Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс “Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлын тайлан”-г хагас жил тутам боловсруулан олон нийтэд танилцуулдаг билээ. Тэгвэл энэ удаа 11 дэх нь гарлаа. Уг тайланд Хадгаламжийн даатгалын талаарх дэд бүлэг болон СТБЗ-ийн Ажлын албанаас Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран анх удаа зохион байгуулсан “Монгол Улсын нийт арилжааны банкуудын эрсдэлийн хүлээлтийн судалгаа”-ны үр дүн нэмэгдэж орсон орсон байна.
Тайланд дурдсанаар сүүлийн хагас жилийн хугацаанд Монгол Улсын нүүрсний эскпорт нэмэгдэж, түүхий эдийн үнэ өссчээ. мөн ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй
“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн эерэг нөлөөгөөр хөрөнгө оруулагчдын итгэл сэргэснээр эдийн засгийн гүйцэтгэл сайжран хүлээлтээс өндөр гарлаа.
Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нийт 104.8 сая зээлжих тусгай эрх буюу 152.8 сая ам.долларын санхүүжилтийг хүлээн авсан байна. ОУВС-гаас дээрх хөтөлбөрийн 3 дугаар шатны үнэлгээг гүйцэтгэж, үр дүнг 2018 оны 3 дугаар сард танилцуулсан. Энэ үнэлгээнд Монгол Улсын бодит эдийн засгийн өсөлт 2018 онд 5 хувь, 2019 онд 6.3 хувьд тус тус хүрэх төсөөлөлтэй байгааг онцолжээ.
Түүнчлэн хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой банкны салбарын активын чанарын үнэлгээ /АЧҮ/-г олон улсад
хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дагуу гадаадын хөндлөнгийн аудитын компаниар амжилттай гүйцэтгүүлжээ. Үнэлгээний үр дүнд банкны салбарын нийт өөрийн хөрөнгийн дутагдал 2017 оны эцсийн байдлаар ДНБ-ий 1.9 хувьтай тэнцүү гарав. Ингээд Монголбанкнаас 9 сарын дотор буюу энэ оны 12-р сар сард багтааж
өөрийн хөрөнгөө 500 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх үүргийг арилжааны банкнуудад өгөөд байна.
Цаашид ОУВС-гийн хөтөлбөрт туссан зорилт, арга хэмжээг амжилттай хэрэгжүүлэх, төсвийн болон мөнгөний бодлогын харилцан уялдааг хангах, мөчлөг сөрсөн макро зохистой бодлого хэрэгжүүлэх нь Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой хэмээн дүгнэж байгаа юм.
Монгол Улсын төлбөрийн тэнцэл энэ оны эхний 4 сарын гүйцэтгэлээр 47.0 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх оны мөн үеэс 48.8 сая ам.доллараар буурсан үзүүлэлттэй байна. Санхүүгийн данс 193.7 сая ам.долларын ашигтай гарч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 49.5 сая ам.доллараар нэмэгдэв. Төлбөрийн тэнцлийн урсгал ба хөрөнгийн данс 2018 оны эхний 4 сарын гүйцэтгэлээр 357.2 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдлын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 239.9 сая ам.доллараар өсчээ.
Мөнгөний нийлүүлэлт /М2/ энэ оны 4 дүгээр сарын байдлаар 30.3 хувь байна. Мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлтийн 25.8 нэгж хувийг бусад хадгаламжийн өсөлт, 4.5 нэгж хувийг М1 мөнгөний өсөлт бүрдүүлж байна.
2018 оны 4 дүгээр сарын нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 2784.8 тэрбум төгрөгт хүрч төлөвлөсөн хэмжээнээс 13.3 хувь буюу 326.8 тэрбум төгрөгөөр өссөн бол төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 2492.6 тэрбум төгрөгт хүрч төлөвлөсөн хэмжээнээс 10.7 хувиар буюу 240.4 тэрбум төгрөгөөр давж биелжээ. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн
нийт орлого төлөвлөгөөнөөс ийнхүү давахад ААН-ийн орлогын албан татвар 128.7 тэрбум төгрөг, НӨАТ 139.3 тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 34.9 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 6.1 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн дүнгээс их хэмжээгээр давсан нь ихээхэн нөлөөллөө. Харин татварын бус орлого тайлант хугацаанд 65.2 тэрбум төгрөгөөр тасарсан нь нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын өсөлтөд сөргөөр нөлөөлжээ.
Банкны салбарын хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн 69.4 хувь нь уул уурхай,
боловсруулах үйлдвэрлэл, барилга, бөөний болон жижиглэн худалдааны салбаруудад төвлөрсөн аж. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 41 хувийг дээрх 4 салбарт олгосон зээл бүрдүүлж байна.
Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 537 Банк бус санхүүгийн байгууллага, 288 Хадгаламж зээлийн хоршоо, 17 Даатгалын компани үйл ажиллагаа явуулж буй юм. Тэдгээрийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа хэдий ч банкнаас бусад санхүүгийн байгууллагуудын санхүүгийн салбарт эзлэх хувь бага хэвээр байгаа.
Энэ оны 1 дүгээр улирлын байдлаар давхардсан тоогоор банкны систем дэх нийт 6 сая харилцах, хадгаламжийн данс эзэмшигч, 7.4 сая ширхэг данс, 18 их наяд
төгрөгийн дансны үлдэгдэл байна.
Тус тайланг боловсруулахдаа албан ёсны эх сурвалж, статистикт үндэслэсэн нийт макро эдийн засаг, санхүүгийн салбарын нөхцөл байдал, хандлагын талаар харилцан уялдаа бүхий мэдээлэл өгөх зарчмыг баримталжээ.