Найман хоногийн дараа БНСУ-ын Пёнчан хотноо өвлийн олимп нээлтээ хийнэ. Энэ удаагийн өвлийн наадамд эх орноо төлөөлж гүйлтийн цанын тамирчин Б.Ачбадрах, Ч.Отгонцэцэг нар оролцохоор болсон. Тэгвэл тамирчдыг үдэж өгөх арга хэмжээ БСШУСЯ-нд болжээ. Тэдэнд хандан салбарын сайд Ц.Цогзолмаа “Олимпын эрхийн буухиаг залгуулж, хүчин чармайлт гаргасан цанын холбоо болон та нарт талархаж байна. Та бүхэндээ спортын өндөр амжилт хүсье” гэсэн байна.
Энэ удаагийн өвлийн олимпод оролцох Монголын баг, тамирчдыг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ахалж явахаар болсон байна. Тэрээр 1988, 1992, 2000 оны зуны олимпын наадамд тамирчнаар болон тугчаар явж байсан арвин туршлагатай. Харин энэ удаад Монголынхоо баг тамирчдыг анх удаа ахалж явж буй юм.