Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.ЧАНДАГАНЦАГААН: БУРМАА ЭГЧИЙН ДАЙТАЙ БӨХ БОЛОХ МӨРӨӨДӨЛТЭЙ


Монголын чөлөөт бөхийн холбооны шигшээ багийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж буй Өвөрмонголын эмэгтэй шигшээ багийн тамирчин Ц.Чандаганцагаан болон түүний дасгалжуулагч багш Д.Буянт нартай ярилцлаа.

-Та их найрсаг хүн юм аа. Манай улсад өмнө нь ирж байсан уу?
-Монголын бөхчүүдтэйгээ их дотно найзууд болсон. Монголд анх удаа ирж байгаа. Нутаг руугаа  буцна гэхээр бэлтгэл сургуулилт хийж байсан заал танхим, монголынхоо бөхчүүдийг их санах юм шиг байна.
-Олон хоног хамтарсан бэлтгэл хийсэн болохоор хоорондоо их дотно болсон байх.  Манайд баригдсан бэлтгэлийн төв ямар санагдаж байна?
-Үнэхээр их таалагдсан. Өмнө нь ийм газарт бэлтгэл сургуулилт хийж байгаагүй.
-Монгол Улсын гавьяат тамирчин О.Бурмаагийн жин буюу 72 кг-д барилддаг  гэж сонссон?
-Тийм ээ. Бурмаа эгчийг бодвол надад туршлага гэх зүйл бага л даа. Яваандаа сайжирна гэдэгт итгэлтэй байгаа.
-О.Бурмаагийн бэлтгэл хангагчаар ажиллаж байгаа. Манай гавьяатыг олимпод  хэр сайн барилдана гэж бодож байгаа вэ?
-Бурмаа эгчийн бэлтгэл сургуулилт сайн байгаа. Миний хувьд Бурмаа эгчийн дайтай бөх болох юмсан гэж боддог.
-Өөрийн  чинь бэлтгэл сургуулилт, барилдааны ур чадварыг мэргэжилтнүүд өндрөөр үнэлдэг юм билээ. Удахгүй жиндээ цахиур хагална гээд л…?
-Бөхийн спортоор хичээллээд хоёр жил болж байна. Бэлтгэл сургуулилтаа сайн базаавал жиндээ хүчтэй өрсөлдөгчийн тоонд зүй ёсоор багтах л байх. Анх бөхийн спорт гэж юуг нь ч мэдэхгүй хүн л хөл тавьж байлаа.
-Аав тань Өвөрмонголын алдартай бөх гэсэн ?
-Тийм ээ. Өвөрмонголын алдартай бөх. Олон удаагийн аварга Цэцэнбаяр гэж хүн бий.Ааваараа их бахархаж явдаг.
-Олимпын эрх олгох тэмцээнд оролцсон уу?
-Үгүй ээ. Дараагийн олимпод оролцоно гэж бодож байгаа. Тийм болохоор өөр­төө байгаа бүхий л нөөц бололцоогоо дайчилж ажил­лана гэж бодож чармайж байна.  
-Таны жингийн өрсөл­дөгчид хэр чанга вэ?
-Миний жингийн өрсөлдөгчид маш сайн. Хэн  нь ч хэнээсээ илүү гараад байхгүй хүчтэй бөхчүүдтэй. Би одоо 18 настай. Гэтэл надаас жаахан хүүхдүүд миний жинд хүч түрэн орж ирж байна..
-Манай чөлөөт бөхийн холбоо шинэчилсэн бүрэлдэ­хүүнд орж ажилласнаас хойш тамирчдын  амжилт гаргах нөхцөл байдал ч гэсэн сайжирч байгаа. Өвөрмонголын чөлөөт бөхийн холбоо хэр сайн ажилладаг бол?
-Миний хувьд сайн гэсэн үнэлгээг  өгч чадна. Олон жил спортод бие сэтгэлээ зориулаад явж байгаа тамирчид хэрхэн дүгнэхийг хэлж мэдэхгүй юм.
-Эмэгтэй хүнд бөхийн спортыг их хүнд гэдэг шүү дээ. Энэ спортоор хичээллэж эхэлснээс хойш шантарч няцах тохиолдол гарч байсан уу?
-Заримдаа хэцүү зүйл олон гардаг. Тэр бүрт шантраад байвал зорилгодоо хүрч чадахгүй. Бэлтгэл хийгээд, жин хасаад ядарсан үедээ өөрөө өөртэйгөө их ярьдаг. “Би үүнийг л давж чадахгүй бол зорилгодоо хүрэхгүй” гээд л ярьж өгнө шүү дээ.

-Таны туйлын зорилго юу вэ?
-Олимпын аварга болох.              /Инээв/

-Ямар мэхэндээ хамгийн сайн гаршиж байна?
-Хөлд  бол сайн шүү. Бас сэтгэлзүйн бэлтгэл сайтай. Хэр баргийн зүйлд шантраад байдаггүй. Энэ миний давуу тал гэх үү дээ.

-Манай бөхчүүд мэргэ­жилдээ их анхаардаг л даа. Өөрийн чинь хувьд хаана сурдаг вэ. Мэдлэг боловсролдоо хэр анхаарч байна?
-Боловсролдоо төдийлөн анхаарч чадахгүй л явна. Ямартай ч бөхийн спортоороо тууштай явах бодолтой байгаа. Айлын сайн эзэгтэй болохын тулд мэргэжилдээ анхаарах болно оо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан