Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

9.1 тэрбум төгрөгөөр цэцэрлэгийн барилга худалдаж авна



Засгийн газар нийслэлийн цэцэрлэггүй 25 хороонд цэцэрлэг барих асуудлыг 2017-2019 онд үе шаттай шийдвэрлэх, нийслэлийн 75 цэцэрлэг, хөдөө орон нутаг дахь нэн шаардлагатай цэцэрлэгүүдэд өргөтгөл хийх, улсын хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй болсон цэцэрлэгийг буулгаж шинээр барих, цэцэрлэгийн хүүхдийн хоолны стандартыг мөрдүүлэх болсон. Тэгвэл БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ирэх оны төсвийг батлахдаа  цэцэрлэг, сургуулиудын хөрөнгө оруулалтыг иж бүрэн шийдсэн хэмээж байна. Тэрбээр ирэх  оны 09 дүгээр сарын 01 гэхэд сугалаа сугалж, танил талаараа яриулж цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлдэг асуудал нэг мөр шийдэгдэнэ хэмээв. Ингээд БСШУСЯ-наас цэцэрлэгийн зориулалтаар үйл ажиллагаа явуулах боломжтой баригдсан барилгыг иргэн, хуулийн этгээдээс худалдан авах, түрээслэх талаар судалгаа хийж, дүгнэлт гаргажээ.  Үүнд  10 барилга тэнцсэн байна.  Тухайлбал, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрлах “Ногоон хотхон” цэцэрлэгийн барилга, Налайх дүүргийн 1-р хорооны нутагт байрлах иргэн Ж.Дамбасүрэнгийн цэцэрлэгийн зориулалтаар барьсан барилга, Сонгоинохайрхан дүүргийн 6-р хорооны нутагт байрлах “Содон” хорооллын “Содон” цэцэрлэгийн барилга юм. Уг судалгаанд үндэслэн улсын хэмээнд 4 цэцэрлэг, 2 сургууль, 1 сургууль-цэцэрлэгийн цогцолборын барилгыг худалдан авахад  9.1 тэрбум төгрөг зарцуулахаар болжээ. Мөн  ирэх оны улсын төсөвт нийслэлийн Баянзүрх дүүргийн 2, 25 дугаар хороонд тус бүр нэг цэцэрлэг, Сонгинохайрхан дүүргийн 6-р хороонд нэг цэцэрлэгийн барилгыг  4.9 тэрбум төгрөгөөр худалдан авах юм. Эдгээрээс гадна сургуулийн өмнөх боловсролын  багш бэлтгэж буй бодлого, сургалтын хөтөлбөрийг өөрчлөх зөвлөл байгуулах болсон байна.  БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлого зохицуулалтын газарт Тусгай хэрэгцээт боловсролын хэлтсийг байгуулж, Боловсролын их сургуульд Тусгай хэрэгцээт боловсролын тэнхимыг байгуулжээ.
Тусгай хэрэгцээт боловсрол олгох багш бэлтгэх ажил сүүлийн 25 жил зогссон. Тэгвэл ирэх   оны хичээлийн жилээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хичээл заах багш нарыг дахин бэлтгэж эхэлнэ.  Мөн ирэх оны төсөвт тусгай сургуулиудад хүүхдийн автобус авах, нэмэлт камержуулалтын систем суулгах зэрэг арга хэмжээнд 2.3 тэрбум төгрөгийг тусгажээ. Түүнчлэн хүүхдүүд өгч буй хоол хүнсний бүтээгдэхүүнийг дамжуулагчгүйгээр үйлдвэрлэгчээс нь шууд нийлүүлэх, хүүхдийн хоолны чанар, аюулгүй байдалд онцгой анхаарч ажиллана гэж БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа мэдээлэв.

ЕБС-ийн сурагчдын сурах бичгийн хүрэлцээ тааруу байгаа. Тухайлбал, Говьсүмбэр аймгийн гуравдугаар сургуулийн сурагчид 12 дугаар сард сурах бичигтэй болжээ. Одоогоор 6-9 дүгээр ангийн сурагчдын 70 орчим хувь нь сурах бичигтэй байна. Мөн 12 дугаар ангийн сурагчдын сурах бичиг одоо хүртэл очоогүй. Улсаас өгдөг цөөхөн сурах бичгийг багш нар нь дундаа шахуу хэрэглэж, хүүхдүүд хувилж, олшруулан өгч байгаа юм.  Гэтэл БСШУС-ын яамны газрын зарим дарга 150 сая төгрөгөөр ном худалдан авч бусдад бэлэглэх санал гаргаж байж. Үүнийг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа таслан зогсоож сурах бичгийн хангалтаа сайжруулах үүрэг өгсөн хэмээсэн билээ.

Мөн боловсролын салбарт төлөвлөлт буруугаас хөрөнгө оруулалт нь нүдээ олоогүй жишээ олон бий аж. Жишээ нь  Өмнөговь аймагт 300 хүүхдийн дотуур байр барьжээ. Гэтэл түүнд  одоо дөнгөж 30 хүүхэд л байрлаж байгаа аж. Ийм учраас боловсролын салбарт хийж буй төлөвлөлтөд дотоод мониторнг хийж байх шаардлагатай болжээ.
Монгол Улсад 97 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж, 160 гаруй мянган оюутан суралцаж, 7000 гаруй багш ажиллаж байна.  Эдгээр сургуулиудын 17 нь төрийн өмчийнх. Сүүлийн жилүүдэд иргэд чанаргүй олон их, дээд сургууль, мөн магадлан итгэмжлэлийн талаар гомдол байнга гаргах болсон.
Их, дээд сургуулиудыг магадлан итгэмжлэхдээ доктор, дэд профессорууд багшлах зэрэг шаардлага тавьдаг ч монголын доктор, профессоруудын анкет сургуулиас сургууль дамжаад явах асуудал газар авчээ. Иймд  их, дээд сургуулийн талаарх бодлогоо  гаргаад, хөтөлбөр, стандарт, боловсон хүчинд тавигдах шаардлагыг чангаруулах ёстой хэмээн БСШУСЯ-наас үзэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан