УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Тус бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаас Банкны зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох тухай хуулийн төсөл олны анхаарлыг татаж байна. Уг хуулийн төслийг УИХ дахь АН-ын бүлэг ирэх долоо хоногт албан ёсоор хэлэлцэж олон нийтийн хэлэлцүүлэг хийх болжээ. Ингээд УИХ-д өргөн барина хэмээн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлсэн юм.
АН-ын бүлгийн хурлын мэдээлэлтэй зэрэгцээд Монголын банкны холбооноос уг хуулийн төслийг эсэргүүцэж мэдэгдэл гаргалаа. Уг мэдэгдэлд “Монгол Улсад банк санхүүгийн байгууллагын зээлийг захиргаадлын аргаар хязгаарласан аливаа хууль батлах нь хөрөнгө оруулалт, бизнесийн орчинг эрс муутгасан, санхүүгийн салбарт гажуудал үүсгэж тогтворгүй болгосон, эдийн засгийн хөгжлийг ухраасан ноцтой алдаа болохоор байна.
Дэлхийн 80 орчим улс орны туршлага, олон улсын түвшний судалгааны үр дүнгээр банкны зээлийн хүүнд хуулиар хязгаар тогтоох оролдлогууд анхны зорилгодоо хэзээч хүрч байгаагүй. Харин эсэргээрээ зээлийн эрсдэл нэмэгдэх, хүү өсөх, хүртээмж муудах, олголт буурах, санхүүгийн зуучлал эрс хумигдах, далд эдийн засгийг дэмжих, эдийн засгийн хөгжил доройтох зэрэг сөрөг үр дагварт хүрэгдэг нь нотлогдсон. Төрөөс макро эдийн засаг, бизнесийн орчныг тогтвортой эерэг байлгах, нийт эдийн засгийн эрсдэлийг бууруулах, санхүүгийн салбарын дэд бүтцийг хөгжүүлэх замаар зээлийн эх үүсвэрийн өртөг хямдрах зээлийн хүү буурах орчныг бүрдүүлэх нь чухал хэвээр байна” гэлээ.
Тэгвэл иргэд “Бизнесийн зээл гэдэг нь жилийн 5 хувийн хүүтэй байдаг. Ипотекийн зээл гэвэл жилийн 2-3 хувийн хүүтэй байх ёстой. Манайх шиг "Бизнес дэмжих зээл" гэж 35 хувийн хүүтэй зээл олгодог, ипотек гэж 8 хувийн зээл олгодог улс гэж дэлхийд байхгүй. Санхүүгийн шинжээчид, эдийн засагчид санал нэгтэй үнэнийг хэлж, баталж байна. Арилжааны банкууд төртэйгээ нийлж иргэдээ шулж ханаагүй л байна уу” гэх зэргээр өөрсдийн цахим хуудсаараа санал бодлоо илэрхийлж байна. Ялангуяа жижиг дунд үйлдвэрлэгчид санхүүгийн хэрэгцээгээ арилжааны банкнаас зээл авч хангадаг. Гэтэл өндөр хүүтэй, барьцаа хөрөнгө шаарддаг, хүссэн хэмжээний зээл авч чаддаггүй зэргээс шалтгаалж дампуурч байна хэмээн олон жил ярьж буй билээ.
Үүнээс гадна хөрөнгийн зах зээлийн шинжээч, эдийн засагч, Д.Ангар өөрийн цахим хуудастаа “Буруу хэрэгжүүлсэн 8 хувийн ипотек гэдэг бол "weapons of mass destruction” буюу Монголчуудыг үй олноор нь хөнөөх зэвсэг болчихлоо. Одооноос хүмүүс урхидуулан хулхидуулснаа мэдэж эхэлсэн. Төрөөс яаралтай арга хэмжээ авч ипотекийн зээлийн хүүг 3-4 хувь болгохгүй бол хэдхэн жилийн дотор маш том санхүүгийн хямрал болно. Монголын санхүүгийн систем тэр чигтээ байхгүй болно. Цаг алдаад л байна даа!!!” гэж мэдэгдлээ.
Банк, санхүүгийн байгууллагын зээлийн тайланг харвал сүүлийн үед өрхийн буюу хэрэглээний зээл маш ихээр нэмэгдэж байна. Банкууд ч ийм төрлийн зээлийг их хэмжээгээр гаргаж байгаа юм. Энэ нь тийм ч сайн үзүүлэлт биш бөгөөд өрхийн өр ихээхэн нэмэгдэх нь ирэйдүйд эдийн засагт сөрөг нөлөөтэй бөгөөд санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдаж байгаагийн илрэл гэж эдийн засагчид хэлж байна. Тухайлбал, эдийн засаг дахь өрхийн нийт өр 2012 онд 3 их наяд төгрөг буюу ДНБ-ий 18 хувьтай тэнцэж байж. Тэгвэл энэ оны 1 дүгээр улирлд 8.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий 31 хувь болж нэмэгджээ. Ийнхүү хэрэглээний зээл цааш үргэлжилэн нэмэгдвэл эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалд сөрөг нөлөөлөх нь дамжиггүй. Ийм учраас Монголбанк зээлийн өсөлтийг тогтвортой түвшинд хадгалах бодлого баримтлах шаардлага зүй ёсоор тулгарч байна. Судлаачдын үзэж буйгаар манай эдийн засагт зээл олгох хэмжээ ДНБ-ий 20 хувиас хэтрэхгүй байвал зохистой гэдэг. Хэдийгээр зээл эдийн засгийг дэмжих нэг хөшүүрэг боловч хэт ихдвэл урт хугацаандаа банк санхүүгийн хямралд хөтлөх нягууртай юм.