Зуны XXX дугаар буюу Лондонгийн олимпын наадам эхлээд гурав хонож байна. Тэмцээний хоёр өдөр өрсөлдсөн Монгол Улсын шигшээ багийн тамирчид амжилт муутайхан оролцсон бол өнөөдөр шигшээ багийн таван тамирчин спортын гурван төрөлд хүч үзнэ.
Монголын цагаар 16 цагаас байт харваан төрөлд оролцож буй олон улсын хэмжээний мастер Ж.Гантөгс эхний өдөр харавсан харваан оноо буюу 19 дүгээр байраас тэмцээнд өрсөлдөх бол, эмэгтэйчүүдийн төрөлд онч мэргэнээ сорьж буй олон улсын хэмжээний мастер Б.Урантунгалаг өнөөдөр 20 цагаас эхний өдөр авсан 18 оноотойгоор тэмцээнээ үргэлжлүүлэхээр болжээ. Харин 16:30 минутаас жүдо бөхчүүдийн төлөөлөл болсон ОУХМ С.Ням-Очир эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд барилдах юм . Түүний хувьд эхний тойрогт хийлж, удаахь тойрогт Германы Кристофер Воелктэй учраа таарсан байна. Ялсан тохиолдолд Португаль болон Украйны бөхчүүдийн ялсантай нь зодоглох юм. Мөн эмэгтэйчүүдийн 57 кг-д хүч үзэх ОУХМ Д.Сумъяагийн хувьд мөн л 16:30 минутаас эхний барилдаанаа хийх бол түүний өрсөлдөгч нь БНСУ-ын шилдэг жүдоч Ким Жан Диа юм. Ялсан тохиолдолд Италийн бөх Жулия Квинтаваллтай олимпын татамид зодоглоно. Энэ өдрийн сүүлийн тулаан Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогтынх. Тэрээр манай цагаар 20:30 минутаас эхний тулаанаа хийх ба өрсөлдөгч нь Азербайжаны ширэн бээлийтэн юм.