МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар өнөөдөр хэлэлцээрийг үр дүнд хүргэхэд онцгойлон анхаарч ажиллахыг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаас хүссэн мэдэгдэл хүргүүлжээ.
Үүндээ Их хурал болон Ерөнхий зөвлөлийн анхдугаар хуралдаанаар цаг үеийн тулгамдсан асуудал, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн хэрэгжилт, цалингаа нэмэгдүүлэх чиглэлээр Монголын боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны өрнүүлж буй тэмцлийн үйл ажиллагааны талаар тусгайлан авч хэлэлцсэнээ дурджээ. Мөн МҮЭ-ийн холбооны бүх шатны гишүүн байгууллага, гишүүд энэхүү шударга ёсны тэмцлийн үйл ажиллагааг дэмжиж, эв санааны нэгдэлтэй байгааг илэрхийлсэн байна. Харин мэдэгдлийнхээ төгсгөлд МБШУ-ы ҮЭ-ийн холбооноос тавьж буй цалин нэмэгдүүлэх санал шаардлагыг ажил хэрэгчээр шуурхай хэлэлцэн, боловсролын салбарын хэвийн үйл ажиллагааг хангаж, хэлэлцээрийг үр дүнд хүргэхэд онцгойлон анхаарч ажиллахыг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаас хүсчээ.