Банкны системийн хууль эрх зүйн орчинг өөрчлөх цаг нь болсон хэмээн Монголбанкнаас үзэж буй. Ийм учраас банк, санхүүтэй холбоотой 10 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай яригдаж байгаа. УИХ-аар Банкны тухай, Хөрөнгө оруулалтын банкны тухай, Төв банкны тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Мөн УИХ-ын нэр бүхий гишүүд Банкны зээлийн хүүд хязгаар тухай хуулийн төсөл боловсруулсан билээ. Тэгэхдээ зээлийн хүүгийн дээд хязгаарыг Монголбанк тогтоох талаар Монголбанкны саналыг аваагүй. Харин хуулт санаачлагчид уг хуулийн төсөлд тусгасан аж.
Дээрх хуулийн төслийг санаачлагчийн нэг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Арилжааны банкуудын дундаж хүү 35-36 хувь байна. Банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн хүү 60-80 хувьтай байгаа. Үүний зэрэгцээ хадгаламжийн хүү мөн өндөр болсон. Одоогоор арилжааны банкуудад асар их хэмжээний мөнгө хуримтлагдсан. Миний авсан мэдээллээр 6 их наяд төгрөг бий. Энэ мөнгө өнөөдөр ямар ч эргэлтгүй банкуудад хадгалагдаж байна. Тэгээд зээл өгөхдөө 2-3 дахин нугалсан өндөр хүү тооцож иргэд, аж ахуйн нэгжүүдийг шулдаг. Иймд банк, хадгаламж эзэмшигч хоёр баяжаад, баялаг бүтээхээр ажиллаж буй хүмүүс хүүгийн дарамтад сөхөрдөг байж болохгүй” хэмээн тайлбарлаж буй билээ. Тэгэхээр банкууд зээлийн хүүгээ буулгах уу, харилцагчдын хадгаламжийг эрсдлээс хамгаалж чадах уу, төвбанк зээлийн дээд хязгаарыг тогтоовол яах вэ зэрэг олон олон асуулт хариугаа хүлээж буй.
Зээлийн хүүд хязгаар тогтоох хуулийн төсөлд арилжааны банкны зээлийн хүүгийн дээд хэмжээ жилийн 18 хувь байхаар тооцсон. Энэ нь сарын 1.5 хувь байна гэсэн үг. Банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүүгийн дээд хэмжээ 35 хувь байхаар тооцоод байгаа билээ.
Хэрэв зээлийн хүү буурвал хадгаламжийн хүү дагаад буурах нь гарцаагүй. Энэ тохиолдолд банкинд өндөр хүүгээр мөнгө хадгалуулж буй хүмүүс өөр бизнес, эсвэл хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийх нь дамжиггүй юм.
Өөрөөр хэлбэл Хөрөнгийн биржээр дамжих мөнгөн урсгал нэмэгдэнэ гэсэн үг. Гэвч манай хөрөнгийн биржид тэр мөнгөн урсгалыг шингээж авах шинэ бүтээгдэхүүн бий юу гэсэн асуулт урган гарч ирнэ. Үүнээс гадна эдийн засгийн бусад салбарууд ч мөнгөний гачаалтай байгаа. Тэгэхээр тэр мөнгөн урсгал ямар нэг байдлаар орон зайгаа олоод шингэж чадах тул эдийн засагт эерэг үр дагвар авч ирнэ хэмээн хууль санаачлагчид үзэж байна. Жишээ нь ипотекийн зээл, хүнд үйлдвэрлэл, зам, барилгын бүтээн байгуулалт гээд хөрөнгө оруулалт хүрэлцээ муутай эдийн засгийн салбарууд байгаа юм.
Банкны системийн хууль эрх зүйн өөрчлөлтийн талаар Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч Н.Лхагвасүрэн дараах тайлбарыг хийсэн билээ.
-Эдийн засаг тогтвортой өссөн үед банкууд ашигтай ажилладаг. Хүнд үед ашиг нь багасдаг. Нийт банкны системд чанаргүй зээлийн хэмжээ ДНБ-ий 7.5 хувьтай байна. Энэ нь 1.1 их наяд төгрөгт хүрсэн гэсэн үг. Тэгэхээр өнөөдөр чанаргүй зээлийн Эрсдлийн сан байгуулах зайлшгүй шаардлагатай. Уг сан банкны эздийн өмнө нь хуримтлуулсан ногдол ашгаас бүрддэг. Гэхдээ чанаргүй зээлийг хаах Эрдслийн санг банк өөрөө авч явж чадах уу үгүй юу гэдэг талаас нь харах хэрэгтэй юм.
Банкны системд өнөөдөр 27 их наяд төгрөг эргэлдэж байгаа. Үүний 3.3 их наяд нь банкны эздийнх, үлдсэн 24.3 их наяд нь харилцагчдынх. Тиймээс энэ харилцагчдын мөнгийг хамгаалах зорилгоор төвбанк Эрсдэлийн сангийн удирдлагад зайлшгүй оролцох шаардлагатай гэсэн юм.
Мөн эрсдэлд орсон банкны харилцагчдын эрх ашгийг хамгаалах үүднээс гүүр банк байх шаардлагатай болдог хэмээн төв банкнаас үзэж байна. Манай банкны системийн түүхэнд ийм банк байгуулж харилцагчийн хөрөнгийг хамгаалж байсан түүхтэй. Тухайлбал, Зоос банкийг Төрийн банк болгон өөрчилж, харилцагчдыг хөрөнгийг хамгаалж хэвийн үйл ажиллагааг нь хангаж байсан удаатай аж.
Монголбанкны удирдлагууд “Бодит эдийн засгаа дэмжихийн тулд банкны салбар сайн байх ёстой. Иргэдээс мөнгөн хөрөнгийг хуримтлуулж аваад санхүүгийн зуучлал үзүүлж байгаа байгууллагуудад эрхзүйн зохицуулалт хийж байна. Цаашдаа бид эрсдэлд суурилсан хяналт хийнэ. Асуудал үүсэхээс өмнө эрсдлийг дүгнэвэл бодит эдийн засгийг дэмжих бололцоо бүрдэх юм” хэмээн тайлбарлаж байгаа юм.
Төв банкны тухай хуульд дараах нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгажээ. Хуулийн төсөлд Төв бие даасан, хараат бус байдлын үзүүлэлтийг тооцсон индексийн үзүүлэлтийг нэмэгдүүлэх үүднээс Монголбанкны үндсэн зорилтыг дэлхийн нийтийн түгээмэл, чиг хандлага болсон “Үнийн тогтвортой байдал” болгон өөрчлөх, мөнгөний бодлогыг боловсруулах, УИХ зөвхөн хуульд заасан “мөнгөний бодлогын зорилт”-ыг баталж, энэ дагуу Монголбанкнаас хэрэгжүүлдэг болох, Монголбанкны удирдлага буюу Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч нарыг албан тушаалд томилох шалгуур, чөлөөлөх үндэслэл журмыг нарийвчлан тогтоох, Монголбанкнаас баримтлах мөнгөний бодлогын зорилтын төслийг хэлэлцдэг, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх шийдвэр гаргадаг “Мөнгөний бодлогын зөвлөл”, банкны хяналт шалгалтын шийдвэрийг гаргах “Банкны хяналт шалгалтын хороо”, Монголбанкны бусад үйл ажиллагаа, төсөв санхүүтэй холбоотой шийдвэрийг гаргах “Удирдах зөвлөл” байгуулахаар тусгаж, төсвийн шинж чанартай санхүүжилт- хөтөлбөрийг Монголбанкнаас санхүүжүүлж, мөнгөний бодлогын зорилт үр нөлөөг алдагдуулдаг байдлыг арилгах зорилгоор Засгийн газарт зээл олгох, Засгийн газрын үнэт цаасыг худалдан авах Монголбанкны үйл ажиллагааг тодорхой зааж, хязгаарлалтыг тусгав.