Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Арилжааны банкууд 511 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 1.9 хувьтай тэнцэх хэмжээний өөрийн хөрөнгийн дутагдалтай байна


УИХ-ын чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Улаан, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан болон Монголбанкны удирдлагууд өнгөрсөн баасан гарагт дараах мэдээллийг хийв.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, “Өнөөдөр Монгол Улсын банк, санхүүгийн салбарт томоохон өөрчлөлт шинэчлэл хийгдэж байна. Энэ нь банк, санхүүгийн салбарт сүүлийн 30-аад жилд хийгдэж байгаа томоохонд тооцогдох өөрчлөлт” хэмээн онцолсон юм. Энэхүү өөрчлөлтийг ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд хийж байгаа аж. Эхлээд арилжааны банкуудад активын чанарын үнэлгээг олон улсын аудитын томоохон компани болох “TWC” компанитай хамтран хийжээ.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Чанарын үнэлгээний үр дүн тун боломжтой гарсан гэж болно. Банкууд нийт дүнгээрээ 511 тэрбум төгрөг буюу буюу ДНБ-ий 1.9 хувьтай тэнцэх хэмжээний өөрийн хөрөнгийн дутагдалтай байна гэсэн дүгнэлт гарсан.   Үүнийг бид Монгол Улсын банк, санхүүгийн салбар тогтвортой ажиллах боломжтой, эрсдэл багатай гэсэн дүгнэлт гэж харж байна. ОУВС мөн ингэж үзэж өөрийн мэдэгдэлдээ энэ талаар дурдсан” гэлээ.
Чанарын үнэлгээний дараа Монголбанк арилжааны банкуудаас дутагдаж байгаа хөрөнгөө хэрхэн нэмэгдүүлэхээр тооцсон бизнес төлөвлөгөөг нь авчээ. Ингээд тэрхүү төлөвлөгөөнд ОУВС-тай хамтран дахин үнэлгээ хийсэн байна. Ингээд дутагдаж байгаа хөрөнгийг энэ онд багтаан босгож нэмэгдүүлэх даалгаврыг арилжааны банкуудад өгсөн байгаа юм. Төв банкнаас 28 их наяд төгрөгийн активтай банкны салбарт  511 тэрбум төгрөг босгоно гэдэг их тоо биш. Банкны салбар эрсдэлгүй байгаа энэ үед арилжааны банкууд энэ ондоо багтаан дутагдаж буй хөрөнгийг босгох бүрэн бололцоотой гэж  үзэж байна.
Гэвч ОУВС-гаас зөвлөсний дагуу Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлжээ. Уг хуулийн төслийг
Энэ долоо хоногт  УИХ дахь намын бүлгүүд, Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороод анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байна.

УИХ-ын гишүүн Ч.Улаан, “Монголын санхүүгийн салбарт сүүлийн 30 жилд хийгдээгүй өөрчлөлт, шинэчлэлт хийгдэх гэж байгааг Монголбанкны ерөнхийлөгч сая хэллээ. Энэ том өөрчлөлтийг хийхэд банкны хадгаламж эзэмшигчид болон харилцагчдад ямар нэг эрсдэл үүсгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, эрсдэл үүсэхээр байвал хадгаламж эзэмшигчид, харилцагчдад ачаалал очихгүй байх нөхцөл бололцоог урьдчилан бүрдүүлэхэд Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төслийн гол зорилго оршиж байгаа юм. Хадгаламж эзэмшигчид, харилцагчдын банкинд итгэх итгэл үнэмшил тогтвортой байснаар банкууд бүтцийн өөрчлөлтийн бодлогоо тогтвортой хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх ач холбогдолтой юм. Хэрвээ банкуудад хийх өөрчлөлт шинэчлэл хэд хэдэн үе шаттай явна гэж УИХ-ын гишүүд бид ойлгож байгаа.
Юуны өмнө банкууд дутагдсан хөрөнгөө нөхөөд, эдийн засаг санхүүгийн байдлыг илааршуулах үүргээ хариуцах ёстой. Энэ бол бүтцийн өөрчлөлтийн эхний үе шатанд хийгдэх ажил.
Дараагийн үе шатанд банкууд өөрсдөө дутагдсан хөрөнгөө нөхөж чадахгүй бол бусад сонирхож байгаа хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах замаар дутагдсан хөрөнгийг харилцагчдад ачааалал өгөхгүйгээр шийдэх учиртай. Энэ үе шатанд банкууд дутагдсан хөрөнгөө нөхөж чадахгүй байдал үүсвэл төр оролцож зохицуулах механизмыг энэ хуулийн төсөлд тусгаж өгсөн байгаа. Үүнээс үзвэл харилцагчид болоод хадгаламж эзэмшигчдэд ямар нэгэн эрсдэл, нэмэгдэл ачаалал очихгүй. Ингэснээр банкууд тогтвортой ажиллах маш чухал нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа.
Үндсэндээ харилцагч, хадгаламж эзэмшигчдээ хамгаалсан, банкуудын үүрэг хариуцлагыг өндөржүүлсэн, түүнийг төрийн хяналтад байлгаж үр дүнд хүргэх механизмыг агуулсан хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар үзсэн байгаа” хэмээн мэдэгдлээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан