Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХАРҮМАФҮЖИ ХАРИХ БОЛООГҮЙ


Японд сурч, ажиллаж байгаа монголчууд маань Монгол сүмочдынхоо тухай Японы хэвлэлд гарсан нийтлэлүүдийн талаар өөрсдийн нүүр номондоо мэдээлэл оруулдаг нь монголчуудад бодит мэдээлэл авахад ихээхэн дөхөм тус болдог юм. Сүмогийн их аварга Харүмафүжи Д.Бямбадорж болон Таканоива А.Баасандорж нарын дунд болсон хэрэгт япончууд маш их ач холбогдол өгч байгаа нь сүүлийн хэдэн өдөр Монголд ирж ажилласан японы сэтгүүлчдийн мэдээллээс тод. Тэд А.Баасандоржийн гэр бүлээс, ахаас нь ярилцлага авсан, мөн эндээс боломжтой бүх л мэдээллийг цуглуулах гэж ихэд хичээж буй талаар манай сэтгүүлчид зах зухаас нь мэдэрч харж байна. Тэгвэл Японы хэвлэлээр хамгийн сүүлд гарч буй мэдээллээр Харүмафүжи аварга маань А.Баасандоржийг хүнд гэмтээгээгүй гэдэг нь тодорхой болжээ. Үндсэндээ хоёр дэвжээний багшийн өрсөлдөөнд Монгол бөхчүүдийн дунд гарсан үл ойлголцол “олз” болчихсон аж. Мэдээж ах хүнийг хүндлэх ёс байх ёстой. Гэхдээ хүндлэлгүй хандлаа гээд нударга зөрүүлэх нь зөв хэрэг биш гэдгийг хаа хаанаа энэ удаагийн үйл явдлаас илүү сайн мэдэрсэн биз.
Японы сонинуудын өчигдрийн дугаарт ямар мэдээлэл гарсныг Япон сурч амьдардаг Munh-Erdene Muugii ийн тоймлон өөр нүүр хуудсанд бичжээ.

Сүүлийн долоон хоног шахам Сүмогийн их аварга Харүмафүжи буюу Д.Бямбадорж аварга нутаг нэгт Таканоива А.Баасандоржийг зодож гэмтээсэн хэргийн талаар Японы телевиз,сонин тэр дундаа спортын сонинуудын нүүр болгон дээр мэдээлж ирсэн ч 2017.11.19-ны өнөөдөр өглөөний "Никан"сонин (Японы хамгийн олон уншигчтай спортын сонин) дээр ямар яриа, үйл явдал болсон талаар товч тодорхой зурагт дүрстэйгээр үзүүлжээ. Сонин дээр бичсэнээр А.Баасандорж намрын башё дууссаны дараа 9 дүгээр сарын сүүлээр нутаг нэгт гурван сумоч болон Монголоос ирсэн аварга Хакүхо М.Даваажаргалын найз гэх нэг залуутай тавуулаа ууж сууж байхдаа согтож "Би Хакүхог ялсан. (Өнгөрсөн башёгийнх нь 14 дахь өдөр Хакүхог унагаасан юм байна) Та нарын үе дууссан. Одооноос бидний үе эхэлсэн" гэх мэтээр согтуурхсан бололтой. Энэ яриаг сонссон Хакүхо М.Даваажаргалын найз нь Хакүход, А.Баасандоржийн согтуугаараа хэлсэн үгийг ярьжээ. 10.25 өдөр манай сумочид бөөнөөрөө байх үед аварга Хакүхо М.Даваажаргал, А.Баасандоржид "үг хэлээ анхаарч бай" гэх утгатай зүйл ярьж байхад нь А.Баасандорж гар утасаа оролдоод суугааг харсан аварга Харүмафүжи Д.Бямбадорж уурлаад цохиод авсан бололтой. Энэ үйл явдлын маргааш А.Баасандорж өөрөө Харүмафүжи Д.Бямбадорж аваргаас болсон явдалдаа уучил гуйсан юм байна. Гэвч Таканохана аварга буюу А.Баасандоржийн багш удахгүй болох сумогийн холбооны сонгуульд үйл явдлыг өөртөө ашигтайгаар эргүүлэх гэж Харүмафүжи Д.Бямбадорж аваргыг шавийг нь хүнд гэмтээсэн мэтээр ойлгуулсан нь Японы хэвлэл мэдээлэл төдийгүй олон улсын мэдээллийн хэрэгслүүдээр нэлээн шуугиж Д.Бямбадорж аваргыг зодог тайлах тухай хүртэл яриад амжжээ. Өнөөдрийн сонинд бичсэнээр бол 11.17 өдөр эмчийн дүгнэлт гарч А.Баасандоржийг хүнд гэмтэлгүй гэж дүгнэсэн байна. Энэ мэдээнээс харахад Д.Бямбадорж аварга зодог тайлахгүй нь тодорхой. Хэрэв хүмүүсийн яриад байгаа шиг зодог тайлчихвал дэндүү харамсалтай. Дахиад наанадаж таван жил барилдах хүч нөөц түүнд бий. Удаан барилдах нь өөрт нь цаашлаад Монголд л ашигтай. Энэ үйл явдал аваргад маань их зүйл бодогдуулсан байх. Япон сонинуудаар бас л айхтар л шуугиж байсан ч өнөөдрийн энэ сониноор л түүнийг зодог тайлах хэмжээний зөрчил гаргаагүйг тайлбарлажээ. А.Баасандоржийн хувьд ч гэсэн адилхан Монгол аав, ээжийн хүү багагүй зүйл ухаарсан болов уу?. Өглөө амжвал сонинууд гарчиглаж хараад хааяа өөрт хэрэгтэй санагдсан дугаарыг нь худалдаж авдаг юм. Өнөөдөр өглөөний "Никан" сонин дээр манайхны зураг их хөөрхөн гарсан учраас дурсгалтай гэж бодоод худалдаад авчихлаа. Япон бол жижигхэн зүйл дээр ч асуудлыг том болгож хардаг хэцүү улс. Эцэст нь архи согтууруулах ундаа хэрэглэх нь ямар ч эрсдэлд оруулж болохын нэгэн тод сургамж боллоо. Залуус бид хороос хол явбал муу явдал ойртож ирэхгүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан