Нийслэлийн Баянзүрх дүүрэгт НҮБ-ын Хүүхдийн Сангийн ‘’Хүүхдэд ээлтэй орон нутаг-Хүүхдэд ээлтэй дүүрэг’’ хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр тус хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдээ танилцуулж, төлөвлөгөө боловсруулах уузалт, хурал боллоо.
Уг хуралд Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Б.Наранчулуун, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин, НҮБ-ын ‘’Хүүхдэд ээлтэй-Орон нутаг’’ хөтөлбөрийн зөвлөх Б.Зоя, Бага насны хүүхдийн хөгжлийн мэргэжилтэн С.Өлзийсайхан болон албаны бусад мэргэжилтэн, албан хаагчид оролцлоо.
Тус уулзалтаар ‘’Зорилтот орон нутгийн боловсролын байгууллагууд нь сургууль, цэцэрлэг, дотуур байрны ус, ариун цэвэр, эрүүл ахуйн үндэсний стандарт, шаардлагыг хэрэгжүүлэх чадавх нэмэгдсэн байна’’ зорилтын хүрээнд хийгдэх 8, 122 дугаар цэцэрлэгийн усан хангамж, дулааны асуудлыг шийдвэрлэх мөн 17 дугаар хороонд шинээр баригдах цэцэрлэг болон 3 дугаар цэцэрлэгийн барилгыг буулгаж дулааны алдалгүй эко цэцэрлэг барих төслийг танилцуулж, ажлын төлөвлөгөө боловсруулав.