Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мила Кунис: “Деми Мур бол миний бахархал”

Дэлхийн кино урлагийн түүхэнд од болон гялалзаж яваа залуу жүжигчин бол яах аргагүй Мила Кунис. Тэрээр 1983 оны наймдугаар сарын 14-нд Украйн улсад төрж, долоон настайдаа гэр бүлийн хамт Лос Анжелос руу нүүсэн нь түүний өнөөдрийн амьдралын чухал цонхыг нээжээ. Мила ахлах сургуульд байхаасаа л урлагийн наадам, жүжиглэх үзүүлбэрт маш их оролцдог байв. Төгсөх жилээ Цасан гуагийн дүрд чадварлаг хувирч байхыг нь нэгэн уран бүтээлч ажиглан хамтран ажиллах санал тавьсан нь найруулагч Жон Хелдинг байжээ. Энэ үеэс хойш хэд хэдэн телевизийн олон ангит кинонд туслах дүр бүтээх болсноос хамгийн их амжилт дагуулсан нь 1999 онд найруулагч Сет МакФларены “Family Guy” нэртэй инээдмийн хүүхэлдэйн кино юм. Мег Гриффиний дүрд Мила дуу оруулсан нь олон хүнээс сайшаалын үг сонсчээ. Гэр бүлийн байдлаас болж кино урлагаас хөндийрсөн М.Кунис 2008 онд Холливудад эргэн ирж, хэд хэдэн уран бүтээл хийв. Тухайлбал, 2010 онд дэлгэцнээ гарсан Даррен Аранофскийгийн “Хар хун” эмгэнэлт, сэтгэл зүйн кинонд Лайла хэмээх эсрэг талын дүрийг чадварлаг бүтээж гол дүрийн баатар Натали Портманаас дутахгүй нэр алдартай болсон юм. Түүнчлэн дуучин Жастин Тимберлейктэй хамтран “Чухал найзууд” киноны гол дүрд тоглосон нь “Box Office”-н жагсаалтыг хэдэн долоо хоногийн турш тэргүүлсэн.

Харин хамгийн сүүлд, Мила “Тед” нэртэй инээдмийн адалт явдалт кинонд бүтээсэн дүр нь олон хүний сэтгэлийг татаж чадсан юм. Түүнийг амжилтад хүргэсэн найруулагч Сет дахин хамтран ажиллах санал тавьсан нь маш оновчтой дүр хуваарилалт боллоо хэмээн кино шүүмжлэгчид үзэж байна. Киноны тухайд хүн бүрийн мэддэг “Тедди” бамбаруушнаас сэдэвлэн түүний эзний хайр сэтгэлд тохиолдох адал явдалт түүхийг хошин өнгөөр харуулна. Хамгийн сонирхолтой нь, гол баатрын баавгай маань амилдаг болсноор түүний эргэн тойронд байгаа хүмүүсийн амьдралыг хэрхэн балладаг тухай өгүүлжээ.
Ингээд Мила Кунисийн дэлхийн хамгийн алдартай сэтгүүл “Interview”-д  өгсөн ярилцлагыг та бүхэнд хүргэж байна. Дашрамд дурьдахад, доорхи ярилцлагыг Милагийн Лос Анжелос дахь хувийн эдлэнд авчээ.

-Сайн байна уу, хатагтай. Бидний урил­гыг хүлээн авч ярилцах гэж бай­гаад маш их баяр­лаж байгааг минь хүлээн авна уу.
-Ингэж их ёсорхох хэрэг­гүй дээ. Намайг зүгээр л Мила гэх нь амар байдаг юм.
-Баярлалаа. Саяхан манай сэтгүүлийхэн Нью-Ор­леан­дад зу­раг авах аж­лаар очиход тэнд байгаа хү­мүүс “Тед, Мила” гээд л хоорондоо ам хуурайгүй ярилцаж байх юм?
-Нээрээ юу. Миний тоглосон киноны талаар ингэж ярилцана гэдэг маш сайхан. Би бүр багаасаа л жүжигчин болно гэсэн мөрөөдөлдөө умбасаар өдий хүрсэн. Миний хөдөлмөрийг хүмүүс үнэлж, таашаахад би маш их баярладаг, нөгөөтэйгүүр ичдэг гэх үү дээ.
-Яагаад ичдэг гэж?
-Бодоод үз л дээ. Миний жүжиглэх чадвар Натали Портман, Жулиа Робертс, Күин Латифа нар шиг төгс болдоггүй. Цаг нь ч болоогүй байх.
-Магадгүй л  юм. “Тед”-ийн талаар юу хэлэх вэ?
-Хамгийн эхэнд, кино маань 100 хувь инээдмийн төрлийнх болоод ч тэр үү, зураг авах үеэр хөгтэй тохиолдол маш их гарсан. Уг нь, зураг авах үеэр инээх шаардлагагүй үед хэзээ ч инээж байгаагүй. Гэтэл “Тед”-д тоглох үед инээдээ барих маш хэцүү байсан. Энэ нь магадгүй Маркийн инээдтэй царайнаас болсон байх.
-Тийм шүү. Маркийн нүүрний хувирал энгийн үедээ ч хүнийг инээлгэх чадвартай гэж ярилцдаг. Та энэ бүтээлээс юу ойлгож авав?
-Сетийн надад хэлснээр “Кино тэр чигээрээ инээдэмтэй байх хэдий ч ганцхан л зүйлийг үзэгчдэд ойлгуулах хэрэгтэй байна. Энэ нь үнэнч байдал”.  Энэ л бидний гол зорилго байсан. Харин  хувь хүний үүднээс надад маш их туршлага боллоо. Хайр дурлалын хувьд ч, оюун санааны хувьд ч тэр. Асуудлын гол нь, хүмүүс “Тед”-ийг үзээд зүгээр л инээгээд өнгөрөхдөө биш, хайр сэтгэлийн асуудалд нухацтай хандаж, алдаа битгий хийгээсэй л гэж хүсээд байгаа юм.
-Тэгэлгүй яахав. Таны хувийн амьдралын талаар асуухгүй өнгөрч чадахгүй нь. Хамгийн сүүлд хэзээ болзов?
-Ммм... Энэ асуудлыг одоохондоо нууцалбал зүгээр байх.
-Тэгвэл удахгүй олон нийтэд нэгэн нууц ноёнтон ил гарах нь ээ. Арай Эштон Катчер биш биз?
-Өө, үгүй дээ. Эштон бид хоёр энгийн  найзууд. Тэр Деми Муртай аль хэдийнэ холбоогоо тасалсан ч би түүнийг жүжигчний чадварынх нь хувьд маш их хүндэлдэг. Тэр бол миний бахархлуудын нэг яах аргагүй мөн. Тийм болохоор бид дунд дотно харилцаа үүсэх боломжгүй.
-Деми Мур ч гайхамшигтай эмэгтэй шүү. Түүний бүтээлээс хамгийн их сэтгэлд хоногшсон дүр гэвэл?
-Мэдээж, “Сүнс” бас “Цөөнх эрчүүд” гэх мэт олон дүр нь надад маш гүн сэтгэгдэл төрүүлдэг. Моллигийн үс засалт, оргил хэсгийн дуу, уйл­даг хэсэг зү­гээр л гайхамшигтай.
-Тийм шүү. Хэрвээ та Молигийн дүрд тоглосон бол?
-Би болоогүй зүйлийн талаар ярих дургүй. Болох зүйл аяндаа болдог жамтай.
-Сайхан хэллээ. Жүжигчин хүн байх хэр байна. Хэцүү зүйл байна уу?
-Тэгэхээр, би мөрөөдлийнхөө дагуу амьдарч байгаа гэж хэлсэн. Тийм болохоор би хамгийн азтай хүн гэж өөрийгөө ойлгодог. Хэцүү гэхээсээ илүү зарим үед хувийн амьдрал хүмүүст хэтэрхий ил байгаад дургүй хүрдэг л юм.
-Учир нь, та сайхан бүсгүй төдийгүй, өсч яваа залуу жүжигчин шүү дээ.
-Би бол энгийн л нэгэн. Бусадтай л ижил хааяа галзуурсан юм шиг инээж, заримдаа юу ч болоогүй байхад гомдож уйлдаг тийм л хүн.
-Ойлголоо. Эрэгтэй, эмэгтэй жүжигчид ур чадвараараа хэр их ялгаатай  байна вэ?
-Ур чадвар гэнэ ээ. Магадгүй эмэгтэй хүн илүү нарийн ур чадвар гаргаж чаддаг. Амьдрал дээр гэвэл эрчүүдийн амьдрал олны нүдэнд арай бага өртдөг.
-Яагаад?
-Эмэгтэйчүүдийн хэн нэгэнтэй ярьсан яриа, үйл хөдлөл хүмүүст илүү сонин болоод магадгүй санаандгүй алдаанаас нь болоод насаар нь тэр эмэгтэйг муугаар үнэлэх тохиолдол их  байдаг. Харин эрчүүдийн хувьд хэдэн өдөр яриад л дуусдаг.
-Зарим хүн таньтай санал нийлэхгүй байх аа. Би лав тэгж бодохгүй байна. /инээв/
-Хүмүүсийн бодол надад тийм ч чухал биш. Учир нь, би энэ дэлхий дээрхи долоон тэрбум хүний л нэг.
-Та өдрийн тэмдэглэл хөтөлдөг үү?
-Үгүй шүү, яагаад тэгж бодов.
-Таны яриа ойлгомжтой төдийгүй, уран үгтэй юм?
-За байз, би 10 настай байхдаа нэг удаа өдрийн тэмдэглэл бичих гэж оролдсон. Удалгүй мартаад больсон доо. Ингээд бодохоор би аливаа зүйлд тийм ч нухацтай ханддаггүй эмэгтэй.
-Хммм... Сүүлийн асуултыг танд үлдээе...
-Нэг л зүйл хэлье. Одоогийн залуус маш сайхан хувцаслаж, үнэтэй дарс ууж, ер нь л үнэтэй гэсэн юм бүхэн рүү хошуурах юм. Энэ хүмүүст хандаж, амьдралыг нөгөө өнцгөөс нь хараад үзээрэй гэж зөвлөе.
-Баярлалаа, Мила. Хам­гийн сайн сайхан амьдрал, гоо үзэгслэнг хүсэн ерөөе.

0 Сэтгэгдэл
HOORHII UDAHGUI L MUR SHIG HAYGDANA DAA ESHTONOOSOO
Хамгийн их уншсан