УИХ-ын Төсвийн байнгын хороо Засгийн газраас өнгөрсөн сарын 19-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг өнөөдөр хийж байна. Энэ хуулийн төслийг БОАЖЯ-наас өргөн барьсан бөгөөд Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн ажил, мод, модон материал импортлохтой холбоотой. Тодруулбал, ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн ажил, тууш чиглэлийн нимгэн давхрагтай хавтан /OSB/ , бөөрөнхий мод, гуалин, модон зүсмэл материал, угсархад бэлэн барилгын хийцийг НӨАТ болон Гаалийн албан татвараас чөлөөлөх зорилогтой юм.
Манай улсад импортын шахмал хавтанг үйлдвэрлэлдээ ашиглаж буй 240 аж ахуйн нэгж байна. Жишээлбэл 2016 онд гэхэд түлшний мод 11.1 сая, төмөр замын дэр мод 490.7 мянга, зүсмэл материал 5.7 сая шоо метрийг тус тус импортолжээ. Мөн модлог хавтан фанер гэхэд 21.9 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн импортоор авсан гаалийн статистик бий.