Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.Даваасүрэн: Оросын хөрөнгө оруулагчдад Баруун бүст барих 60 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станцын төслөө танилцуулсан


Үйлдвэрлэл, худалдааны “Ган хийц” ХК-ийн ерөнхий захирал, Монгол Улсын зөвлөх инженер М.Даваасүрэнгээс  “Монгол- Оросын санаачилга 2018” чуулганы үеэр хөрөнгө оруулагчдад ямар төсөл санал болгож буй талаар нь тодрууллаа.

-Та бизнес эрхлэгч хүний хувьд энэ эдийн засгийн чуулга уулзалтын талаар ямар бодолтой байна вэ?

-Бид түүхээ эргэн харвал ОХУ-тай олон зуун жилийн харилцаатай. Эзэн Чингис хаанаас хойш түүний хүү Бат аугаа их орос орны байгуулах асуудлаас эхлэлтэй. Монгол Улсын эдийн засгийн харилцаа хөрш хоёр гүрэнтэй салшгүй холбоотой. Энэ хоёр хөрштэйшээ найрсаг харилцаатай байж Монгол Улсын хөгжил дэвшилд боломж нээгдэнэ. Ийм учраас   “Монгол- Оросын санаачилга 2018” арга хэмжээ бол Монголын ард түмний хөгжлийн дараагын гарц гэж хэлж болно. ОХУ-ын бизнес эрхлэгчид хамтарч ажиллах асуудал тавьж байна. Орос оронд шинэ техник, технологи нэвтрүүлсэн хүмүүс манай бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах санал тавьж байгаа. Бид үүнд талархалтай хандаж алдаж болохгүй. Энэ боломжийг ашиглаж хамтран хөгжих ёстой.

-Эдийн засгийн ямар ямар салбарт хамтран ажиллах сонирхол түлхүү байна вэ?
-Барилга, уул уурхай, машин техник, технологийн салбарт хамтран ажиллах санал түлхүү тавьж байна. Өөрөөр хэлбэл газар доорх болон дээрх баялгыг эцсийн бүтээгдэхүүн болгох, үүнд хөрөнгө оруулалт хийх, шинэ технологи нэвтрүүлэх сонирхолтой байгаа юм. Бид чинь нэг бүс нутагт оршдог хоёр том гүрэнд эцсийн бүтээгдэхүүн экспортолдог болох хэрэгтэй. Үүний төлөө л хамтарч ажиллах ёстой.

-Тэгэхээр хамтран ажиллах гэрээ хэлцэл хийж буй газрууд хэр байгаа вэ?

-Байгаа. Өнөөдөр Монгол, Оросын банкууд хамтран ажиллах гэрээ хэлцэл хийж байна. Аливаа хөрөнгө оруулалт хийхэд хоёр улсын банкуудын хамтын ажиллагаа чухал. Байгуулах үйлдвэрийнхээ ТЭЗҮ боловсруулсан бол хөрөнгө оруулалтын асуудлыг бүрэн шийдэх боломжтой хэмээн Оросын талаас мэдэгдэж байгаа. Нөгөө талаар манай банкууд хамтарч ажиллах боломж бий гэдгээ хэллээ.

-Танай компанийн хувьд ямар байдлаар Оросын талтай хамтран ажиллах сонирхолтой байна вэ?
-Манай компани эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхолоо илэрхийлсэн. Тухайлбал, Баруун бүс нутгийг эрчим хүчээр хангах цахилгаан станц барих саналтай байгаа. Өнөөдөр манай улс Оросоо нэг кВт эрчим хүчийг 72 центээр худалдан авдаг. Тэгэхээр гурван жилд өртөгөө нөхөж Монголоос гадагшлах валютыг багасгах бага хүчин чадалтай цахилгаан станц барих төсөл бий. Эхний ээлжинд 60 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барина. Үүнийгээ дэс дараатай хүчин чадлыг нь нэмэгдүүлэх юм. Ингээд Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системд холбогдох учиртай.

-Танай компанийн энэ төсөлд хэдий хэрийн хөрөнгө оруулалт шаардлагтай вэ?

-Бидний боловсруулсан тооцоогоор 67.5 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагтай. Оросын банкуудад төслөө танилцуулж хөрөнгө оруулах санал тавьлаа. Манай төслийг судалж үзээд нааштай хариу өгнө гэж найдаж байна. Хамгийн гол нь Монголын төр тогтвортой байгаасай. Яг хөрөнгө оруулалт хийх гээд гарын үсэг зурах гэхэд хэт их улс төржилт бүх бизнесийг нураадаг талтай шүү дээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан