Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Татваргүй шатахууны тарчлаан


Шатахууны асуудал шалдар булдар хэвээрээ. УУХҮЯ-наас “Ил тод уул уурхай” сэдэвт хэвлэлийн хурал өнгөрсөн 11-ны өдөр хийсэн. Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Монгол Улс  2017 онд нийт 1.5 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнийг  2016 онтой харьцуулахад 271.3 мянган тонноор буюу 22.1 хувиар өссөн үзүүлэлт. Харин  1 дүгээр сарын 9-ний байдлаар улсын хэмжээнд бүх төрлийн шатахууны нөөц дунджаар ердийн хэрэглээний 41 хоногт хүрэлцэхээр байна.  Үүнээс А-80 автобензин 67, АИ-92 автобензин 38, дизель түлш 38, ТС-1 онгоцны түлш 22 хоногийн нөөцтэй байгаа” хэмээн мэдээлсэн. Тэгвэл Ашигт малтмал, газрын тосны газрын мэргэжилтнүүд “Шатахууны төрлөөс хамаараад 22-67 хоногийн нөөцтэй байгаа тохиолдолд хомсдол үүсэх учиргүй” хэмээн мэдэгдсэн билээ.
Гэвч шатахуун импортлогчид АИ-92 бензин дууссан гээд өдөрт бага хэмжээний лимит тогтоон цөөн шатахуун түгээх станцаар борлуулж эхэлсэн. Энэ нь угтаа шатахууны Онцгой албан татварыг 10 хувиар нэмсэнтэй холбоотой байв. Тэгэхээр дээрх нөөцийн тухай мэдээллээс үзвэл импортлогчид шатахууны зохион байгуулалттай хиймэл хомсдол үүсгэж шазуур зуусан явдал болжээ. ШӨХТГ-аас ч импортлогчид үгсэн хуйвалдаж үнэ нэмж, зохиомол хомсдол үүсгэсэн гэдэг дүгнэлт гаргасан. Бүр зарим импортлогч компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдэгээ мэдэгдсэн.

Харин Засгийн газар өнгөрсөн 24-ны өдөр буюу 7 хоногийн өмнө А-80, АИ-92 автобензиний Онцгой албан татварыг тэглэх шийдвэр гаргав.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар зарим төрлийн шатахууны Онцгой албан татвар тэглэсний дараа  доорх мэдээлэл өгсөн. Тэрээр “ОУВС-тай хийсэн тохиролцсоны дагуу 2018 оны Нэгдүгээр сарын 1-нээс эхлэн шатахууны онцгой албан татварыг нэмэгдүүлсэн. Үүнээс болж зарим шатахууны үнэд өөрчлөлт орж, нефть импортлогч аж ахуйн нэгжүүд худалдаандаа хязгаарлалт хийснээр нийгэмд багагүй бухимдал үүсээд байсан юм. Дэлхийн зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүний үнэ 40 орчим хувиар өсч байгаа энэ үед Онцгой албан татварыг хэвээр үлдээвэл шатахууны үнэ 240-300 төгрөгөөр нэмэгдэх эрсдэл үүсээд байсан. Засгийн газар А-80, АИ-92 шатахууны Онцгой албан татварыг тэглэх шийдвэр гаргалаа. Ингэснээр татвараас шалтгаалж дээрх  хоёр төрлийн шатахууны үнэ нэмэгдэхгүй. Мөн зах зээлд үүсээд буй хомсдол өнөөдрөөс зогсоно” хэмээн хэлсэн билээ.    
Сангийн сайдын үнийн нэмэгдлийн тухай мэдээлэл эргэлзээтэй. Учир нь импортлогч компаниуд “Бид  татварын нэмэгдэлийн улмаас өнөөдөр шатахууны литр тутмаас 100 төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа. Ирэх хоёрдугаар сард 200 төгрөгийн алдагдал хүлээх тооцоо гарсан” гэж мэдэгдсэн байдаг.
Дээрх зөрүүтэй хоёр янзын тооцоо нь шатахууны үнийн өсөлт хэнд ашигтай тусах бол гэсэн хардлага төрүүлсэн хачирхалтай мэдээлэл болж буй юм.  
Гэвч Сангийн сайдын хэлсэнээр шатахууны литр тутмын үнэ нь хуучин хэвэндээ орсон ч хомсдолтой хэвээр. Зарим Шатахуун түгээх станц хаалттай, бензинд дугаарласан цуваа үргэлжилж байна.

Монгол Улсад бүх төрлийн шатахууны 41 хоногийн нөөц бий хэмээн зарласнаас хойш хойш яг 22 хонолоо. Үлдсэн 19 хоногийн нөөц нь хаачив. Энэ хугацаанд Монгол Улсын хилээр нэг ч литр шатахуун орж ирсэнгүй юу? Гэсэн асуулт урган гарч ирнэ.  
Гэтэл шатахууны нөөцийн тухай бас нэг мэдээлэл бий. Тухайлбал, өнгөрсөн 23-ны өдрийн байдлаар А-80 автобензин 14 сая 416 мянган тонн буюу 60 хоног, АИ-92 болон АИ-95 автобензин 40 сая 699 мянган тонн буюу 41 хоногийн нөөцтэй байв. Үүнээс гадна Засгийн газрын 2016 оны 11 сарын 16-ны өдрийн 147 дугаар тогтоолоор импортологч компаниуд өнгөрсөн онд тус бүр 81.9 мянган тонн буюу 30 хоногийн хэрэглээнээс доошгүй нөөцтэй байхаар тогтоож өгчээ. Энэ онд уг нөөцийг 94.7 мянган тонн байхаар тогтоож шатахуун импортлогч 21 компанитай гэрээ байгуулсан байна. Эндээс үзвэл шатахууны нөөц хангалттай байх нь тодорхой.
Харин импортлогчид хүссэндээ хүрсэн ч юуны учир иргэдийг чирэгдүүлнэ вэ? Эрх баригчид ард түмний нэрийг барьж халаасыг нь сэгсэрсэн алдаатай бодлогоо зөвтгөж “Тэвдэж явхад чинь та нарт тэвнээр тусаллаа шүү” хэмээн хоолой мэдэн орилоно вэ?
Мэдээж шатахууны үнэд татвар, валютын ханш, дэлхийн зах зээлийн үнэ зэрэг хүчин зүйлс нөлөөлнө. Гэвч дээрх мэдээллүүдээс “Өнөөгийн эрх баригчдын гол санхүүжүүлэгч, зузаан хэтэвчний нэг нь шатахуун импортлогчид байх нь” гэдэг хардсан дүгнэлт хийж болох нь. Учир нь МАН төр барих хугацаанд шатахууны үнэ дандаа өсч, нийгэм бужигнаж ирсэн. Худал гэвэл шатахууны үнийн асуудлын тухай, хэрхэн шийдэж байсан зэрэг мэдээлэл сонин хэвлэлийн хуудсанд шарлаагүй л дурайж байгаа. ОХУ-ын “Роснефть” компани 100 ширхэг Шатахуун түгээх станц байгуулая гэсэн саналыг зөвшөөрөөгүй.

Мөн Монгол Улс газрын тос олборлогч орон. Гэхдээ газрын тосны бүтээгдэхүүнээ гадаадаас авсаар. Газрын тос боловсруулах үйлдвэр барин хэмээн олон жил МАН, АН-ын эрх барьж байх үед ярьж ирсэн. Даан ч цааснаас газар дээр буулгүй өдий хүрлээ. Тухайлбал, уг үйлдвэрийг 2008 онд Дарханд, 2015 онд Хэнтий аймгийн Бор-Өндөрт, 2016 Сайншандад, 2018 онд Дорноговь аймгийн Алтанширээт суманд барих шийдвэр гарсан билээ.  Энэ шийдвэр нь эргэж буцахгүй л байгаасай. Уг үйлдвэрийг Энэтхэгийн Засгийн газраас авах нэг тэрбум ам.доллараар барина гэсэн. Үүнийг сураглавал одоогоор “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит компани байгуулагдаж ТЭЗҮ-ээ хийлгэж байна. ТЭЗҮ-ийг нь  Энэтхэгийн “Инженерс Индиа лимитед” компани гүйцэтгэж байгаа аж. Урьдчилсан ТЭЗҮ нь өнгөрсөн оны 11 дүгээр сард гарчээ. Харин энэ оны нэгдүгээр улиралд багтаан уг ТЭЗҮ-ийг эцсийн байдлаар манай улс хүлээн авах нь. Ингээд хоёрдугаар улиралд бүтээн байгуулалтын ажил эхэлж 2022 онд ашиглалтад оруулах төлөвлөгөө гарчээ. Тэгэхээр энэ шийдвэр өөрчлөгдөх, хөрөнгө оруулалт тасалдаж гацах зэрэг саатал гарахгүй бол 4 жилийн хугацаа уг нь хаяанд л байна. Монголчуудын хэрүүлийн алимны нэг нь ч гэсэн хорогдоосой билээ.   

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан