Манай улсын эдийн засгийн байдалд ОУВС-ын төлөөлөгчид ээлжит шинжилгээгээ хийж эмчилгээний жор тохирч байгаа эсэхээ дүгнэв.
Ажлын хэсгийн ахлагч Жэф Готтлийб “Хөтөлбөрийн хүрээнд макро-эдийн засгийн гүйцэтгэл эерэг гарч бүх зорилтот тоон үзүүлэлтүүд биелсэн. Төсвийн үр дүн энэ оны эхний улиралд төсөөлж байснаас илүү сайжирлаа. Тухайлбал, орлого 21 хувиар өссөн. Дээрх хугацаанд гадаад валютын цэвэр албан нөөц 200 сая ам.доллараар нэмэгджээ.
Санхүүгийн салбарын хувьд саяхан хийж дууссан Активын чанарын үнэлгээний дагуу хийгдэж буй арга хэмжээний нэг хэсэг болох банкны системийг бэхжүүлэх ажлуудаа үргэлжлүүлж байна. Өөрийн хөрөнгийн шаардлага хангаагүй банкуудад энэ оны 12-р сарын эцэс хүртэл түүнийг биелүүлэх хугацаа байгаа юм. Зохистой нөхцөл бүрдсэн үед банкуудыг тогтворжуулахад төсвийн сангуудыг ашиглаж болох талаарх хууль удахгүй батлагдана гэсэн хүлээлт бий. Эрх баригчид чанаргүй зээлийн асуудлыг илүү хурдан шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийг хийж, банкуудын балансыг сайжруулахаар мөн ажиллаж байна.
Эрх баригчид инфляцид сэрэмжтэй байж, төлбөрийн тэнцлийг цаашид улам бэхжүүлэх мөнгөний бодлогын байр сууриа хадгалах үүрэг хүлээсэн. Эдийн засгийг гадаад цочролоос хамгаалахад тус нэмэр болох нөөцийн бүрдүүлэлтэд гарч байгаа ахиц дэвшлийг үргэлжлүүлэх нь туйлын чухал. Макро эдийн засгийн эрүүл бодлогыг банкны системийн бүтцийн шинэчлэлтэй хослуулах нь хүүгийн хувийг аажмаар буулгахад нэмэр болно.
Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн дөрөв дэх үнэлгээний эцэст ОУВС-гийн ажлын хэсэг эрх баригчидтай ажлын хэсгийн түвшинд тохиролцоонд хүрлээ. Энэхүү тохиролцоо нь ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөр хэлэлцэгдэн баталгаажих учиртай” хэмээн мэдэгдэв.
Манай улсын эдийн засаг сэргэж буй гол шалтгаан нь экспортын түүхий эдийн эрэлт их байгаатай холбоотой гэж ОУВС-аас үзэж байна. Хэдийгээр эдийн засаг аажмаар сэргэж байгаа ч ашигт малтмалын эрэлт буурч үнэ унах, эдийн засгийн бүтцийн шинэчлэлийн удаашрал, дотоодын зарлага нэмэгдэх дарамт, хөрөнгө оруулалтын орчин дахь сөрөг өөрчлөлтүүд зэрэг эрсдэлүүд байгааг ОУВС-аас анхаарууллаа. Товчхондоо ашигт малтмалын үнийн өсөлтөд хэт дулдуйдах хэрэггүй гэдгийг сануулж буй юм.