Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жэймс Андерсон тэргүүтэй албаны хүмүүсийг хүлээн авч уулзсан. Энэ үеэр салбарын сайд Ц.Цогзолмаа бага, дунд боловсролын багц хуулинд эрх зүйн өөрчлөлт оруулж, шинэчлэл хийхийн тулд олон талт зөвлөгөөнийг зохион байгуулж, үнэлэлт дүгнэлт өгөхөөр ажиллаж байгаагаа тодотгоод, Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй Боловсролын чанарын төслийн шинэчлэлийн хүрээнд бага, дунд боловсролыг дэмжих, сайжруулах, шинэчлэх чиглэлд хэрхэн хамтарч ажиллаж болох талаар санал солилцжээ.
Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жэймс Андерсон өнгөрсөн өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллаад ирснээ тодотгоод, тэнд боловсролын түвшин улсын хэмжээнд хамгийн доогуурт бичигдэж, монгол хэлээр ярих хүүхдүүд цөөн байгаад санаа зовниж буйгаа илэрхийлэв. Үндэстний цөөнх болсон Баян-Өлгий аймгийн хүүхдүүдийн боловсролд салбар яамны зүгээс ямар бодлого баримталж, цогц арга хэмжээ авахаар ажиллаж байгаагаа Ц.Цогзолмаа сайд цухас дурдав. Тэрбээр “Баян-Өлгий аймагт ажиллах тусгай удирдамж гарган, энэ сарын 15-нд ажлын хэсэг гарч газар дээр нь ажиллана. Ингэснээр хүүхдүүдийн сурлага жил ирэх тусам муудаж байгаа асуудал хаанаа байгааг олж судлаад, цаашид авч хэрэгжүүлэх бодлогоо тодорхойлно. Тухайлбал, бид сурах бичгийг нь сайжруулах уу, багш нарын чадавхыг нэмэгдүүлэх үү гэхчлэн олон талт арга замыг эрэлхийлнэ” гэв.
Дэлхийн банкны хэрэгжүүлж буй Боловсролын чанарын шинэчлэлийн төслийн хүрээнд бага, дунд боловсролын чанарыг сайжруулах чиглэлд голлон анхаарч байгаа тул БСШУСЯ-тай хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэллээ. Маш үр дүнтэй хэрэгжиж байгаа уг төслийг хэрэгжүүлэхэд дахин хоёр жилээр сунгах шаардлагатай байгаа аж. Тодруулбал, төсөл 2020 онд дуусах боловч чанартай болгохын тулд 2022 он хүртэл сунгах хүсэлтийг салбарын сайдад тавьж, хүсэлтийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа дэмжихээ илэрхийлэв.