"АЛТ-2” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 5 сарын хугацаатай “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аянг эхлүүллээ. Энэхүү аянаар аж ахуйн нэгж, байгууллагууд олборлосон алтаа Монголбанк болон арилжааны банкуудад худалдаж, алт тушаалтыг нэмэгдүүлэх, олон нийтийн дунд алт худалдан авах үйл ажиллагааны талаар сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх, холбогдох хууль, журмыг таниулах юм. Мөн Монгол Улсын гаалиар зөвшөөрөлгүй алт гаргах үйлдлийг бууруулах, хариуцлагатай уул уурхайг дэмжих, тэдний үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, Монголбанкны худалдан авч буй алтны үнийн талаар олон нийтэд байнга мэдээлэх аж.
Үр дүнд нь Монголбанкны алт худалдан авалт болон Монгол Улсын гадаад валютын нөөц нэмэгдэж, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоо сайжирна хэмээн үзэж байна.
Энэ аян 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд Монголбанк, түүний орон нутаг дахь салбар, хэлтэс болон арилжааны банкууд, УУХҮЯ, Ашигт малтмал, газрын тосны газар, Стандарт хэмжил зүйн газар, төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулна.