Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын гишүүд ээ! Зээлээ төлөөч ээ, дараагийн хүнээ сургамаар байна



Шинэчлэлийн Засгийн газар Төрийн сангийн зээлээр сураад эргэж өрөө төлөөгүй иргэдийн нэрсийг нээлттэй зарлаж, хэний хүүхэд хаана ямар мэргэжлээр сураад мөнгөө эргэж төлөөгүй вэ гэдэг мэдээллийг анхлан иргэдэд өгсөн. Зарласан нэрс дунд сайд, дарга нар, алдар хүндтэй бизнесмэний хүүхдүүд илүүтэй байсанд хүмүүс ихэд бухимдаж байсан билээ. Тухайн үед нэр устай нь зарлаж, зээлээ эргэж төлөхийг шаардаж байсан ч тусыг эс олсныг хэдхэн хоногийн өмнө Боловсролын зээлийн сангаас анхааруулан зарласан улсын зээлээр сурчихаад эргэж холбогдоогүй ээ гэх хүмүүсийн нэрсээс харж болохоор байв.

Тодруулбал, Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр Гадаадын их, дээд сургуулийн магистрантур, докторантурт 1997-2013 оны хооронд суралцаад сургалтын төлбөрийн зээлээ барагдуулж дуусаагүй 393 иргэний нэрийг Боловсролын зээлийн сан зарласан байна. Тэгэхдээ бүр аль улсын сургуульд хэдэн онд ямар мэргэжлээр суралцсан талаарх мэдээллийг хамтад нь гаргажээ. Ажвал олонх нь улстөрч, урлаг соёл хийгээд яам, тамгын газрын дарга нарын гэр бүл, ах дүүс, найз нөхдийн хүрээлэл байх. Өнгөрсөн удаад ч дурдагдсан олон хүний нэр энэ удаад мөн л хэвээрээ явна лээ.

Харин энэ удаад зарласан нэрсийн дунд УИХ-ын гишүүдийнх байсан нь томоохон сенсаациудын нэг болж байх шиг байна. Тодруулбал, Агваанлувсангийн Ундраа, Батсүхийн Саранчимэг нарын эрхэм гишүүд маань татвар төлөгчдийн мөнгөөр гадаад улс оронд хэл сурч, мэдлэг хуримтлуулсан хэрнээ төлбөрөө барагдуулаагүй байна.



Хачирхалтай нь, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг http://www.parliament.mn/ дээрх албан ёсны намтар дээрээ төгссөн сургууль, мэргэжил дээрээ АНУ-ын Гавайн Пасифик их сургуулийн мэдээллийн систем гэсэн ангид суралцсанаа бичээгүй байна билээ. Харин түүнийг суралцсан гэх баталгааг “VIP76”-д буй намтраас нь харж болохоор байв. Магадгүй зээлтэй гэж гарч ирэхээс ичсэн ч байж болох. Гэхдээ түүний төрсөн дүү Б.Наранхүү Монголдоо толгой цохьсон баячуудын тоонд зүй ёсоор бүртгэгддэгийг энд сануулах юун.



УИХ-ын гишүүн А.Ундраагийн хувьд сургалтын төрийн сангийн санхүүжилтээр АНУ-ын Хойд Каролинагийн улсын их сургуульд сурчээ. Тэрээр энэ тухайгаа намтартаа физикийн ухааны докторын зэрэг хамгаалсан хэмээн бичсэн байна билээ. Мэдээж мэдлэг боловсролтой хүн Монголд хэрэгтэй, та бүхнийхээ сурах эрхийг хүндэлнэ. Харин би л сурсан бол болоо гэсэн аминч зангаа орхиод маргааш сурах хүндээ боломж олгохын тулд төрийн мөнгийг төлөх ёстой.

Ингээд Төрийн сангийн зээлээр сурсан ч сураг тасрагсдын нэрсийг цааш нь хөөж харвал 2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагнуулсан И.Нямгаваа найруулагчийн хоёр охин 1998 онд Колумбын кино коллежийн урлаг судлал, найруулагч гэсэн ангид суралцсан байх юм. Нэг жилд нэг айлын хоёр хүүхэд сургалтын төрийн сангийн зээлээр сурч байсан цөөнгүй тохиолдлуудын нэг нь энэ. Энэ талаар О.Болормаа сэтгүүлчийн 1999 онд бичсэн “Сураггүй бологсдыг эх орноосоо рвгчид гэж нэрлэе” гэх нийтлэлд “Нэг хичээлийн жилд нэг өрхөөс суралцахаар явсан Нямгаваагийн Сарнай, Лянхуа нарын сургалтын нэг жилийн төлбөрт 56.4 ам. доллар, Ононгийн Алтан, Мичид нарт 64 мянган ам.доллар, Чинчулууны Раднаабазар, Алтан нарт 80 мянган ам.доллар олгосон байна. Зөвхөн нэг хичээлийн жилд л гэхэд 22 өрхийн нийт 46 оюутны сургалтын төлбөрт өрх тус бүрт 50-80 мянган ам.доллар олгожээ” гэснийг дурдаж болно. Энэ мэтээр нэрс болгоныг хөөж үзвэл сонин, содон мэдээлэл гарч ирэх нь. Мөн дарга, даамлын хүүхдүүд татвар төлөчдийн мөнгөөр туйлж ирчихээд, хариуцлагаас хэрхэн мултардгийн жишээ ч энд байна. Ямартай ч нэр дурдагдсан эрхмүүдийг ирэх сарын 8-ны дотор Боловсролын зээлийн сангийнхантай холбоо барихгүй бол төр төмөр нүүрээ харуулахад ч бэлэн байгаа бололтой.

0 Сэтгэгдэл
Авсан зээлээ төлөхгүй бол чихийг огтлоод авчих
Хамгийн их уншсан