Монгол Улсын Засгийн газар томуу, томуу төст өвчний хүн амын дундах өвчлөлийн байдалтай уялдуулан зохицуулалт хийх шийдвэр гаргасны дагуу сурагчдын амралтыг 1-р сарын 1-нээс эхлүүлж 2-р сарын 1-нийг дуустал нэг сар болгож сунгасан. Тэгвэл энэхүү хугацаа нь нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдад л хамаатай юм байна. Учир нь, аймаг, сум, тосгон, багийн ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт ирэх сарын 1-нээс 22-ныг хүртэл үргэлжлэх аж. Өөрөөр хэлбэл, 22 хоногийн хугацаанд амарна гэсэн үг.
Мөн сурагчдын хоёрдугаар улирлын амралтын хугацаанд өөрчлөлт орсонтой холбогдуулан 2017-2018 оны хичээлийн жилийн 3, 4 дүгээр улиралд мөрдөх хичээлийн жилийн бүтцийг өөрчлөх асуудлыг судалж, 2018 оны нэгдүгээр сард багтаан шийдвэрлүүлэхийг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Боловсролын хүрээлэнгийн захирлын үүрэг гүйцэтгэгч М.Итгэлд даалгасан байна.