Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОУВС манай улсад 79.1 сая ам.долларын зээл нэмж олгохоор болжээ


Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн Захирлуудын зөвлөл гурван жилийн хугацаатай “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн нэг болон хоёрдугаар шатны үнэлгээг хэлэлцэж баталжээ. Энэхүү үнэлгээг хийж дуусгаснаар, Монгол Улс 55.9 сая зээлжих тусгай эрх буюу ойролцоогоор 79.1 сая ам.долларын санхүүжилт нэмж авах боломжтой болсон байна.  Манай улсад одоогоор дээрх хөтөлбөрөөр нийт 83.8 сая ам.долларын зээлжих тусгай эрх буюу 118.6 сая ам.долларын санхүүжилт авчээ.
Уг үнэлгээгээр “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хэрэгжилт сайн гэсэн дүн гарав. Эдийн засгийн өсөлт энэ онд 3.3 хувьд хүрэх төлөв бий. Энэ нь төсөөлж байснаас дээгүүр үзүүлэлт хэмээн ОУВС-аас үзэж байна.
Гурван жилийн хугацаатай уг хөтөлбөр энэ оны 5 дугаар сарын 24-нд батлагдсан. Энэ хөтөлбөрөөр манай улс  314.5054 сая ам.долларын зээлжих тусгай эрх  буюу ойролцоогоор 434.3 сая ам.долларын зээл авах учиртай.  

ОУВС-гийн дэд тэргүүн Мицүхиро Фурусава дараах мэдэгдлийг хийв. Үүнд:
“ОУВС-гийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад хэрэгжиж буй хөтөлбөрийн хэрэгжилт улс төрийн нөхцөл байдлын улмаас зарим талаар хойшлогдсон боловч эерэг үр дүнтэй байна. Эдийн засгийн өсөлт тооцоолсноос  илүү эрчимтэй сэргэж, эдийн засагт итгэх итгэл сэргэсний дүнд төгрөгийн ханш тогтворжиж, санхүүжилтийн гадаад эх үүсвэрийн өртөг буурч, гадаад валютын нөөцийн хэмжээ нэмэгдэж байна. Эрх баригчид төсвийн алдагдлыг бууруулж, эдийн засгийн өсөлтийн чанарын үзүүлэлтийг цаашид сайжруулах бүтцийн шинэчлэлүүдийг эхлүүлээд байна.
Энэ хөтөлбөрийн хүрээнд тавьсан бүх зорилтот тоон шалгуур үзүүлэлтүүд хангагдсан. Төсвийн орлогын төлөвлөгөө давж биелэн, зарлагын санхүүжилтэд хатуу хяналт тавьсны дүнд төсвийн гүйцэтгэлийн үр дүн тооцоолж  байснаас өндөр гарлаа. Энэ онд төсвийн алдагдал ДНБ-ний 7.6 хувьд хүрсэн нь 2016 оны түвшний тал хүрэхгүй хувьтай тэнцэхээр байна. Саяхан батлагдсан 2017 оны төсвийн тодотгол болон 2018 оны төсөв нь хөтөлбөрийн хүрээнд тохирсон шалгуурыг хангаж байгаа. Давж биелсэн төсвийн орлогын тал орчим хувиар хуримтлал үүсгэснээр зээллэгийн хэмжээг бууруулж, өрийн өсөлтийг хязгаарлах болно. Давсан орлогын үлдсэн хэсгийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт нийцүүлэн үр өгөөжтэй арга хэмжээнүүд болон төрийн албан хаагчдад олгох нэг удаагийн урамшууллыг санхүүжүүлэхэд зориулна. Нүүрсний экспорт өндөр өсөлттэй гарч, бондын болон мөнгөний зах зээлд хөрөнгийн урсгал орж ирэн мөн хандивлагчдын санхүүжилт олгогдсоноор гадаад валютын  цэвэр  нөөц нэмэгджээ.
Улс төрийн нөхцөл байдал хэврэг байгааг үл харгалзан эрх баригчид эдийн засгийн өсөлтийг дунд хугацаанд тогтвортой хадгалах, эдийн засгийг солонгоруулж, өрсөлдөх чадварыг дэмжих, мөн тэлэлт-агшилтын мөчлөгийн нөлөөллийг багасгахад дэмжлэг болох бүтцийн шинэчлэлийн том арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхлээд байна. Банкны салбарыг эрүүлжүүлж бэхжүүлэх ажил хийгдэж байна. Тухайлбал, арилжааны банкуудын активын чанарын үнэлгээний үр дүн удахгүй гарах бөгөөд Монголбанкны зүгээс зохицуулалт, хяналт шалгалтын тогтолцоог сайжруулах арга хэмжээг авч  байна. Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпораци болон арилжааны банкуудын засаглал, үйл ажиллагаанд хамаарах хууль эрхзүйн чухал шинэчлэлүүдийг удахгүй батлах гэж байна. Төсвийн тухайд, татварын удирдлага, татварын бодлогын чиглэл, мөн татварын бодлогын асуудлаар дээд хэмжээний ажлын хэсгийг байгуулах замаар төсвийн хяналтыг бэхжүүлэх ажилд ахиц дэвшил гарч байна. Нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, ядуу иргэдийг тэтгэхэд чиглэсэн зарлага санхүүжилтийг хүн амын хамгийн эмзэг хэсэгт чиглүүлэх үүднээс засгийн газар “Хүүхдийн мөнгө” хөтөлбөрийг орлого багатай өрхүүдэд чиглүүлж байгаа бөгөөд хэмнэгдсэн хөрөнгийг хүнсний талоны санхүүжилтийг нэмэгдүүлэхэд ашиглаж байна.   
Өрийн хэмжээ өндөр хэвээр, эдийн засаг нь дэлхийн бараа түүхий эдийн зах зээлийн нөхцөл байдлаас хамааралтай байгаа үед энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө хатуу бөгөөд тууштай байр суурьтай байх явдал нэн чухал юм. Шинэчлэлийн арга хэмжээг тогтвортой хэрэгжүүлэх нь эдийн засгийн даацтай өсөлтийг бататгах, эдийн засагт итгэх итгэлийг бэхжүүлэх болон төсвийн орлого, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, мөн хандивлагчдаас дэмжлэг авахад тус болно” гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан