Чөлөөт бөхийн цэргийн ДАШТ уржигдар ОХУ-ын нийслэл Москвад эхэлсэн билээ. 33 дахь удаагийн тэмцээнд манай улсаас Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчид эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцож байгаа юм. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд 2014 оны оюутны ДАШТ-ий хүрэл, “Mongolia Open” ОУТ-ий хүрэл, УАШТ-ий мөнгө, хүрэл медальт, ОУХМ Бямбадоржийн Хаш-Эрдэнэ алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлсэн байна. Тэрээр Москвагийн дэвжээнд 1/4 шигшээд Швейцарийн Рэнди Вокыг 5:0-ээр, хагас шигшээд Ираны Мохаммад Намжомотлаг 6:2-оор, алтан медалийн төлөөх барилдаанд Александр Медведь, Дмитрий Коркиний ОУТ-ий хүрэл медальт, эзэн орны якут бөх Дмитрий Аксеновыг 9:4-өөр тус тус ялжээ. Ингэснээр Б.Хаш-Эрдэнэ манай улсаас чөлөөт бөхийн төрлөөр цэргийн дэлхийн аварга болсон долоо дахь тамирчин болж байна. Түүнээс өмнө гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран, Сүхээгийн Цэрэнчимэд, ОУХМ Нармандахын Лхамгармаа, Оргодолын Үйтүмэн 2014 онд, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон, ОУХМ Ганбаатарын Отгонжаргал 2017 онд түрүүлж байжээ.