Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг зуны XXX олимпын бамбар өнөөдөр Лондоны цагаар 22:00 буюу Монголын цагаар маргааш үүрийн 04:00 цагт асна. Тэртээх 1908 он, дэлхийн хоёрдугаар дайны дараа 1948 онд Англи улсын нийслэл Лондон хотод зохион байгуулагдаж байсан уг наадам ийнхүү гурав дахь удаагаа бамбараа тус хотод асааж буй нь энэ. 206 орны 14 мянган тамирчин спортын 26 төрөлд 306 багц медалийн төлөө 16 хоногийн турш хурд, хүчээ сорих билээ. 1964 оны Токиогийн олимпын наадамд анх удаа оролцож байсан манай баг 1968 оны олимпод анхны медалиа чөлөөт бөхийн төрлөөр хүртсэн бол өнгөрсөн Бээжингийн олимпод 44 жил хүлээсэн анхны алтан медалиа авсан юм. Энэ удаагийн олимпод хөнгөн атлетик, байт харваа, буудлага, бокс, чөлөөт, жүдо бөх, усан сэлэлтийн гэсэн спортын долоон төрлөөр 29 шилдэг тамирчин олимпын эрхийн болзол хангаж, тамирчдын түрүүч Лондон хотыг зорьсон билээ. Баг тамирчдын салхийг байт харвааны тамирчин Г.Урантунгалаг, Ж.Гантөгс нар хагална. Тэд өнөөдөр манай цагаар өдрийн 16:00 цагт тэмцээнээ эхлүүлэх юм. Дэлхийн үндэстэн угсаатныг нэгэн дээвэр дор нэгтгэдэг уг наадмыг дэлхийн хүн амын 60 гаруй хувь нь цэнхэр дэлгэцээр үзнэ гэсэн судалгаа гарчээ. Мөн хэвлэл мэдээллийн 28 мянган сэтгүүлч, сурвалжлагч ажиллаж байгаагийн 19 нь манай улсын төлөөлөл. Дэлхийн 206 орны төрийн тэргүүн энэхүү олимпын наадмын нээлтэд оролцохоор болсон нь урьд хожид гарч байгаагүй үзүүлэлт. Шинэ, содон зүйлээр дүүрэн Лондонгийн олимпод зориулан түүхнээ хамгийн үнэтэй медаль бэлтгэсэн юм. 85 мм-ийн голчтой, 400 гаруй гр жинтэй уг медалийг Монгол болон АНУ-ын Юта мужаас найман тонн зэс, алт, мөнгө гарган хийсэн билээ. Монгол нутгийн газар шорооноос гаргаж авсан үнэт металаар олимпын медаль бүтэж, дэлхийн шилдэг тамирчдын энгэрт заларна гэдэг үнэхээр бахархмаар хэрэг. Энэхүү медалиудаас Монгол Улсаа төлөөлөн өрсөлдөж буй шилдэг 29 тамирчны хэн нэгний энгэрт гялалзана гэдэгт бид огт эргэлзэхгүй байна. Монгол эх орны минь газар шорооноос авсан үнэт эрдэнэ бидэнд ээлтэй байх учиртай. Зорилгоо тодорхойлсон шилдэг тамирчид маань нутгийнхаа хөрснөөс гарсан үнэт эдлэлээ, олимпын аварга хэмээх эрхэм алдрын хамтаар хүртэх туйлын зорилгыг өвөртлөн яваа. Тэд чаднаа, чадах ч болно.
Баг тамирчдын тэмцээний салхийг байтынхан эхлүүлнэ
Лондоны олимпын салхийг байт харвааны төрөлд эрхээ авсан Б.Урантунгалаг, Ж.Гантөгс нар хагална. Тэдний хувьд энэ сарын 3-нд Лондон хотын Сарри мужийн спортын төвд бэлтгэл сургуулилтаа эхлүүлсэн. Дасгалжуулагчтай нь холбогдоход “Бэлтгэл хэвийн явагдаж байгаа” гэв. Харин дараагийн буюу олимпын тэмцээний хоёр дахь өдөр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд хүч сорих гэж буй Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 48 кг-д зодоглох Олон улсын хэмжээний мастер М.Уранцэцэг нар зодоглоно. Лондон хот нь манай улсаас долоон цагийн зөрүүтэй. Тиймээс манай цагаар 16 цаг 30 минутаас эхний барилдаан эхлэх бол 21:00 цагаас шигшээ барилдаанд болох юм. Тамирчдын сугалаа өчигдөр явагдаж урьдчилсан байдлаар бол сугалаагаар зоог ахлах тамирчныг олимпийн эрх олгох тэмцээний явцад авсан онооны дарааллаар эрэмбэлж жин бүрийн эхний найман жүдоч урьдчилсан барилдаанд салж орохоор болсон байна. Тодруулбал, долдугаар сарын 29-нд барилдах Монгол Улсын гавьяат тамирчин М.Бундмаа дэлхийд чансаагаар нэгд эрэмбэлэгдсэн ба жингийнхээ 23 бөхийг 1302 оноотойгоор ахалж барилдахаар болжээ. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар мөн энэ өдөр барилдаанаа эхлүүлэх ба 66 кг-ын жиндээ аман хүзүүдсэн байна. Энэ нь манай тамирчдад ашигтай юм. Ер нь, манай улсын олимпод зодоглох жүдочдоос 57 кг-д зодоглох Д.Сумъяа жиндээ 21-т жагсч байгаа бол бусад тамирчны тухайд Ц.Мөнхзаяа, П.Лхамдэгд долоо, С.Ням-Очир тав, Н.Түвшинбаяр дөрөвт эрэмбэлэгдсэн байна. Энэ сарын 30-нд С.Ням-Очир, Д.Сумъяа нар барилдах бол дараагийн өдөр нь Ц.Мөнхзаяа 63 кг-д хүч үзэж жүдо бөхийн барилдааны сүүлийн өдөр буюу ирэх сарын 2-нд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Бээжингийн олимпын аварга Н.Түвшинбаяр, эмэгтэйчүүдийн -78 кг-д Олон улсын хэмжээний мастер П.Лхамдэгд нар зодоглоно. Харин буудлагын төрөлд оролцож буй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа эхний тэмцээнээ долдугаар сарын 29-нд 16:00 цагаас хийн гар бууны төрлөөр эхлүүлж ирэх сарын 1-ний 16:00 цагаас спорт гар бууны 25 метрийн дасгалд онч мэргэнээ сорих юм. Эрэгтэйчүүдийн төрөлд оролцож буй Н.Баяраа ирэх сарын 3-нд эхний тэмцээнээ урт гар бууны хэвтээ төрлөөр эхлүүлж 5-ны өдөр урт бууны гурван байрлалд цэцээ сорино. Усан спортын төрөлд манай хоёр тамирчин оролцож байгаа талаар өмнө нь бид тодорхой мэдээлж байсан билээ. Эмэгтэйчүүдийн 100 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд оролцож буй Г.Оюунгэрэлийн хувьд энэ сарын 29-нд тэмцээндээ оролцох бол эрэгтэйчүүдийн өврөөр даллах 100 метрт оролцох А.Тамир 31- нд тэмцээндээ оролцоно. Энэ тэмцээний үнэлгээнээс шалтгаалж хоёр тамирчин цааш тэмцээнээ үргэлжүүлэх эсэх нь шийдэгдэх юм. Марафон гүйгчдийн хувьд Л.Отгонбаяр тэмцээнийг эхлүүлж ирэх сарын 5-нд өрсөлдөх бол шилдэг марафонч Б.Сэр- Од Монгол Улсын шигшээ багийн тамирчдаас хамгийн сүүлд буюу ирэх сарын 12-нд тэмцээндээ оролцоно.
Боксын тоглолтын эхийг Н.Түвшинбат хатгана
Олимпын боксын шигшээ багийн тамирчдын салхийг 69 кг-д оролцох Олон улсын хэмжээний мастер Н.Түвшинбат хагалахаар болжээ. Түүний хувьд долдугаар сарын 29-нд Монголын цагаар 22:00 цагаас тоглох бол цаашлаад финалын тоглолтуудыг 31, ирэх сарын 3, 7-нд хийх юм. Энэхүү тулаануудад өрсөлдөгчөө илүүрхвэл 1.4 буюу шигшээ тоглолтод ирэх сарын 7-нд, хагас шигшээд 10-нд, шигшээ тоглолтод 12-нд тулалдана. Үлдсэн боксчдын тухайд мөн адил энэ журмаар өрсөлдөх ба энэ сарын 30-нд 52 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт 20:30 цагаас тулалдаж ирэх сарын 3, 7, 10, 11-нд тоглох хуваарьтай. Харин 49 кг-д хүч үзэх Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Бээжингийн олимпын мөнгөн медальт П.Сэрдамбын долдугаар сарын 31-нд манай цагаар 20:30 минутад тоглолтоо эхлүүлж, цаашлаад ирэх сарын 4, 8, 10, 11-нд Лондонгийн олимпын боксын рингэнд тулалдах юм. 64 кг-д оролцож буй Монгол Улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ энэ сарын 31-нд 21:45 цагаас тэмцээнээ эхлүүлж ирэх сарын 4, 8, 10, 11-ний өдрүүдэд тоглолтоо үргэлжүүлэх хуваарь гарчээ. Тамирчид тухайн өдөр өрсөлдөгч тамирчдаа буулган авч ялсан тохиолдолд хуваарийн дагуу тоглолтоо үргэлжүүлэх юм.
Тэмцээний сугалаа хараахан явагдаагүй бөгөөд бид цаг тухайд нь энэ талаар мэдээллэх болно.
Харин чөлөөтийн тамирчдаас ирэх сарын 8-нд 48 кг-д Д.Отгонцэцэг, 63 кг-д зодоглох Монгол Улсын гавьяат тамирчин С.Батцэцэг нар 20:00 цагаас барилдаанаа эхлүүлэх бол наймдугаар сарын 9-нд эмэгтэйчүүдийн 55 кг-д С.Бямбацэрэн, 72 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин О.Бурмаа нар 20:00 цагаас барилдаанаа эхлүүлж, 10-нд Монгол Улсын гавьяат тамирчин Б.Наранбаатар 55 кг-д, П.Өнөрбат 74 кг-д 20:00 цагаас барилдах юм.