Одоогоос 54 жилийн өмнө Монгол Улсын баг тамирчид анх удаа Австри улсад зохион байгуулагдсан “Инсбрук-1964” өвлийн олимпын наадмыг зорьж нээлтийн ажиллагаанд төрийнхөө далбааг хүндэтгэлтэйгээр барин орсон түүхтэй.
Монголын баг тамирчид 1964 оноос хойш “Инсбрук-1976” наадмыг өнжин “Сочи-2014” хүртэл 13 өвлийн олимпын наадамд цана, тэшүүр, биатлоны төрлүүдээр оролцсон билээ.
“Пёнчан-2018” өвлийн олимпын 23 дахь их наадамд Монголын баг тамирчид гүйлтийн цанын төрлөөр эрх авах боломжтой байна.
2018 оны 01 дүгээр сарын 22-нд Олон улсын цанын холбооноос дэлхийн нийт цаначдын чансаа, оноог тодруулснаар Цанын төрлөөр Монголын хэдэн тамирчин “ПЁНЧАН -2018” өвлийн олимпын наадмыг зорих нь тодорхой болох билээ.
Өнгөрсөн 01 дүгээр сарын 06-ны өдөр Монголын цанын тамирчид БНСУ-д зохион байгуулагдсан “Сөүл - 2018” олон улсын тэмцээнд оролцож ОУХМ Ч.Отгонцэцэг 2-р байр, А.Энхтуул 3-р байр, Б.Ачбадрах 5-р байр, С.Дүүрэнбаяр 6-р байр тус тус эзлэн оноогоо цуглуулсаар байна.
Оноо цуглуулах сүүлийн тэмцээн 01 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд олимпын наадам болох Пёнчан хотноо манай баг тамирчдыг хүлээж байна.