Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн барилдааны анхны олимпийн аварга Ирина Мельник-Мерлени

Украиний алдарт бөх, Гавьяат тамирчин, олимпийн аварга Ирина Алексеевна Микульчин 1982 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр Хмельниц мужийн Каменец-Подольский хотод төрж 1999 онд Хмельниц хотод дунд сургууль төгсөн Львов хотын Биеийн тамирын дунд сургуульд элсэн 2008 онд Каменец-Подольск хотын Багшийн дээд сургууль төгсчээ.

Дунд сургуулийн биеийн тамирын багш аав А.В.Мельник нь хүү, охин хоёроо багаас нь спортод дуртай болгон хүмүүжүүлжээ. Хүүхдүүдээ хүйтэн усанд шумбуулж чийрэгжүүлдэг, “хэн хурдан гүйх бэ”, “хэн хол харайх бэ” гэсэн гэр бүлийн тэмцээн зохион байгуулдаг, гэрийнхээ нэг өрөөг спортын танхим маягаар тохижуулж тэнд нь шуудаатай элс, боксын бээлий, туухай байлгадаг байжээ. “Би бокс юм уу каратэгийн тамирчин болж олимпийн аварга болно” гэж охиноо мөрөөдөн ярихад нь аав нь зөрж “миний охинд чөлөөт бөх барилдах авьяас байна” гэж хэлдэг байжээ.

Ирина охин чөлөөт бөхийн спортоос өмнө шатар, гимнастикийн дугуйланд явж бас хийл хөгжим тоглож сурчээ. Шохоорхол бүр нь нэг л бүтэлгүйтэж 1997 онд 9 дүгээр ангид байхдаа чөлөөт бөхийн дугуйланд орно гэж хэлэхэд аав нь “чи туйлбаргүй, бас л удахгүй л хаяна шүү дээ” гээд татгалзахад “би энэ удаа тууштай хичээллэнэ” гэж амласан ч зөвшөөрсөнгүй, тэгтэл ах нь “миний дүү чадна, бүгдийг ялдаг болно” гэж ааваа ятгаж дүүгийнхээ талд орсноор түүний хувь заяа шийдвэрлэгдсэн байна.

Дараа жил нь Украин улсын эмэгтэй чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа зодоглож дөрөвдүгээр байр эзэлж медальгүй хоцорч өөрийнх нь ялагдлыг нь хүмүүс мэдчихсэн, шоолно гээд хэд хоног гэрээсээ гарахгүй байжээ. Гэвч дараа жил нь хүрэл медаль хүртэж ирээдүйтэй, залуу тамирчны хувьд өсвөр үеийн ДАШТ-нд явуулжээ. Тэнд өсвөр үеиййн дэлхийн аварга болж спортын алдарт замналаа эхлэжээ. Тэр үед “чөлөөт бөхийн спортыг хэзээ ч хаяхгүй, хамгийн өндөр оргилд нь хүрнэ, дэвжээн дээр өлссөн эм бар шиг байх юм шүү” гэж хатуу шийджээ.

2004 онд Грек улсын Афина хотод болсон Зуны олимпийн наадмын хөтөлбөрт эмэгтэй чөлөөт бөхийн төрөл анх удаа ороход 48 кг-ийн жинд түрүүлж эмэгтэй чөлөөт бөхийн анхны олимпийн аварга гэдэг эрхэм цолыг хүртжээ. Тэрчлэн Бээжингийн олимпийн наадмаас хүрэл медаль авч ДАШТ-нд 2000, 2001, 2003 онуудад 3 удаа түрүүлж 2005, 2007 онуудад мөнгөн медаль хүртэж 2004, 2005 онуудад европийн аврага цолыг авчээ.

2004 оны олимпийн наадмын дараа нөхөрт гарах, хүүхэдтэй болох хүсэл сэтгэлийг нь эзэмдэж дуулж бүжиглэж зурагтын янз бүрийн нэвтрүүлэг, шоунд оролцох бодолтой болж бэлтгэл сургуулилтаа алдаг оног хийдэг болжээ.  Тийм учраас дараа жил нь болсон ДАШТ-нд мөнгөн медаль хүртжээ. 2006 онд чөлөөт бөхийн спортын мастер Андрей Микульчинтэй сууж ууган хүү Артураа төрүүлж Бээжингийн олимпийн наадмаас хүрэл медаль хүртээд дахин таг чиг болов.

Өмнө нь тамирчин Мерленитэй хуурамчаар сууж Грек улсын нэрийн өмнөөс хэдэн жил барилджээ. Гэвч А.Микульчинтэй гэрлэж түүний овгийг авч Ирина Алексеевна Микульчин нэртэй болсон ч Мерлени нэрээр өндөр амжилтанд хүрсэн учир Ирина-Мельник Мерлени нэрээр дэвжээнд гардаг юм байна.
2008 оны олимпийн дараа дахин гурван жил таг чиг байгаад дахин дэвжээнд гарахаар шийдэж өвдөгтөө мэс засал хийлгэж хоёр дахь хүү Адамаа 2011 оны хоёрдугаар сард төрүүлснээс есөн сарын дараа бэлтгэл сургуулилтаа сэргээж дахин олимпийн аварга болж спортын түүхэнд домог болох зорилготой байгаагаа ил тод хэлж  “Би эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд европоос анхны хошой аварга болмоор байна, хэрхэхийг Бурхан мэдэж байгаа, би ямар ч амжилтыг хүлээн зөвшөөрнө.” гэж өгүүлжээ.  Тэгээд ч дасгалжуулагч Владимир Евгеньевич Евово нь “чи дэлхийд хамгийн шилдэг нь болохоор дахин барилд” ятгаж улам урам зориг өгчээ.

Хоёр дахь хүүгээ төрснөөс 8 сарын дараа бэлтгэл сургуулилтаа эхэлж жирэмсэн байхдаа биеийн жин нь 25 кг-аар нэмэгдсэнийг хасч хоёр сарын дараа Донецк хотод болсон Никифоровын нэрэмжит тэмцээнд түрүүлжээ. Сарын дараа ОХУ-ын Красноярск хотод болсон Гран-При тэмцээнд мөн тэргүүлэв. Хоёр долоо хоногийн дараа Киев хотод болсон олон улсын тэмцээнд Бээжингийн олимпийн аварга канадын бөх Кароль Хьюнийг ялсан ч азербайжаны бөх, дэлхийн аварга Мария Стадникт өвдөг шороодож мөнгөн медаль дээр буужээ. Токио хотод болсон эмэгтэй багуудын дэлхийн цомын төлөө тэмцээнд жин өгсөн 51 кг-ийн жинд барилдаж олон улсын хэмжээний мастер, ДАШТ-ний мөнгөн медальт Д.Отгонцэцэгт огоогоор дийлджээ.
Гоо төгөлдөр Ирина Мельник-Мерлени энэ оны 5 дугаар сард Финланд улсын Хельсинки хотод болсон олимпийн наадмын чөлөөт бөхийн сонгон шалгаруулах сүүлчийн тэмцээнд түрүүлж олимпийн эрх авч төрөлх Хмельниц хотдоо бэлтгэлээ хангаад гурав дахь олимпийн наадамдаа барилдахаар Лондон хотод ирээд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан