Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Далай бол өдөр бүр сэлдэг ”бассейн” биш


Харилцаа холбоо мэдээллийн технологийн газраас зарласан “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдаанд шалгарсан бүтээлийг хүргэж байна.

Интернэт бол мэдээллийн зах хязгаар нь үл харагдах их далай.Энэ их далайд сэлж сурч гэмээнэ өөртөө боломж бий болгодог “хууль” үйлчилдэг. Чадахгүй бол самардсаар яваад живэх зам бий. Өнөөдөр томчуудаас илүү хүүхдүүд энэ далай руу шунан тэмүүлж, хорхойсон донтож байна. Гэтэл далай бол өдөр бүр сэлдэг "бассейн" биш. Бид хүүхдүүдээ мэдээллийн энэ далайд сэлж сурахад нь чиглүүлэгч байж, аврах хантааз, аврагч бэлтгэх юу юунаас чухал болсныг доорх жишээнүүд бэлхнээ илэрхийлнэ.

Хэзээ хөлөө дүрдэг вэ

“Хэлд ч ороогүй байж интернэтээс хүүхэлдэйн кино үзчих юмаа” хэмээн бид багачуудаа өхөөрддөг болсоор хэдэн жил болов. Хүн гэх оюун ухаант бодгалийн интернэт хэрэглээ энэ үеэс л эхэлдэг болсон. Өөрөөр хэлбэл, хэлд ч бүрэн оролгүй их далай руу хөлөө дүрж үзэж байна. Судалгаагаар АНУ-д 2 настнуудын 90 хувь нь эцэг эхийнхээ утас, таблетаар интернэтэд орж үзсэн байхад 5 настнуудын 50 гаруй хувь интернэт ашигладаг аж. Багачуудын интернэт хэрэглээ ийм өндөр байгааг далимдуулж томчууд хялбар ашиг хонжоо олох хэрэгсэл болгодог. Хүүхэлдэйн баатрын хувцас өмсөөд элдэв ааш аяг гаргадаг томчуудын бичлэг  үзэж байгаа хүүхдийг та анзаарч байв уу. Хамгийн хайртай үлгэрийн баатрууд нь хоорондоо гэрлэчихсэн, эсвэл эвлэршгүй дайсан болж бие биенээ зэрлэгээр хөнөөдөг хүүхэлдэйн 3D кино олон байдгийг та хүүхдийнхээ зочлоод гарсан хаягуудыг сөхөөд л мэдэрч болно.
Дэлхий нийтэд тархсан жишээ бол “ELSAGATE” хэмээх нэрийн дор байршуулсан хүүхэлдэйн баатрын хувцастай томчуудын элдэв хачин бичлэг. Зарим нь 1,7 тэрбум хүртэлх хандалт авсныг харахад бага насныхны интернэт хэрэглээ ямар төвшинд байгааг төвөггүй мэдэж болох юм. Гэтэл дэлгэцэнд шунах цахим хэрэглээнээс болж хүүхдийн сэтгэлзүй тогтворгүй болох, бусдыг дууриан элдэв үйлдэл хийх, сэтгэлзүйн гутралд орох, хайртай баатруудаа үзэн ядах гэх мэт хямрал илэрч буйг анзаарсан эцэг эхчүүд “youtube” компанид удаа дараа гомдол гаргаж, эмч мэргэжилтнүүдтэй хамтран анхааруулсны ачаар элдэв хачин өгүүлэмжтэй бичлэгийг устгаж эхэлсэн аж. Гэсэн ч маргааш нь өөр баатар, үйл явдлаар эсвэл ази хувилбартай болоод л гарч ирсээр байгаа нь харамсалтай.

Ийн хайртай баатруудаар нь дамжуулан бага насны хүүхдийг цахим ертөнцөд уруу татах нь тэднийг дэлгэцийн дон гэгч нэг төрлийн өвчтэй болгож буй юм. Эрдэмтдийн нотолсноор энэ бол шинжлэх ухаанд тусгай судлагдахуун болж байгаа өвчин. Дэлгэцийн өмнө суух зуршил нь хэсэг тасалдахад л элдэв ааш аяг гаргах байдал ажиглагдвал таны хүүхдэд өвчний шинж тэмдэг илэрч эхэлж байна гэсэн үг. Энэ нь, өсвөр насанд нийгмийн сүлжээний буюу  FOMO хэмээх мэдээллээс хоцрох вий гэх айдас бүхий дон болон хувирч байгаа аж. “Дэлгэцийн дон бол хар тамхи, архи шиг л хүний сэтгэцэд нөлөөлдөг. Хэрвээ донтсон нь тодорхой бол магадгүй таны хүүхдээс насан туршид нь тэвчлийн байдлыг шаардана. Эмчлүүлж, эмчлүүлчихээд эргээд л архиа уудаг архичин шиг л сэдрэх шинж тэмдэг илэрдэг”хэмээн СЭМҮТ-ийн эмч анхааруулж байна. Тиймээс бид хүүхдээ эхлээд энэ өвчнөөс хамгаалахад анхаарлаа хандуулах хэрэгтэй болсныг анзаарья.

Хязгааргүй их далайн гүн рүү...

Ердөө хэдхэн хоногийн өмнө сонссон нэг жишээг дурдая. Дүүгийн найз нь 14 настай охинтой. АНУ-д цөөнгүй жил амьдарсан болохоор хүүхдээ ч чөлөөтэй өсгөжээ. Монголд ирээд жил гаруй болсон ч сүүлийн хэдэн сар охин нь өрөөнөөсөө ч гарахгүй, гөлөрсөн харцтай, дуу муутай болсныг анзаарсан ээж нь эмчид хандсан байгаа юм. Гэтэл “Киногоо орчуулаад үздэг болжээ” хэмээн бахархаж байсан охин нь “анимэ” гэх хүүхэлдэйн киноны ертөнцөд амьдраад хэдэн сар болсныг ээж нь эмчээс л сонссон гэнэ. Охин зөвхөн өөртөө зориулан орчуулж, түүндээ дурлаж, тэр баатруудыг нь үлгэр дууриал мэт ойлгон, гадаад ертөнцөөс өөрийгөө алгуурхнаар тасалсаар дэлгэцийн өмнөх ертөнцөд амьдарч эхэлсэн байв. Дээр дурдсан дон нэг хэлбэрээр ийн илэрч.

Бидний хэнийх нь ч үр хүүхдэд тохиолдож болзошгүй жишээ бол энэ. Өмнө нь PC буюу компьютер тоглоомын донгийн тухай л бид бичдэг, ярьдаг байлаа. Гэтэл энэ дон өдрөөс өдөрт хувирч өөрчлөгдөн нас, хүйсийн ялгаваргүй болжээ. 

Сөүлийн их сургуулийн судлаач монгол залуу нийслэлийн таван хүүхэд тутмын нэг нь ухаалаг утсанд донтсон байна гэдгийг түүвэр судалгаагаар илрүүлсэн нь ч бий. Энэ бол цөөн хүрээнд хийсэн судалгааны дүн.

Хөвгүүдийг элдэв муу зуршилд түлхдэг гол донтолт бол компьютер тоглоом. Харин охидын хувьд олон нийтийн сүлжээ болж. Энэ нь сэтгэлзүйн дарамтанд өртөх, гадуурхал, доромжлолын бай болох тохиолдлыг нэмэх болсон байна. Өөрөөр хэлбэл өмнө дурдсан фомо гэгч донгоос үүдсэн сөрөг талууд.

Англи, АНУ-д хийсэн судалгаагаар хүүхэд залуусын 87 хувь нь цахим гадуурхлын гэрч болсон, сурагчдын 34 хувь нь өртсөн гэж хариулжээ. Холливуд энэ талаар анхааруулж, нэг байтугай кино хийснийг бид мэднэ. 2015 онд цахим гадуурхлын улмаас амиа хорлосон охины тухай өгүүлсэн “Unfriended” кино багагүй шуугиан тарьж байсныг саная. Азийн кино ертөнцийнхөн ч энэ сэдвийг хөндөж буй.
УЕПГ-аас танилцуулсан тоо. Өсвөр насныхан сэтгэлзүйн тогтворгүй байдал, бусдын нөлөөнд автсан,  доромжлолыг хүлээн зөвшөөрч чадаагүй гэх зэрэг шалтгаанаар амиа хорлодог гэдэг ч сүүлийн жилүүдэд цахим орчноос хэт хамааралтай өнөөх донтолтоос үүдэж энэ тоо эрс нэмэгдэж.

Миний хүүхэд лав биш гэж бодож болох ч яг одоо хүүхдээ юу хийж байгааг хараарай. Дон гэдэг үгүйсгэл ихтэй өвчин хэмээн сэтгэлзүйчид зүгээр ч нэг анхааруулаад байдаггүй биз. Загнах, зандрахаасаа өмнө чиний найдаж болох хүн зөвхөн эцэг эх чинь гэдгийг хүүхэддээ мэдрүүлье.

Томчууд бид хүүхдийнхээ цахим хэрэглээнд хэрхэн хараа хяналт тавьж чаддаг юм бэ ер нь? Одоогоор манайд тогтсон тоо баримттай судалгаа ховроос ойроор нь Оросын жишээг нэг биш дурдая. Орост 9-10 насныхны 70 хувь нь, 13-аас дээш насныхны 90 хувь нь эцэг эхийн эзгүйд хяналтгүй интернэт ашигладаг гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

Буллинг, секстинг, фомо...? гэх мэтийн хачин нэр томъёонууд цахим орчны хязгааргүй, хяналтгүй хэрэглээг даган буй болсоор. Магадгүй бид одоо л сонсч байгаа энэ нэр томъёог цахим дарамт, садар самуунд уруу татах, мэдээллээс хоцрох айдас гэх зэргээр орчуулж эхэлж байхад хамаарах жишээнүүд нь Монголд аль хэдийнэ “зочилсон”-ыг гэмт хэргийн мэдээллээс харж байна.  Хэдэн сарын өмнө олон нийтийн сүлжээгээр 21 настай бүсгүй 43 настай эртэй танилцаж, уулзан хүчирхийлэлд өртөж, гэрт нь олон хоногоор хоригдсон хэрэг гарсныг мартаж боломгүй.

Оросын судалгаагаар хүүхдүүдийн талаас илүү хувь нь интернэтээр огт танихгүй хүнтэй харилцаа тогтоож, уулзсан гэжээ. Харин уулзсан хүүхдүүдийн 20 хүрэхгүй хувь нь эцэг эхдээ энэ тухай хэлж. Өсвөр насныхны хэрэгт орооцолдсон шалтгааны дийлэнх нь "сонирхоод л" гэдэг үг байдгийг та мэдэх үү.
Сэтгэл эмзэглүүлэм тоо байгаа биз. Тэртээ АНУ-д эсвэл Англид, ойрдоо Орост л гардаг хэмээн бодож байсан аймшигт хэргүүд өнөөдөр хаяанд биш хаалга тогшоод ороод ирчихсэн байна.

Далайд учирсан  “Цэнхэр халим”

Улиг болсон жишээ мэт санагдавч заавал анхааруулж, эцэг эх бүрийн сонорт хүргэх ёстой зүйл болов уу гэх үүднээс ахин онцоллоо.

Жилийн дотор 130 гаруй хүүхдийн аминд хүрсэн “цэнхэр халим” гэх олон нийтийн сүлжээг үүсгэгч Филипп Будейкин 50 хоногийн турш хүүхдүүдийг сүрдүүлж, дэлгэцийн өмнө “уяж”, эцэст нь амиа хорлоход хүргэж байсан шалтгаанаа “Дэлхийгээс амьд хогийн савнуудыг зайлуулахыг хүссэн учраас...”  хэмээн цагдаад тайлбарласан гэнэ. Олон нийтийг гүн цочролд оруулсан энэ хэргийн эздэд хуулийн хатуу хариуцлага хүлээлгэнэ гэдгээ ОХУ-ын Ерөнхийлөгч тэгэхэд амласан юм. Ганцаардсан хүүхдүүдийн дэлгэцийн өмнө суух донд дөрөөлж,олон нийтийн сүлжээгээр дамжуулан өөрийн эрхшээлд оруулж, сэтгэл санааны гүн хямралд хөтөлж байсан энэ сүлжээгээ тоглоом гэж тодорхойлсон ч нэг төрлийн бизнес байсныг Оросын цагдаагийнхан баталсан.  Харамсалтай нь, энэ тэнэглэл 2017 оны тавдугаар сард Монголд нийгмийн сүлжээгээр тарж, 300 гаруй хүүхэд нэгдэж, эхнээсээ бие махбодидоо аюул учруулсныг цагдаагийнхан илрүүлж, сэрэмжлүүлэг хүргэснийг уншигч та санаж байна уу. Хүүхдүүд маань шунан тэмүүлэх тусмаа нээж үл болох цонхыг ч онгойлгож үзэж байна. Мэдээж энэ бол зөвхөн монгол хүүхдүүдэд тохиолдсон юм биш. Азид, Европод ч хүүхдүүд энэ аюулын хаалгаар орж зарим нь амиа алдсан.

Европын орнуудад хийсэн судалгаагаар  үнэндээ цахим хэрэглээнээс үүдэж хүүхдэд учирч болох эрсдэлийг эцэг эхчүүд хоёр дахин багаар төсөөлж, тооцдог байв.Өөрөөр хэлбэл интернэтийн зохисгүй хэрэглээ нь хүүхдүүдэд маань төсөөлснөөс хоёр дахин илүү хор учруулдгийг томчууд мэддэггүй гэсэн үг. Ердөө л танаас илүү цагийг дэлгэцийн өмнө өнгөрөөж байгааг хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Гэтэл хүүхдүүдэд маань өнөөх дон гэгч өвчний эхний шинж тэмдгүүд аль хэдийнэ илэрчихэж. Үүнээс үүдсэн муу бүхний суурь бүрдээд, тэд өртөөд эхэллээ.

Аврагч, аврах хантааз бэлэн үү ?

Хэрвээ хүсвэл зөвлөгөө, зөвлөмж бидэнд хангалттай юм билээ.  2008 оны 11 дүгээр сард Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас дэлхийн Кибер аюулгүй байдлын хөтөлбөрийн хүрээнд Хүүхдийг цахим орчим хамгаалах санаачлага дэвшүүлж, “Киберспэйс орчинд хүүхдийг хамгаалах нь” (Protecting Children in Cyberspace) төслөөр гаргасан томоохон зөвлөмжийг Харилцаа холбооны зохицуулах газар өөрийн сайтад  орчуулж, байршуулсныг  эцэг эх, сурган хүмүүжүүлэгч, сэтгүүлчид бид харахад гэмгүй.

Монгол Улсад Засгийн газрын 2010 оны тогтоол, “Мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр” зэргээр цахим гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлууд эрчимжиж эхэлсэн гэж болох.  2016-2020 онд Засгийн газрын хөтөлбөрт ч энэ тухай туссан.

2016 онд БСШУЯ-наас “Цахим гадуурхал цаашаа” үндэсний хөтөлбөр баталж,  шат шатны боловсролын байгууллагуудтай хамтран олон арга хэмжээ зохиосныг бид зах зухаас нь мэднэ. Хэдийгээр яамны мэргэжилтэнтэй уулзаж энэ тухай тодруулахыг хүссэн ч хариу өгсөнгүй хэдэн өдрийг барсан юм. Яаман дээр сахиж суусан ч утсаар ярьж ирсэнгүй хэмээн бангадуулаад зогсохгүй, утсаа авдаггүй мэргэжилтэнг сахиж хэдэн цагийг барснаар эцэст нь орхихоор шийдсэн. Энэ зургадугаар сард хөтөлбөрөө дүгнэх учраас тодорхой баримттай мэдээлэл дэлгэнэ гэж найдъя.  Сонирхоод байвал хамгийн олон талын судалгаатай бүтээл хийсэн нь Харилцаа холбооны зохицуулах газрын дэмжлэгтэйгээр хууль судлаач Л.Галбаатарын бичсэн нийтлэлүүд бололтой. Мөн Монголоос хандалт хийдэг нийт сайтын жагсаалтын 3841-т байгаа ч хэрэгтэй мэдээлэл арвинтай www.ekids.mn сайтыг онцолъё. Яг ижил төстэй агуулгатай www.happywebs.mn  сайт, Цагдаагийн ерөнхий газрын кибер гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн 40 мянган дагагчтай https://www.facebook.com/cybercrimemongolia/  зэрэг хаягаас мэдээлэл авах боломжтой. Гэхдээ вэб сайтын сэтгүүлчээр ажиллаж байгаа хэд хэдэн танилаас эдгээр сайтын талаар асуухад мэдэхгүй гэж хариулсныг энд дурдах нь зүй. ЦЕГ-ын кибер гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн олон нийтийн сүлжээний хаягийг бол мэдэх юм билээ.

Энэ нь төрийн байгууллагууд маань иргэдэд хэрэгтэй зүйл хийж байгаа ч сурталчлан таниулах тал дутдагийн жишээ. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагууд ашгийн төлөө хэт улайрч,  нийгмийн хариуцлага талыг орхигдуулдгийг сануулж буй ч байж болох.

Асуудлыг хариуцсан төрийн гол байгууллага болсон Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Ж.Азжаргалаас сүүлийн жилүүдэд энэ талаар хийж буй ажлуудыг тодруулсан юм. Тэрээр“ ХХМТГ, ХХЗХ, ГБХЗХГ хамтарсан тушаалаар Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах ажлыг эрчимжүүлсэн. Юун түрүүнд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь чухал учраас үүрэн холбооны компаниудтай хамтран хүүхдийн ашиглаж байгаа болон ямар ч бүртгэлгүй дугааруудыг бүртгэлжүүлж эхэлсэн. Мөн үндэсний хэмжээнд шүүлтүүрийн программ гаргах, интернэт тоглоомын газрын стандартыг шинэчлэх, олон нийт рүү чиглэсэн ухуулга, таниулгын ажлын хүрээнд гэр бүл, эцэг эхийг мэдээлэлжүүлж, чадавхижуулах, цахим орчны хэрэглээний журмыг шинэчлэх, энэ чиглэлийн мэдээллийн нэгдсэн сайт ажиллуулах, хэвлэл мэдээллийн салбарын оролцоог нэмэгдүүлэх, боловсролын байгууллагуудтай хамтран ангийн багшийн цаг дээр хүүхдүүдэд мэдээлэл олгох гэх зэрэг олон ажлыг хийж байгаа” гэв.

Хууль эрхзүйн хувьд Эрүүгийн хуулийн 2015 оны шинэчилсэн найруулгаар Хүүхэд гэр бүл нийгмийн цахим аюулгүй байдлын талаар тусгасан бол Хүүхэд хамгааллын тухай хуулийн 8 дугаар зүйлд Хэвлэл мэдээлэл, цахим орчинд хүүхэд хамгаалал гэж тусгайлсан заалт оруулсан байна. Үүнээс гадна Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх тухай хууль, Мансууруулах эм,сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль гэх зэрэг олон хуулиар цахим орчны хэрэглээг зохицуулж байдаг.

Олон улсын жишгээс харвал Европын орнууд тусгайлсан хуулиудыг өнгөрсөн хоёр жилд баталж, мөрдөж эхэлжээ. Жишээ нь, ХБНГУ “Нийгмийн сүлжээнд хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай хууль” баталж мөрдөх болсон. Ингэснээр нийгмийн сүлжээний компаниуд Германы хууль сахиулах байгууллагын хүсэлтэнд хариулах чиг үүрэг бүхий төлөөлөгч тус улсад ажиллуулах шаардлагыг хуульчилж өгчээ.

Тэгвэл бидний хувьд хамгийн түрүүнд суурь судалгаатай болъё. Хүүхэд интернэт орчинд хэдэн цагийг өнгөрүүлж, хэнтэй харилцаж, ямар мэдээлэл илүүтэй солилцож, эцэг эхийн хараа хяналт ямар төвшинд байгаа гэх зэрэг тодруулах шаардлагатай асуулт олон байна. Чухамдаа дэлгэцийн дон гэх нүүрлээд ирчихсэн өвчинг эхний үе шатанд нь барьж тогтооход л эцэг эх, багш, төрийн болоод төрийн бус байгууллагынхан томчууд бид анхаарлаа чиглүүлье.

Хүүхдийг өөрийг нь энэ ажилд татан оруулья. Учир нь хүүхдийн хамгийн их найддаг гурван секторыг онцолъё.Орост хийсэн судалгааг ахиад дурдая.

Энэ бол манайтай зөрж гарахгүй тоон баримт болов уу. Хэдийгээр Боловсролын яамнаас баталсан хөтөлбөр ёсоор “Ангийн багшийн цаг”-т энэ талаар мэдлэг олгохыг даалгасан ч багш цахим орчны талаар хүүхдээс давах мэдлэгтэй байж чадах бил үү. Гэтэл хүүхэд эцэг эх, гэр бүлийнхнээсээ илүү сургууль дээр нийгмийн харилцаа үүсгэж байгааг онцгойлон авч үзэх ёстой мэт. Тиймээс багш, сурган хүмүүжүүлэгч нарынхаа цахим мэдлэгийг дээшлүүлье.Сүүлийн жилүүдэд монголчуудын гадаадад ажиллаж амьдрах урсгал нэмэгдэхийн хэрээр өвөө, эмээгийн хяналтад байдаг хүүхэд олширсон нь нөгөө талаар хараа хяналтгүй цахим хэрэглээ, түүнээс үүдсэн донтолтыг  нэмэгдүүлж буй. Тэгэхээр багшийн болон сурагчдын оролцоог нэмэгдүүлж, мэдлэг мэдээллээр хангаж гэмээнэ цахим зохистой хэрэглээний талаар ярих биз.
Монголын сурагчдын холбоо, Харилцаа холбоо мэдээлэл технологийн газартай хамтран сургалт явуулж байгаа ч далайц нь төдийлэн өргөн байж чаддаггүй байна .

Мэдээж бодлого боловсруулагч, тодорхойлогч нарын үүрэг оролцоог багасгаж огт болохгүй. Гэхдээ томчууд бид өөрсдөө интернэт ертөнц дэх хэрэглээндээ цензур тавьж, хүүхэддээ үлгэр дууриал үзүүлэх соёлыг эзэмшиж, тэдэнтэй өнгөрүүлэх цагаа уртасгах нь цахим донтолтоос сэргийлж, хүүхдээ эрсдэлд өртөхөөс хамгаалах эхний алхам байх нь. Цахим засгийн үзүүлэлтээр дэлхийд 4-т ордог Сингапур улс олон нийтийн боловсролоор дамжуулан хэвлэл мэдээллийн боловсрол, ээлтэй цахим орчинг дэмжих гэсэн чиглэлээр ажилладаг гэжээ. Бид ч мөн олон нийтийн боловсрол, хэвлэл мэдээллээр дамжуулан цахим ээлтэй орчинг дэмжихэд гол анхаарлаа хандуулмаар. Хэвлэл мэдээллийнхэн бидний хувьд нийгмийн хариуцлагыг ухамсарлаж, энэ сэдэвт байнга анхаарал хандуулах ёстой нь тодорхой.

Гол нь таны хүүхдийн ирээдүй зөвхөн таниас шалтгаалдаг гэдгийг ахин ахин сануулах нь илүүц мэт боловч маргашгүй үнэн бол энэ. Та мэдлэгтэй мэдээлэлтэй байж гэмээнэ нэгэнт чиглээд ирж байгаа эрсдэлээс үр хүүхдээ аварна. Хүүхдийнхээ аврагч нь, аврах хантааз нь ердөө л эцэг эх бид өөрсдөө.  Эцэст нь, www.ekids.mn , www.happywebs.mn зэрэг сайтаар заавал зочлоод үзээрэй.

Н.Ууганбаяр

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан