг давсан хэвээр байна гэсэн төсөөлөлийг тус банкнаас хийгээд байна.
Ажилгүйдлийн түвшин 2016 онд 8.6 хувь байсан бол 2017 оны эцэст буурч 7.3 хувьд хүрчээ. Гэвч энэ оны эхний улиралд эргэн өсч 9.7 хувьд болов. Энэ нь манай улсын хөдөлмөр эрхлэлт улирлын чанартай бөгөөд ялангуяа, барилга, хөдөө аж ахуй болон уул уурхайн салбарын хөдөлмөр эрхлэлт өвлийн улиралд буурдагтай холбоотой хэмээн тайлбарлаж буй юм.
Дэлхийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Жэймс Андерсон “Эдийн засгийн эмзэг байдлыг бууруулж, дархлааг сайжруулахад Засгийн газар, хөгжлийн түншүүдуул уурхайн салбарын мөчлөгийн сөрөг нөлөөг бууруулах эдийн засгийн төрөлжилтийнбодлогод тэргүүлэх ач холбогдол өгөх ёстой. Хүндээ хөрөнгө оруулах, институцыг бэхжүүлэх болон нэн чухал дэд бүтцэд найдвартай хөрөнгө оруулах нь эдийн засгийг төрөлжүүлэх хамгийн оновчтой зам юм” хэмээн хэлэв.