Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ш.Батсайхан: Дотоодын ачаа тээврийг хувийн хэвшлийн оролцоотой зохион байгуулна


"Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-аас Ачаа тээврийн цахим систем нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа талаар тус үйлдвэрийн газрын дэд захирал Ш.Батсайхантай ярилцлаа.

-Ачаа тээврийн шинэ систем нэвтрүүлж байгаа гэсэн. Энэ талаар танилцуулахгүй юу?

-Монгол Улс эдийн засгийн хөгжлийн дунд түвшинд хүрч байгаа гол салбар бол тээврийн салбар. Тэр дундаа авто тээврийн салбар нь Монгол улсын ДНБ-ний 18.4%, ажиллах хүчний 30.3%-ийг эзэлдэг боловч тээврийн нэгдсэн бодлого, дотоодын ачаа тээврийн бүртгэлжүүлсэн системгүйгээс хот хоорондын ачаа урсгалын хэмжээ, бүсчилсэн тээвэрлэлтийн хэмжээ зэрэг нь тодорхойлох боломжгүй, нэгдсэн тайлан гаргах асуудал чухлаар тавигдаж байна. Иймээс хот хоорондын ачаа урсгалын хэмжээ, тээвэрлэлтийн нөхцөл, ачааны даацын дундаж хэмжээ болон нийлүүлэлтийг үндэслэн Улаанбаатар хотоос Хөдөө орон нутгууд руу чиглэсэн ачаа урсгалын судалгаа /Нарантуул ОУХТ/, Хөдөө орон нутгаас Улаанбаатар хот руу чиглэсэн ачаа урсгалын судалгааг хийсэн. Ачаа тээврийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй, хямд хүргэх боломжийг бүрдүүлэх, ачаа, барааг цахим хэлбэрээр захиалах, хүлээж авах, бүртгэлжүүлэх, нэгдсэн зохион байгуулалтад оруулах зорилгоор тээвэрлэлтийн нэгдсэн системийн шаардлагыг холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд судлан боловсруулах хамтарсан ажлын хэсэг байгуулснаар ачаа тээврийн шинэ системийг үйлчилгээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.

-Тэгэхээр ачаа тээшний үйлчилгээ ямар байдлаар зохион байгуулалтад орох вэ?


-Тухайн ачаа илгээгч интернет орчинд цахимаар болон гар утаснаасаа ачаа тээврийн нэгдсэн программд нэвтрэн орж ачаагаа ангилж, үнэ тарифыг нарийн тусгахаар судалгаа хийгдэж байна. Өнөөгийн ачаа тээвэрлэлтийн зохион байгуулалт нь бусдын хэлсэн өртгөөр ачаа бараагаа тээвэрлэж байгаа бол энэхүү системийг хэрэгжүүлснээр нийслэлийн бүтээн байгуулалт хүрээнд баригдах логистикийн төвүүдтэй уялдуулж тээвэр зохион байгуулалтыг хийх юм. Зарим худалдааны төвүүдэд мини логистикийн төвийн хэмжээнд зохицуулалт хийх шаардлага байгаа тул хүсэлтээ хүргүүлээд байна.

-Ачаа тээшийг дайвар байдлаар хүнд өгч явуулах байдал арилах нь ээ?

-Одоо байгаа ачаа тээврийн үйлчилгээ нь томоохон худалдааны төв, вокзалууд дээр ачаа тээш зөөдөг хувь хүмүүст өөрийн биеэр хүргэж өгөөд тухайн тээвэрлэгчийн хэлсэн үнээр л хүргүүлдэг. Энэ үйлчилгээ нэвтэрснээр интернет орчинд өөрийн хүсэлтээ илэрхийлж, ачаа тээшнийхээ ангилал, овор хэмжээ, жинг оруулж, бүхээгтэй, хөргүүртэй, задгай гэх мэт төрлүүдээ сонгож, хүргэх цэгээ сонгосноор ачаа тээш даатгалтайгаар эцсийн цэгтээ очих юм. Үүнийг илгээгч хаана хэдэн цагийн дараа очих, ямар хурдтай явж буй зэрэг бүхий л мэдээллийг харах боломж бий болно. Ингэснээр бусдад дайж явуулах, ачаа тээшний бүрэн бүтэн байдал алагдах, хэлбэр хэмжээ, чанар нь алдагдах байдал үгүй болно гэж ойлгож болно. Ачаа бараа нийтийн тээврээр зорчиж байгаа зорчигчийн адил GPS-ийн хяналтанд орох боломж үүсч байна. Захиалга авч хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг хувийн хэвшил, аж ахуй нэгжүүдийг дэмжихийн зэрэгцээ тэднийг нэгдсэн зохион байгуулалтад оруулах боломж бий болох юм. Ачаа барааг тогтмол тээвэрлэж байгаа хувь хүмүүс, байгууллагуудыг нэгтгэх, тэднийг мэргэшүүлэх, сургалтад хамруулах зэрэг арга хэмжээг шат дараатайгаар хэрэгжүүлнэ.

-Хэзээ хэрэгжиж эхлэх вэ, үнэ тарифын хувьд ямар байх вэ?

-Эхний ээлжинд бид 6 сарын хугацаанд туршилтийн байдлаар хэрэгжүүлж, 2019 оны нэгдүгээр улиралд энэ үйлчилгээг жигдрүүлэх зорилготой байна. Үнэ тарифын хувьд ачаа тээшнээсээ хамаарч одоогийн тээвэрлэлтийн үнээс хэтрүүлэхгүй байхаар судалж байна. Монгол Улсын хэмжээнд хот хооронд, орон нутгийн чиглэлд тээвэрлэгдэж буй ачаа урсгалын статистик мэдээ, бүртгэл мэдээллийн сан байхгүй, тогтсон үнэ тарифгүй, зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэгддэггүй, ачаа бараа эвдэрч гэмтсэн, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд хариуцах эзэнгүй, даатгалд хамрагддаггүй, ачааны баталгаажуулалт, хяналтын систем байхгүй зэрэг нэгдсэн зохион байгуулалтгүйгээс иргэд, тээвэрлэгч нарт хүндрэл учирч, тээвэрлэлтийн зардал энэ хэрээрээ өндөр байна. Хот хоорондын тээвэрт баруун бүс зонхилдог бөгөөд 5-20тн даацтай тээврийн хэрэгслээр сард дунджаар 2-3 удаа, 24-48 цагт тээвэрлэлт хийдэг. Ачаа дүүргэлтийг 4-6 хоног хүлээдэг бөгөөд ихэвчлэн Хүнс, өргөн хэрэглээний бүтээгдэхүүн тээвэрлэдэг. Дээрх судалгаануудаас харахад ачаа тээвэрлэлтийн нэгдсэн тариф байхгүй жолооч хүссэн үнээ хэлдэг тохиролцдог байдал нь тээврийн үнийн өсөлт явагдах, эрсдэл өндөр, цаашилбал дотоодын ачаа урсгалын хэмжээ буурч, ачаагаа явуулах хэрэглэгч багасч, гуравдагч талын оролцоогүйгээр аль болох өөрийн тээврийн хэрэгсэлд ачих сонирхол ихэссэн нь бодит байдал дээр ч, судалгааны тоо баримт дээр ч харагдаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан