Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Иргэдийн санхүүгийн зах зээлд итгэх итгэл нэмэгджээ


“NRCC” судалгааны байгууллага 2016 оны гуравдугаар улирлаас эхлэн санхүүгийн  зах зээлийн төлөв байдал, иргэд, хөрөнгө оруулагчдын хүлээлт ямар байгаа зэргийг хөндлөнгөөс тандан судалж байна.
Санхүүгийн салбарт хэрэгжүүлэх төрийн зохицуулалтыг төлөвлөхөд шаардлагатай бодит мэдээллийг цуглуулах, нэгтгэн дүгнэх, бодлогын хэрэгжилтийн хугацаанд иргэдийн итгэл, зах зээлийн талаарх мэдлэг, зах зээлийн оролцоонд гарч буй өөрчлөлтийг тандах зорилгоор явуулж буй уг судалгааг санамсаргүй түүврийн аргаар явуулдаг.
Улсын хэмжээнд 1000 орчим иргэдийг хамруулж, 2016 оны гурав, 2017 оны нэг, хоёр, 2018 оны нэгдүгээр улирлуудад буюу нийт дөрвөн улиралд тандан судалсны дүнг  СЗХ-ны  Судалгаа, эрсдэлийн шинжилгээний хэлтсийн дарга Н.Хүдэрчулуун, “NRCC” судалгааны байгууллагын судлаач Б.Алтанцэцэг, Б.Соёлмаа нар танилцууллаа.
Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар санхүүгийн байгууллагуудад итгэх итгэл 2017 оны мөн үетэй харьцуулахад харьцангуй тогтвортой байна. Харин СЗХ, банк бус санхүүгийн байгууллага  /ББСБ/ болон даатгалын салбарт зарим өөрчлөлтүүд ажиглагджээ. Өөрөөр хэлбэл СЗХ-нд итгэх итгэл өмнөх оны мөн үеэс 40 хувиар өсч, мэдэхгүй гэсэн хариулт 10 хувиар буурсан бол ББСБ-д итгэх итгэл 20 хувиар өсч, мэдэхгүй гэсэн хариулт 40 хувиар буурлаа. Дөрвөн удаагийн судалгаагаар санхүүгийн байгууллагуудад итгэх итгэл нас, боловсрол, орлого, байршил болон сууцны нөхцлөөс хамааран ялгаатай байдаг нь ажиглагджээ.  Ерөнхий дүр зургийн хувьд боловсрол өндөр, насаар залуу, орон сууцанд амьдардаг, орлого сайтай иргэдийн хувьд санхүүгийн байгууллагуудад итгэх итгэл сайн байна.

Харин эрэгтэйчүүд Хөрөнгийн биржид илүү итгэж байгаа бол эмэгтэйчүүдийн бага байна. Мөн    35 ба түүнээс доош настай хүмүүсийн Хөрөнгийн биржид итгэх итгэл 35-аас дээш настай иргэдтэй харьцуулахад 60 хувь илүү, хадгаламж, зээлийн хоршоо /ХЗХ/-нд итгэх итгэл 75 хувиар илүү байгаа судалгаа гарлаа.
 Сайн дурын даатгалд хамрагдалт болон даатгалын талаарх мэдлэгийн бүлгээр харахад нас, орлого болон сууцны нөхцлөөс хамааран өөр байгаа юм. 35-аас дээш настай, орлого өндөртэй, орон сууцанд амьдардаг иргэдийн хувьд даатгалд хамрагдалт өндөр мэдлэг сайтай байна.

ББСБ-д итгэх итгэл орон сууцанд амьдардаг иргэдийн хувьд гэр хороололд амьдардаг иргэдтэй харьцуулахад 25 хувиар сайн гарчээ. Эрүүл мэндийн даатгалыг иргэдийн 46.5 хувь нь хамгийн хэрэгцээтэй гэж үзэв. Үүний дараа гэнэтийн осол, эмчилгээний даатгалыг нэрлэжээ. Иргэдийн 6.3 хувь нь энэ асуултанд сайн мэдэхгүй гэж хариулсан. Иргэд орлого, байршил хоёроос хамааран даатгалын хэрэгцээ шаардлага өөр өөр байгаа юм. Хөрөнгийн даатгалыг хэрэгтэй гэж орлого өндөртэй иргэдийн 8.9 хувь нь хариулсан байгаа нь орлого багатай иргэдтэй харьцуулахад бараг хоёр дахин их байна.

Жилийн өмнө судалгаанд оролцсон иргэдийн 33.2 хувь нь зээлийн үйлчилгээ авч байсан бол 2018 оны нэгдүгээр улирлын байдлаар, иргэдийн 44.0 хувь буюу бараг тал нь зээлийн үйлчилгээ авчээ. Үүнд нийт иргэдийн 30.2 хувь нь арилжааны банкнаас, 10.5 хувь нь ломбарднаас, 9.4 хувь нь ББСБ-аас, 9.4 хувь нь хувь хүнээс авчээ. Иргэдийн авсан нийт зээлийн тоонд арилжааны банк 50 хувь, ББСБ 16 хувь, ломбард 17 хувь, хувь хүн 15 хувийг эзэлж байна. Жилийн өмнө буюу 2017 оны нэгдүгээр улирлын судалгаагаар иргэдийн авсан зээлд арилжааны банк 58 хувь, ломбард 13 хувь, ББСБ 5 хувь эзэлж байжээ. Зээл авсан иргэдэд ББСБ-ын эзлэх хувь 11 пунктээр өссөн бол арилжааны банкны эзлэх хувь 8.0 пунктээр буурсан байна. Арилжааны банкнаас хөдөө амьдардаг, эмэгтэй болон 35-аас дээш насны хүмүүс илүү их зээл авдаг бол ломбарднаар 35-аас доош насны залуучууд илүү их үйлчлүүлдэг байна.

Санхүүгийн байгууллагын сонголтод үйлчилгээний түргэн шуурхай байдал болон барьцаа хөрөнгө, баталгаанд тавигдах шаардлага хамгийн чухал шалгуур болдог байна. Энэ хоёр шалгуур ББСБ, ломбардны хувьд зонхилох шалгуур болдог буюу 70 гаруй хувийг эзэлж байна. Өнөөдөр иргэдийн анхаарлыг нэлээд татаж байгаа зээлийн хүүгийн түвшин арилжааны банкны сонголтод 4, ББСБ-ын сонголтод 5, ХЗХ-ны сонголтод 5, ломбардны сонголтод 3 дахь чухал хүчин зүйл болж байна.

Иргэдийн 18.8 хувь нь хөрөнгийн биржийн арилжаанд хэрхэн оролцох талаар сонирхож байсан гэж хариулсан бол 51.0 хувь нь үгүй, 30.1 хувь нь мэдэхгүй гэж хариулсан. Үүнийг жилийн өмнөх судалгаанд оролцогсдын 14.0 хувь нь арилжаанд хэрхэн оролцох талаар сонирхож байсантай харьцуулбал иргэдийн хөрөнгийн зах зээлд оролцох сонирхол 4.8 пунктээр өссөн байна. Бүрэн дундаас дээш боловсролтой иргэдийн арилжаанд оролцох сонирхол доогуур боловсролтой иргэдээс 40 хувиар өндөр байна. Эрэгтэйчүүдийн арилжаанд оролцох сонирхол эмэгтэйчүүдээс 1.7 дахин өндөр байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан