Сүүлийн үед арилжааны банкны зээлийн өндөр шалгуур, нөхцөл, хүүгээс дайжсан иргэд Банк бус санхүүгийн байгууллагыг /ББСБ/ зорих болсон. Мөн Санхүүгийн зохицуулах хорооноос ББСБ-ын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлсэн юм. Тэгвэл энэ оны гуравдугаар улирлын тайлангаар ББСБ-ын нийт хөрөнгө 906 тэрбум төгрөгт хүрлээ. Үүнийг задлаад харвал хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ энэ онд 160 гаруй тэрбум буюу 41.3 хувиар өссөн дүн гарч байна.
Ийнхүү хувь нийлүүлсэн хөрөнгө нь өссөн тул зээлийн хүү нь ч буурсан хэмээн СЗХ-оос дүгнэж буй юм.
Өөрөөр хэлбэл ББСБ-уудын хөрөнгө нь өртөг зардал багатай эх үүсвэрээр нэмэгдсэн тул олгох зээлийн хэмжээ өсч, хүү буурчээ. Тухайлбал, нийт олгосон зээлийг өнгөрсөн оныхтой харьцуулбал 32.3 хувиар өсч 592.4 тэрбум төгрөгт хүрсэн байна. Харин зээлийн сарын дундаж хүү 0.8 пунктээр буурч 3.4 хувь боллоо.