Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийт нутгийн 60 хувь нь зудын эрсдэлд орлоо




Зудын эрсдэл нэмэгдсээр байна. Үүнийг УЦУОШХ-аас гаргасан зудын эрсдэлийн мэдээнээс харж болно. Тухайлбал,  2017 оны 11 дүгээр сарын 10-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 30 орчим хувьд нь их, 30 гаруй хувьд дунд зэрэг эрсдэлтэй байв. Үүнээс Булган, Төв аймгийн залгаа сумдын нутаг, Увс, Завханы зааг, Ховд, Говь-Алтайн хойд, Архангайн зүүн, Баянхонгор, Өвөрхангайн хойд хэсгээрзудын эрсдэлийн зэрэг нэн их, Төв аймгийн зүүн, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын хойд хэсэг, Өмнөговийн зарим сумдын нутаг их эрсдэлтэй зэрэгт хамрагдсан билээ. Тэгвэл 2017 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн  40 гаруй хувьд их гэсэн дүгнэлт гарчээ. Үүнийг дотор нь задалаад харвал 18 хувь нь нэн их, 24 хувь нь их гэсэн байна. Мөн нийт нутгийн  20 гаруй хувьд  нь дунд зэрэг эрсдэлтэй байна.
Одоогоор Увсын зүүн тал, Завханы баруун хагас, Баянхонгорын зүүн хойд хэсэг, Архангай, Өвөрхангайн залгаа нутаг, Булганы өмнөд хагас, Орхон аймаг бүхэлдээ, Төв аймгийн баруун хагас болон зүүн өмнөд хэсэг, Хэнтийн өмнөд, Дорноговийн хойд, Сүхбаатарын баруун болон зүүн хэсгээр хамгийн их эрсдэлтэй гарлаа.
Мөн Ховд, Говь-Алтайн хойд, Архангайн баруун хойд, Баянхонгор, Сүхбаатарын төв хэсэг, Өмнөговь, Дорнодын зарим сумдын нутгаар их эрсдэлтэй байна.
Зудын нөхцөл байдал үүсээд байгаа дээрх аймаг, сумдыг эхний ээлжинд анхаарах, цаашид авах арга хэмжээг оновчтой, шуурхай зохион байгуулах, олон улсын болон хүмүүнлэгийн тусламж, дэмжлэгийг татан оруулах зэрэг арга хэмжээг эртнээс авч хэрэгжүүлэх шаардлагатай.
Зудын эрсдэлийн энэхүү мэдээлэл нь дан ганц одоо байгаа цасны зузаан, нягтаас хамаарахгүй, өнгөрсөн зуны ган зуншлага, бэлчээрийн ургац, бэлчээрийн даац, малын тоо, 12 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээ зэрэг олон үзүүлэлтийг жинлэн нэгтгэж, анализ хийж гаргасан болохыг анхаарна уу.   
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зудтай холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг боловсруулан гаргадаг.
Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган зуншлага, бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайц, энэ жилийн цасны бүрхэц, зузаан, нягт болон дараа сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг 10 гаруй мэдээллийг ашиглаж байна.
2017 оны зун ихэнх нутгаар гантай болон гандуу байсан нь ургацын хэмжээ бага байх, мал тарга хүч дутуу авах, өвөл-хаврын бэлчээрийн даац ихээхэн хэмжээгээр хэтрэх, бэлчээрийн нөөц хүрэлцээ муу улмаар мал өвөлжилт хаваржилт хүндрэх нөхцөл бүрдэхэд хүргээд байна.

7 дугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд гандуу, 10 гаруй хувьд гантай байлаа.
11 дүгээр сарын 30-ны байдлаар нутгийн 50 гаруй хувьд цастай, Увс, Завхан, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын ихэнх, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн зарим сумдын нутгаар 0-10 см зузаан, нягт нь 0,10-0,28 г/см3, Баян-Өлгийн Даян/Сагсай/, Увсын Малчин, Баруунтуруун, Хяргас, Завханы Баянтэс, Цэцэн-Уул, Тосонцэнгэл, Баянхайрхан, Түдэвтэй, Тэс, Эрдэнэхайрхан, Архангайн Хашаат, Өвөрхангайн Есөнзүйл, Булганы Сэлэнгэ, Сэлэнгийн Орхонтуул, Төвийн Баян, Бүрэн, Цээл, Дэлгэрхаан, Улаанбаатарын Налайх/Тэрэлж/ Хэнтийн Дархан, Өндөрхаан, Мөрөн, Сүхбаатарын Асгат, Мөнххаан сумдад 11-20 см, нягт нь 0,10-0,31 г/см3, Завханы Сонгино, Өвөрхангайн Бүрд, Булганы Могод, Гурванбулаг,  Бугат, Бүрэгхангай, Дашинчилэн, Орхон, Хангал, Хишиг-Өндөр, Баяннуур, Рашаант, Орхоны Баян-Өндөр, Жаргалант, Төвийн Лүн, Баян-Өнжүүлд 21-45 см зузаан, 0,12-0,36 г/см3 нягт цастай байна.
Энэ намар нойтон цас орж, зарим газраар борооны дараа орсон, өдөртөө гэсэж шөнөдөө хөлдсөнөөс болж ихэнх нутагт цасны нягт ихтэй байгаагаас бэлчээр мөстөх, зам харгуйд хальтиргаа гулгаа үүсэх зэрэг онцлогтой байгааг анхаарах хэрэгтэй юм.   
Цаашид бид цасны зузаан нэмэгдэх, хүйтний эрч чангарах зэрэг нөхцөл байдал хүндрэх үед зудын эрсдэлийн тооцоог тухай бүр хийж, нэгдсэн зураглал боловсруулж, тойм зөвлөмж гаргаж, шуурхай мэдээлнэ.

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан