Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Олон улсын эх хэлний өдөр


ЮНЕСКО-гоос хоёрдугаар сарын 21-ний өдрийг Олон улсын эх хэлний өдөр хэмээн тунхагласан билээ. ЮНЕСКО нь Эх хэлний олон улсын өдрийг энэ жил 19 дэх удаагаа тэмдэглэж байна. Энэ өдрийг хэлийг хамгаалах, дэмжин сурталчлах үүрэг, амлалтаа эргэн санах өдөр ч гэж нэрлэдэг.
1952 оны энэ өдөр тухайн үед Пакистаны эзэрхийлэл дор байсан Зүүн Бэнгаал буюу өнөөгийн Бангладешийн Дакагийн их сургуулийн оюутан залуус, багш нар эсэргүүцлийн жагсаал хийжээ.
Албан ёсны цорын ганц хэлээр урду хэлийг сонгосон Пакистаны эрх баригчдын шийдвэрийг эсэргүүцэн, бэнгаал хэлт оюутан залуус хэвлэл мэдээллийг бэнгаал хэлээр гаргадаг болох, мөнгөн тэмдэгт бусад албан ёсны бичиг баримт дээр уугууд бэнгаал бичгээр бичдэг болох, ерөөс бэнгаал хүн бэнгаал хэлээрээ чөлөөтэй сайхан ярьдаг байх гэсэн шаардлагыг тавин жагссан байна.
Пакистаны цагдаа жагсаалыг хүчээр тараахдаа галт зэвсэг хэрэглэснээр Абдус Салам, Рафик Ахмэд тэргүүтэй олон сайхан оюутан залуу эх хэл, бичгийнхээ төлөө амь насаа алджээ.
Энэ өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Одри Азулэйгээс ирсэн илгээлтэд
“ЮНЕСКО нь эх хэл болон нутгийн уугуул хэлийг хөхиүлэн дэмжиж, тэр дундаа олон хэлтэй орнуудын хэлний бодлогыг дэмждэг. Мөн хүүхдүүд эх хэлээрээ суралцахдаа хамгийн сайн сурдаг учраас эдгэээр хэлийг сургуулийн бага ангиас эхлэн заахыг зөвлөдөг. Түүнчлэн, олон нийтийн газар болон олон нийтийн цахим сүлжээнд төрөлх хэлээ ашиглахыг зөвлөж байна. Хэн ч өөрийн төрөлх хэлээс үл хамааран цахим ертөнцөд буй сурвалжид нэвтрэх, санал бодлоо хуваалцах тавцан бий болгох боломжтой байх ёстой. Өнөөдөр эл асуудал тогтвортой хөгжлийн сорилтуудын нэг бөгөөд Нэгдсэн үндэстний байгууллагын 2030 хөтөлбөрийн цөм юм.
Хоёр долоо хоног тутам дэлхий дээр нэг хэл устаж байна, хэлтэй хамт бидний түүхийн нэгээхэн хэсэг, соёлын өв устаж байна. Олон хэлийг дэмжих нь түүх, өв соёлоо хадгалан үлдээхэд тусалдаг.
Нельсон Мандела гайхамшигтай үг хэлсэн байдаг. Тэрээр “Хэрэв хүнтэй түүний ойлгодог хэлээр ярилцбал, хэлсэн үгүүд тань түүний оюун ухаанд буудаг, харин түүний төрөлх хэлээр ярилцвал, үгс тань түүний зүрхэнд хүрнэ” гэсэн байна. Эх хэлний олон улсын өдрийг тохиолдуулан ЮНЕСКО гишүүн орнуудыг боловсролын болон соёлын санал, санаачилгаар дамжуулан бидний баялгийг бүрдүүлж буй олон хэл, түүний олон янз байдлыг тэмдэглэн өнгөрүүлэхийг урьж байна” гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан