Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд "Роботек-2018" тэмцээн өнөөдөр МҮОНТВ-ийн байранд амжилттай зохион байгуулагдав. Хүүхэд залуучуудын зохион бүтээх сэтгэлгээ, авьяас чадварыг хөгжүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, техник сэтгэлгээг хөгжүүлэх, бие даан суралцах үйл ажиллагааг сайжруулах зорилготой уг тэмцээнд дүүргийн 14 сургуулийн 26 багийн 100 гаруй сурагч оролцжээ.
Дүүргийн хэмжээнд анх удаа зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой тус тэмцээний нээлтэд дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Засаг даргын орлогч Г.Нарангэрэл, дүүргийн ИТХ-ын дэд дарга Б.Бурмаа, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга А.Одонтунгалагтуул, Стем боловсрол хөгжлийн хүрээлэн ТББ-ын тэргүүн Б.Ган-Од, Нийслэлийн үйлдвэрлэл инновацын газрын дарга н.Бат-Эрдэнэ болон бусад албаны хүмүүс оролцсон байна.
Тэмцээнд оролцож буй сурагчид 3 долоо хоногийн турш сургалтад хамрагдаж бэлтгэл ханган оролцсон бөгөөд тэмцээнд "Шагайн наадгай" гэсэн даалгаврыг өөрсдөө лего угсран, программчилж үйлдэл хийн гүйцэтгэсэн бөгөөд хагас шигшээ багт Оюуны-Ундраа сургуулийн 1, 2 дугаар баг, Номт наран, 20 дугаар сургууль, 40 дүгээр сургууль, 13 дугаар сургуулийн баг тамирчид шалгарч үлджээ. Ийнхүү бүтэн өдрийн турш үргэлжилсэн уг тэмцээний нийлбэр дүнгээр Оюуны-Ундраа цогцолбор сургуулийн баг тэргүүн байрт шалгарч энэ оны 07 дугаар сард Япон улсад зохион байгуулагдах “Asian Steam Camp” Олон улсын тэмцээнд оролцох эрхийн бичгээр шагнагдсан байна.
Харин хоёрдугаар байрт 20 дугаар сургууль, гуравдугаар байрт 40 дүгээр сургуулийн баг шалгарч мөнгө, хүрэл медаль мөн Баянгол дүүргийн Хүүхэд залуучуудын соёлын ордонд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр хүссэн дугуйландаа явах эрхийн бичгээр шагнагджээ.
Тэмцээнийг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Техник технологийн дээд сургуулийн харьяа Монгол Коосэн ахлах сургууль, СТЕМ боловсролын төв, Хүүхэд залуучуудын соёлын ордон хамтран зохион байгуулсан байна.