Таван хувийн хүүтэй байсан “Оюутны хөгжлийн зээл”-ийг оюутнуудад хүүгүй олгож байхаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Ингэснээр жилдээ 35-37 мянган оюутан, суралцагч зээл авах боломж бүрдэж байна. Оюутнууд сургуулиа төгсөөд ажилтай, орлоготой болсныхоо дараа зээлээ эргэн төлөх юм. Тухайн оюутан 10 сая төгрөгийн зээл авсан гэж үзвэл зургаан жилийн турш сар бүр 139 мянган төгрөг төлөхөөр байгаа нь дундаж орлоготой иргэний амьдралд дарамт болохгүй гэж Засгийн газар үзлээ.
Өмнөх журмаар зээлийн хамрах хүрээг нэмэгдүүлж, бүрдүүлэх материалыг нь цөөлөн, цахим хэлбэрт шилжүүлсэн. Гэвч хамтран зээлдэгч нь тогтмол орлогогүй, давхар зээлтэй, төлбөр, орлогын харьцаа хэтэрсэн зэргээр банкны шаардлага хангаагүй 40 гаруй мянган оюутан, суралцагч зээл авч чадаагүй байна. Тодруулбал өнгөрсөн хугацаанд 90 тэрбум төгрөгийг зээл хэлбэрээр өгөх эх үүсвэр байсан ч банкууд таван тэрбумыг л олгожээ. Иймээс зээлийг арилжааны банкаар бус “Боловсролын зээлийн сан”-гаар дамжуулан өгнө, ингэхдээ банктай адил өндөр шалгуур тавихгүй юм.
Гол нь зээлдэгч хичээлийн жилийн нэг улиралд 10-аас доошгүй цагийн хичээл судалж, дүгнүүлсэн байх ёстой. Хангалтгүй үнэлгээ авсан хичээлийг давтан суралцсан тохиолдолд тухайн багц цагийн хичээлийн төлбөрт зээл олгохгүй.
Мөн бакалаврт суралцаж байгаа зээлдэгчийн өмнөх улирлын голч дүн 2.8 болон түүнээс дээш, магистрант, докторант бол голч дүн 3.2 болон түүнээс дээш байх тохиолдолд зээлийг үргэлжлүүлэн олгохоор журамд заажээ.
Дээрх журмыг баталснаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “оюутан, суралцагчдад үндэсний тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламжийн үйлчилгээг үзүүлэх тогтолцоог ил тод, нээлттэй болгож, хүртээмжийг нэмэгдүүлэх, оюутан, суралцагчдыг сургалтын төлбөрийн дарамтгүй болгох” гэсэн зорилт бүрэн хэрэгжиж эхэллээ.