Төв аймгийн Жаргалант суманд цанын Улсын аварга шалгаруулах тэмцээн болж аваргуудаа тодруулжээ. Тэмцээнд 10 багийн 60 гаруй цаначин өрсөлдсөнөөс Х.Хаш-Эрдэнэ дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо багийн дүнг тэргүүлсэн байна. Эрэгтэйчүүдийн 15 км-ийн сонгомол техникийн уралдаанд С.Дүүрэнбаяр түрүүлсэн бөгөөд спринт төрөлд ч алтан медаль хүртжээ.
Харин 10 км-ийн тэших техникийн төрөлд ДАШТ-ий хүрэл медальт Б.Ачбадрах түрүүлсэн бол эмэгтэйчүүдийн 10 км-ийн сонгомол болон спринт гэсэн хоёр төрөлд А.Энхтуул аваргалсан байна. Харин таван км-ийн тэших техникийн төрөлд Э.Ариунтунгалаг түрүүлсэн бөгөөд буухиа уралдаанд эрэгтэйчүүдэд “Хилчин” спорт хороо, эмэгтэйчүүдээс “Алдар” спорт хороо түрүүлжээ. Энэ тэмцээний үеэр спортын мастер ес, дэд мастер ес төрсөн байна.