-79 дүгээр сургуулийн захиралд ёс зүйн хариуцлага тооцно-
Өнөөдрийн Засгийн газрын хуралдааны дараа БСШУС-ын сайд Цогзолмаа ЭЕШ болон 79 дүгээр сургууль дээр болсон үйл явдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Мэдээллийг нь тоймлон хүргэе.
Монгол Улсын хэмжээнд 2017-2018 оны хичээлийн жил хамгийн олон 12 дугаар ангийн төгсөгчидтэй байлаа. Дунджаар жилд 12-21 мянган хүүхэд төгсдөг бол энэ жил 43824 хүүхэд төгссөн. Эдгээр хүүхдүүд 49 шалгалтын төв дээр 1302 танхимд хуваагдан ЭЕШ-аа өглөө. БСШУСЯ-наас ямар нэгэн байдлаар шалгуулагчдыг хохироохгүй байх тал дээр ихээхэн анхаарал хандуулж ажилласан. Хүүхдүүд маань ч гэсэн бүрэн дүүрэн бүртгэлдээ хамрагдаж чадсан байгаа.
Өнөөдрийн байдлаар олон хүүхэд хохироосон гомдол гараагүй байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ЭЕШ өгсөн гэдгээрээ онцлог болсон. Хамгийн сүүлийн шалгалтыг өнөөдөр авч дуусч байна. Ирэх сарын 2-4-ний хооронд бүх шалгуулагчдын дүн нийтэд зарлаж батламжийг нь гардуулж өгнө. Боловсролын үнэлгээний төвд шалгалттай холбоотойгоор арван гомдол ирсэн. Долоо нь шалгалтаасаа хоцорсон гэх гомдол байна. Өчигдөр цахим орчноор явсан мэдээллийг та бүхэн мэдэж байгаа байх. Яармагийн гүүрэн дээр болсон ослоос болж хоёр шалгуулагч шалгалтаасаа хоцорсон. Шалгалтаас хоцорсон хүүхдүүдийг дахин шалгуулалтад хамруулах Эрх зүйн зохицуулалт байхгүй. Мөн шалгалт яг л цагтаа эхэлж, материал задарсан эхэлсэн. Бид ЭЕШ эхлэхээс цагийн өмнө ирсэн байх ёстой гэдэг мэдээллийг хангалттай өгсөн. Ингэж анхааруулсаар байхад хоцорсон нь хариуцлагагүй явдал.
Үнэхээр ноцтой замын бөглөрөл байсан л юм бол хүүхдүүд маань сургууль руугаа гүйчих л ёстой байсан юм.
Харин нэг хүүхэд шалгалтын байран дахь тоног төхөөрөмж их шуугьсан гэсэн гомдол гаргасан. Тухайн үеийнх нь бичлэгийг эргэж үзээд хүүхдүүдэд нөлөөлөх хэмжээнд байгаагүй гэж үзсэн. Нөгөө хүүхэд маань яг дэргэд нь сууж байсан болохоор нөлөөлсөн байж магадгүй гэж тогтоосон. Бас нэг гомдол нь харандаагаар бөглөх ёстой шалгалтын материалаа балаар бөглөсөнтэй холбоотой. Албан ёсоор ирсэн нэг гомдол нь шалгалтын байрны дэргэд барилгын аижл явагдаж байсан нь анхаарал төвлөрөхөд саад учруулсан гэж байгаа.
Ямартай ч гомдлуудаас дүгнээд харвал энэ жилийн шалгалтын материалын тест задраагүй, олон хүүхэд хохирсон ямар нэгэн тохиолдол гарсангүй. Мөн шалгалтын материалуудын агуулгатай холбоотой гомдол ч ирсэнгүй.
Сүүлийн үед хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй орчинтой холбоотой хоёр ч асуудал дарааллаад гарлаа. Хүүхдийн паркийн тоглоом эвдэрснээс үүдэн 4, 5 хүүхэд гэмтсэн. 79 дүгээр сургууль дээр болсон үйл явдлыг миний хувьд орой 20:00 цагийн үед мэдсэн. Харин өглөө нь манай яамнаас ажлын хэсэг гарч тус сургууль дээр ажилласан байгаа. Яг юу болсон бэ гэдгийг нягтлаад үзэхээр тухайн үед дөрөв, таван хүүхэд тоглож байсан юм билээ. Хэдийгээр сургууль тарчихсан ч гэсэн хүүхдүүдэд маань тоглох орчин хомс учир тэр талбайд тоглож байж. Гэвч нэг хүүхэд харамсалтайгаар амиа алдлаа. Аюулгүй байдлыг хангаж чадаагүй нөхцөл байдал үүссэнийг тухайн сургуулийн ажил хүлээлцсэн манаач нар, сургуулийн удирдлагууд ч анзаараагүй байгаа юм. Аюулгүй байдлыг хангах нь тухайн сургуулийн орчинд цалин аваад ажиллаж байгаа хүмүүсийн үүрэг. Сая хотын дарга Батболдтой ярилцаад тус сургуулийн захиралд захиргааны арга хэмжээ, ёс зүйн хариуцлага тооцохоор болсон. Мөн тухайн үед ажиллаж байсан манаачид ч анхааруулга өгнө. Аюулгүй орчин бүрдүүлж чадаагүй байгаа үедээ хүүхдүүдийг оруулахгүй байх ёстой. Тухайн газарт нь анхааруулга, сэрэмжүүлэг хадаж, наах ёстой. Мөн тус сургуулийн захирал хүүхдийг ялгаварласан ёсзүйгүй мэдэгдэл хийсэн нь хариуцлагагүй үйлдэл гэж харж байгаа. Засгийн газар амиа алдсан хүүгийн ар гэрээс уучлал хүсч, эмгэнэл илэрхийлж байна.