Монгол Улс 2030 он гэхэд нийт цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 30 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангана гэж байгаа. Тэгвэл Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 15 МВт-ийн “Гэгээн” нарны цахилгаан станц ашиглалтад орлоо.
Энэ цахилгаан станц нь Замын-Үүд сумын гуравдугаар багт 40 га талбайг хамарч байна. Японы "Шигемицү Шожи" болон "Шарп корпораци", Монголын "Эрчим тээг" компанийн хөрөнгө оруулалтаар "Наран тээг" компани барилга угсралтыг нь гүйцэтгэжээ.
"Гэгээн" станц жилдээ 32 сая кВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай. Хөрөнгө оруулагчид уг станцыг манай орны эрс тэс цаг агаарын нөхцөлд тэсвэртэй хамгийн сүүлийн үеийн технологиор бүтээсэн хэмээн мэдэгдэж байгаа. Нарны цахилгаан станц нь байгаль орчинд ээлтэй технологи. Тухайлбал, "Гэгээн" цахилгаан станц агаарт тархаж буй хүлэмжийн хийг 834 мянган тонноор бууруулж, 27 мянган тонн нүүрс, 202 мянган тонн усны хэрэглээг хэмнэх юм. Үүнээс гадна эдийн засгийн үр ашгийг нь тооцвол 20 ажлын байр бий болж, 25 жилийн дотор 37.11 тэрбум төгрөгийн орлогыг улсын төсөвт оруулахаар тооцооцоо гарчээ.