Манай улсын валютын зах цомхон. Монголбанк арилжааны банкуудаас санал авч худалдах замаар гадаад валютын зах зээлд ам.доллар, юань нийлүүлж ирсэн. Иргэд, аж ахуйн нэгжүүд Найман шаргын ченжийн зах, банк, ББСБ-аас гадаад валют худалдан авч хэрэгцээгээ хангадаг. Энэ нь валютын захын гажуудал гэхэд хилсдэхгүй. Иймд валют арилжааны дэд бүтцийг хөгжүүлэх, боловсронгуй болгох талаар олон жил ярьж ирсэн.
УИХ өнгөрсөн онд 68 дугаар тогтоолоор “Валютын дотоодын захын дэд бүтцийг хөгжүүлж, ил тод, үр ашигтай байдлыг хангасан шинэ тогтолцоо бүрдүүлэх” арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсон билээ. Ингээд Монголбанк өнгөрсөн 4-р сарын 10-нд “Банк хоорондын валют арилжааны цахим талбар”-ыг нээсэн юм. Үүнээс хойш уг цахим талбараар нийт 227 сая ам.доллартай тэнцэхүйц хэмжээний ам.доллар болон юанийн арилжааг банкууд хоорондоо хийгээд байна. Уг арилжааг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 2.3 дахин өссөн үзүүлэлт аж.