Бээжингийн олимп эхлэхээс гуравхан сарын өмнө Баянхонгор аймаг анх удаа бага олимпын бамбарыг буухиалж, дөрвөн жил тутамд уламжлал болгон зохион байгуулж байхаар шийдвэрлэснээр аймгуудаас анхдагч болсон юм. “Баянхонгор бага олимп-2008”-ын “Бага олимпоос их олимпын оргил өөд” уриа биеллээ олж Бээжингийн олимпоос 44 жилийн турш хүлээсэн анхны алтан медалийн хосоор нь авсан билээ. Дөрвөн жилийн өмнө төрсөн нутагтаа бага олимпын бамбарыг бадамлуулж байсан ОУХМ М.Уранцэцэг Лондонгийн олимпын эрхийг өвөртлөн жүдочдын салхийг хагалахаар буурал Европ тивд очоод байгаа. Зохион байгуулагчид амласан ёсоороо хоёр дахь удаагийн бага олимпыг ирэх сарын 10-12-нд буюу Лондоны олимпын сүүлийн өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулахаар төлөвлөжээ. Бага олимпыг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Ц.Баярмаа “Анхны бага олимпоо бид Бээжингийн олимпын өмнө зохион байгуулж байсан. Лондонгийн олимпын өмнө зохион байгуулахаар төлөвлөж байсан ч сонгуулийн хуулиас шалтгаалан хойшлуулсан юм. Олимпын хаалтын өдөр бага олимпын хаалтын үйл ажиллагаа давхцаж байгаа. Бээжингийн олимпын алтан медалийг бэлгэдэж зохион байгуулсан бол энэ удаад Лондонгийн медальтнуудын баяр мэдээн дор тэмцээнээ явуулах болов уу гэж найдаж байна ” гэв. Энэ удаагийн олимпод Баянхонгор аймгийн 20 сум, есөн багаас спортын 28 баг 756 тамирчин есөн төрлөөр гурван хоногийн турш өрсөлдөх юм байна. Чөлөөт бөх, жүдо, хүүхдийн хөлбөмбөг гэх мэт спортын есөн төрөл тус бүрд алт, мөнгө, хүрэл медалийн эздийг тодруулж, багийн онооны нийлбэр дүнгээр эхний гурван байрыг мөн шалгаруулна. Энэ жилийн олимпын бэлгэ тэмдгийг уламжлал ёсоор говийн мазаалайг аймгийн сум бүрээр олимпын бамбарыг аялуулах юм байна. Сонирхуулахад Баянхонгорын бага олимпын бамбарыг Лондонгийн олимпын бамбарын загвараар хийжээ.