АНУ-ын Калифорни мужийн Анахайм хотод болсон хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий 75 кг-ын жинд ОУХМ М.Анхцэцэг хүрэл медаль хүртэж, ард түмэн, Монголын спорт сонирхогчдоо баярлуулсан билээ. Тэгвэл Монголын хүндийн өргөлтийн спортын түүхэнд дэлхийн анхны медальтан болсон М.Анхцэцэг болон түүний багш Ц.Хосбаяр, холбооны ерөнхий нарийн бичгийн дарга нарт Биеийн тамир, спортын газрын дарга, гавьяат тамирчин Ц.Шаравжамц, Төрийн захиргаа, удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга Ц.Одонбаяр, Үндэсний шигшээ багийн албаны дарга Б.Билэгт, Ерөнхий дасгалжуулагч Ч.Насантогтох тэргүүтэй албаны хүмүүс хүндэтгэл үзүүллээ. Ц.Шаравжамц дарга "М.Анхцэцэгийн амжилтаар бахархаж байна. Цаашдаа улам хичээж, бэртэл гэмтлээ сайн эмчлүүлж, бэлтгэл сургуулилтаа сайн хийгээд дэлхийн аварга болоорой" хэмээн хэлэв.